Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит бус хурал болж, ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарыг сонгосон. Монголын хөлбөмбөгийн холбооны лигийн тамирчид, тэр дундаа эмэгтэй лигийн найман багийн гишүүд бүгд Ц.Анандбазарыг огцрохыг шаардаж, лигийн тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Тэгвэл өнөөдөр Мэргэжлийн хөлбөмбөгийн дээд лигийн “Очир зөвлөл холбоо”-ноос тогтоол гаргасан байна. Тодруулбал:
МХБХ-ны дүрмийг шинэчлэхэд Тоглогчдын Холбоо, эмэгтэйчүүд, футзалын тамирчид, "Очир" зөвлөлийн гишүүдээс оролцуулсан Ажлын хэсгийг байгуулан ажиллуулах шаардлагатай гэж үзсүгэй.
МХБХ-ны Их Хурлын 35 гишүүн байгууллага, клубийн зүгээс тавьсан албан ёсны бичгийн дагуу Ээлжит бус их хурлыг дахин зарлан хуралдуулж, шинэчлэн боловсруулсан дүрмийг батлахыг дэмжсүгэй.
Энэ хүсэлт шаардлагын хариуг ажлын 3 хоног буюу 2025 оны тавдугаар сарын 7-ны өдрийн 17:00 цагаас өмнө албан бичгээр өгөхийг шаардсугай.
Тогтсон хугацаанд хариу өгөхгүй бол Дээд лиг болон Нэгдүгээр лигийн тоглолтыг тодорхойгүй хугацаагаар үргэлжлүүлэн зогсоох, цаашилбал цуцлах арга хэмжээ авахаа мэдэгдсүгэй.
МХБХ-нд үүсээд байгаа асуудлаар тамирчид болон хөлбөмбөгийн зүтгэлтнүүдийг хууль, цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардсугай" гэжээ.