Open iToim app
Боловсрол | 7 мин уншина

Х.Гүнболд: Дэлхийн топ их сургуулийн 70-80 хувийн тэтгэлэг авна гэдэг чамлахааргүй том амжилт

Х.Гүнболд: Дэлхийн топ их сургуулийн 70-80 хувийн тэтгэлэг авна гэдэг чамлахааргүй том амжилт
Нийтэлсэн 1 минутын өмнө
АНУ-ын Seattle их сургуульд 70 хувь тэтгэлэгтэй сурсан Х.Гүнболдтой ярилцсанаа хүргэе. Тэрээр Essaygo сургалтын төвийн хамтран үүсгэн байгуулагч бөгөөд тэтгэлэгт хамрагдах зөвлөхөөр ажилладаг. Түүний хувьд Whitworth их сургуульд хоёр жил сураад шилжих өргөдөл явуулаад Seattle их сургуульд сурсан. 
-Та тэтгэлэгт хамрагдсан түүхийнхээ талаар бидэнтэй хуваалцахгүй юу?
-Америкийн их сургуульд суралцахын тулд дөрвөн жил өргөдлөө явуулж байсан. Анх арваннэгдүгээр ангидаа эрт төгсөөд их сургуульд оръё гээд өргөдлөө явуулсан. Учир нь ЕБС-д байхдаа хичээлдээ сайн, улсын олимпиадаас медальтай, шалгалтуудаа сайн өгсөн. Тиймээс сургуулийнхаа захиралтай эрт төгсөх талаар ярихад болно гэсэн. Тухайн үед өргөдлөө явуулаад ямар ч сургуульд тэнцэж чадаагүй. Мэдэхгүй зүйл олон гарч байсан. Дараа нь арванхоёрдугаар ангидаа дахиж өргөдлөө явуулсан. Манай ах, эгч хоёулаа АНУ-д сурч байсан болохоор тухайн үед ах, эгчээсээ тусламж авч байсан. Гэтэл ах, эгчийн өргөдлөө явуулж байсан үе минийхээс өөр байсныг дараа нь л ойлгосон. Яагаад гэвэл ах, эгчийг АНУ-д суралцах гээд өргөдлөө явуулж байхад Засгийн газрын болон өөр олон тэтгэлэг байсан. Харин намайг өргөдлөө явуулж байхад тухайн тэтгэлгүүд зогссон байсан. Тийм учраас өөрийн сонгосон сургуулиасаа л тэтгэлэг авах зам үлдсэн. Олон орноос хүүхдүүд хандаж, өрсөлдөөн илүү ихтэй учраас шалгарна гэдэг маш хэцүү. Сүүлд явуулахдаа шилжих замаар өргөдлөө явуулсан болохоор өрсөлдөөн харьцангуй гайгүй байсан. Тэтгэлгээ ч боломжийн хэмжээнд авсан гэж бодож байгаа.
-Тэтгэлэгт хамрагдах гэж дөрвөн жилийн хугацаа зарцуулсан гэлээ. Тус хугацаанд ямар саад бэрхшээлтэй тулгарсан. Түүнийгээ хэрхэн даван гарсан бэ?
-Ер нь ЕБС-д сурч байхдаа өргөдлөө харьцангуй тайван явуулж байсан. Яагаад гэвэл эргэн тойронд байгаа манай гэр бүлийнхэн, багш нар маш их дэмжсэн. Би хичээлээсээ чөлөө аваад Sat, Toefl гээд шалгалтуудад бэлдэж байсан. Харин завсар жил аваад өргөдлөө явуулах болоход хүмүүс миний өмнөөс сандарч эхэлсэн. Яана аа сургуульгүй хоцрох вий дээ, одоо бүтэхгүй хүн  боллоо гээд хүн бүр хэлээд байхаар дотроо их айдастай болсон. Би тэнцэхгүй бол нээрээ ёстой амьдрал бараг сүйрчих гээд байна шүү гэж бодогддог юм билээ. Өргөдлийн процесст хамгийн чухал зүйл эссэ бичих байдаг. Гэтэл айдастай хүүхэд эссэгээ бичихдээ тухайн сургуульдаа хэт таалагдах гэж гэж бичдэг. Гэхдээ яг үнэндээ эцсийн эцэст сургуулиуд тиймэрхүү хүүхдүүдийг хайдаггүй. Харин өөрсдийн гэсэн үзэл бодолтой, хүссэн юмныхаа араас тэмцээд явж байгаа хүүхдүүдэд тэтгэлэг олгохыг хүсдэг. Миний хувьд өөртэйгөө тулалдах зүйл олон байсан. Мөн манай гэрийнхэн тийм баян биш. Ер нь өргөдлөө явуулах, шалгалт өгөх үнэтэй байдаг. Тухайн үед  мөнгө олох, ажил хийх, өргөдлөө явуулах гээд л олон зүйл бодож байсан болохоор бас хэцүү үе байсан байсан.
-Нийт хэдэн төгрөгийн тэтгэлэг авсан бэ?
-Байр, хоол зэрэг хэрэглээний зардлаа хасаад 50 мянган доллар байсан. Түүнээс 70 хувийн тэтгэлэг авсан болохоор жилд 10 гаруй мянган доллар төлсөн. Төлбөрөө сар сард хуваах боломжууд байсан болохоор асуудалгүй төлж байсан.
-Мэдээж 30 хувийн төлбөр ч гэсэн нэлээд өндөр төлбөр төлсөн байх. Хэрхэн төлбөрөө төлсөн бэ?
-Яг үнэндээ манай ах, эгч хоёрын тусламж байгаагүй бол үнэхээр хэцүү л дээ. Манай ах, эгч Америкт ажиллаж байсан болохоор бас арай гайгүй байсан. Гэхдээ ихэнх хүүхдүүд яг үнэндээ том ийм сургуулиудад орж чаддаг. Гэхдээ 70, 80 хувийн тэтгэлэг аваад явдаггүй. Түүнийгээ хэлэхээс бараг ичдэг болдог ч юм уу. Гэвч үнэндээ том их сургуульд ийм хэмжээний тэтгэлэг авч чадна гэдэг  маш том амжилт. Бид 100 хувийн тэтгэлэг авлаа гэсэн мэдээллүүд хардаг. Тийм хүүхдүүд амьдрал дээр цөөхөн байдаг. Би 70 хувийн тэтгэлэг аваад гацалтад орсон. Учир нь сургуульдаа сурмаар байдаг. Гэхдээ гэрийнхэндээ их том ачаа болчих гээд байдаг. Тийм болохоор хичээлийнхээ хажуугаар их сургуулийнхаа сошиал медиагийн багт нь ажиллаж байсан. Ер нь хэрэглээнийхээ зардлыг хангах, сургалтын төлбөрөөсөө бага ч болов төлөх гээд их хичээсэн. Тухайн үедээ хэцүү  байсан. Гэнэт хичээлдээ муу болсон. Яагаад гэвэл шантарч эхэлсэн. Их ажиллаж, хичээлээ хийгээд л байдаг. Гэтэл дүн муу гарахаар буцаах арга байхгүй. Тухайн хичээлээ дахиж үзэх ёстой болно. Тэгэхээр  дахиад л төлбөрөө төлнө. Ер нь  тиймэрхүү үеүд хэцүү байсан. Сэтгэл зүйчид хандаад хичээлээсээ  3-4 сарын чөлөө авсан. Ямартай давж гарч чадсандаа баяртай байна. 
-Эссэ бол өргөдлийн хамгийн чухал хэсэг гэж хэлсэн шүү дээ. Таны хувьд эссэдээ хэрхэн анхаарсан бэ?
-Миний хувьд эхний хоёр жил өргөдлөө явуулж байхад дан шалгалт байсан. Яагаад гэвэл тэр үед  ихэнх хүн шалгалтаа л сайн өгчих тэгвэл тэгээд л болно гэдэг байсан. Тиймээс би ЕБС-даа шалгалтдаа бэлдэж олимпиадад анхаарч өнгөрөөсөн. Гэтэл өргөдлөө явуулах болтол эссэ бичих шаардлагатай болсон. Ер нь эссэн дээр их ерөнхий зүйл асуудаг. Жишээ нь чиний  сонирхол  юу вэ гэдэг ч юм уу. Амархан асуулттай. Гэхдээ тэр нь зэвүүн. Яагаад гэвэл түүндээ яаж хариулах, өөрийгөө хэрхэн харуулж байна гэдгийг нь харах гээд байгаа юм. Гэтэл би өөрийнхөө талаар юу ч мэдэхгүй байсан. Жишээлбэл, би нэгдүгээр ангиасаа хойш олимпиадад оролцдог хүүхэд байлаа. Гэвч эцэст нь энэ олимпиадад яагаад оролцох болсон талаараа эссэндээ бичих гэсэн мэддэггүй. Зүгээр л олимпиадад оролцоод медаль аваад явж байхдаа аз жаргалтай байсан. Яагаад матетиматикаар явах вэ гэхэд хариулт байхгүй. Тэгэхээр ер нь хүүхдүүд өргөдлөө бэлдэхдээ ирээдүйд юу хиймээр байгаа вэ гэдгээ бодох хэрэгтэй. Түүнийхээ төлөө юу хийж үзсэн, яагаад тэрийгээ бүтээмээр байгаа юм гэдэг асуултад хариулах нь чухал. Миний хувьд яагаад гэдэг хариултаа олохын тулд их хугацаа зарцуулсан. Үүний тулд завсар жил аваад маркетингийн газруудад ажилласан, видео бичлэг хийж байсан. ЕБС-даа хиймээр байсан ганц зүйл нь тэр байсан. Мөн кино үзэх дуртай болохоор влог хийж эхэлсэн. Түүнийхээ талаар дараа нь эссэ бичсэн. Компьютерын шинжлэх ухаан гэдэг мэргэжлээр өргөдлөө явуулж байгаа мөртлөө киноны талаар бичсэн юм. Яагаад гэвэл миний хувьд өөрийнхөө дуу хоолойг гаргах, үүнийг сурах нь бол хамгийн том айдсаа даван туулсан мөч байсан. Би тоглоом хийх эсвэл Ви Ар, Эй Артай холбоотой зүйл хиймээр байна гэсэн өргөдөл бэлдсэн. Тэгэхээр миний өмнө хийсэн сургуулийн гадуурх үйл ажиллагаа, сонирхол, яагаад гэдэг зүйлүүд нэгдээд намайг бүрэн харуулж чадсан. Өргөдлийг хүн уншиж байгаа учраас сэтгэл зүрхэнд нь л орж чадах нь чухал. Түүний дагуу би дөрөв дэх  жилдээ өргөдлөө явуулж, сургуульдаа тэнцсэн гэж боддог. 
-Завсар жил авах тал дээр хүүхдүүд маш их эргэлздэг. Таны хувьд яагаад завсар жил авсан, тэр хугацаанд юу хийж чадсан бэ?
-Завсар жил авахыг манай гэр бүл маш их эсэргүүцэж байсан. Манай ах, эгч хоёр хоёулаа  завсар жил авч үзэж байгаагүй. Аав, ээж бол юу яриад байгаа юм. Шууд сургуульд сурах ёстой гэсэн. Манай ээж доктор хүн.  Иймд боловсролыг хамгийн дээд түвшинд тавьдаг. Боловсролын төлөө юугаа ч зориулахад бэлэн. Ер нь боловсролоос жаахан холдож байна гэхээр айсан байх. Би ч бас айж байсан. Гэхдээ надад маш их хэрэгтэй байлаа. Яагаад гэвэл улсын медальтай, шалгалтаа дажгүй өгчихсөн байхад юу болохгүй байгаа юм гээд их бодсон. Тиймээс эссэн дээрээ ажиллахын тулд завсар жил авсан.  Гэхдээ завсар жил аваад эссэн дээрээ ажилласан ч сургуульд орж чадаагүй. Харин би олон найзтай болсон. Өөрийн хүсэж байсан зүйлийнхээ араас ядаж нэг удаа ч болов явж үзсэн. Яг үнэндээ өөрийнхөө хүсэж байсан зүйлээ авч чадаагүй. Гэхдээ амьдралд хэрэгтэй зүйлүүдээ авч чадсан юм шиг санагддаг. ЕБС-д байхдаа би ангийнхаа буланд суучхаад хичээлээ хийгээд л явдаг хүүхэд байсан. Завсар жил аваад илүү нээлттэй болсон. Миний бодлоор бол завсар жил  вах шалтгаан бол сургуульд орохын төлөө биш хийж үзмээр байгаа зүйл олох, өөрсдийгөө ойлгох тал дээрээ ажиллавал хамгийн сайн тусалж чадна шүү. 
-Тэтгэлэгт хамрагдахаар төлөвлөж байгаа хүмүүст өгөх таны топ 3 зөвлөгөө юу вэ?
-Америкт сурсан болохоор тэр тал дээр илүү зөвлөе. Америкийн хувьд хүссэн зүйлийнхээ хойноос явж үзсэн байхыг шаарддаг. Тухайн зүйл нь өөрт нь утга учиртай байх ёстой.
Нэгд, ганцхан зүйлд найдалгүй олон хувилбартай байх хэрэгтэй. Яагаад гэвэл ихэнх топ сургуулиуд үнэндээ Монголоос жилдээ бараг хоёр жилдээ ганц хүүхэд авдаг. Тэгэхээр тэтгэлэгт хамрагдах нь ховор. Иймээс боломжуудаа харж байгаад топ, өөрт тохирсон 70-80 хувийн тэтгэлэг өгөх сургуулиуд руу, дараа дараагийн хэд хэдэн төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Тэр нь Монголд сурах эсвэл өөр орны тэтгэлэгт хамрагдах ч юм уу. Хамгийн гол нь судалгаа, өөр дээрээ ажиллахаа л бодох нь зүйтэй.
Хоёрт,  эцэг эхтэйгээ ярилцаж ойлголцох нь маш чухал. Хэрвээ 70-80 хувийн тэтгэлэгтэй сургуульд орвол төлбөрийг эцэг, эх чинь л төлнө. Тэгэхээр эцэг эхтэйгээ ойлголц, ойлголцож чадахгүй бол өөрсдийгөө тайлбарлаж чадахгүй хэцүү шүү дээ. Тэгэхээр болж байгаа зүйлүүдээ, хийх гэж байгаа төлөвлөгөөнүүдээ эцэг эхтэйгээ сайн ярилцаад бэлдээрэй. Мөн өөрийнхөө мөрөөдлийн сургуульд сурч байгаа хүмүүстэй ярилцаж зөвлөгөө авах хэрэгтэй. Тухайн хүмүүс зүгээр л холбогдоход туслахад бэлэн байдаг.
Гуравт, сургууль бол амьдралын чинь хамгийн чухал том даалгавар байх албагүй. Яагаад гэвэл сургуулийн дараа амьдрал өрнөдөг. Амьдралд хийж болох зүйл их байхад ганц сургуульд орох уу гэдгээс айгаад л хамаг амьдралаа зориулах нь тэнэг. Тэгэхээр өөрсдийгөө илүү үнэлээд, итгээд хэдхэн сургууль дээр бүх мөрийгөө битгий тавиарай. Ямар ч газар сурсан үнэндээ сурлагын хувьд бол бас тийм ч ялгаатай байдаггүй. Суръя гэвэл хаанаас  бол хаанаас сурч болно.  Топ сургуульд орж чадахгүй бол битгий сэтгэлээр унаарай. 
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн