“Мон-Атом” ХХК-ийн захирал Д.Далайжаргалаас ОХУ-ын “Росатом” компани манай улсын Дорнод аймаг дахь Мардайн ураны бүлэг ордод уран хайх, олборлох санал тавьсан, эсэх талаар тодрууллаа.-ОХУ-ын “Росатом” компани манай улсын Дорнод аймаг дахь Мардайн ордод уран хайх, олборлох санал тавьсан гэсэн мэдээлэл гараад байна. Энэ үнэн үү?-Тийм ээ, ОХУ-ын “Росатом” компани сүүлийн хоёр жил Монгол Улсад уран олборлоё, ураны салбарт хамтран ажиллая гэдэг байр сууриа илэрхийлээд байгаа. Ялангуяа, Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаанаар энэ саналаа тавьдаг. Мөн өнгөрсөн жил есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.И.Путин манай улсад айлчлал хийх үеэр энэ саналыг тавьж байсан. “Росатом” дэлхийн ураны том тоглогч, том компани.-Тэр дундаа Дорнодын Мардайн ордыг ашиглая гэж байгаа юм уу?-Хуучин Зөвлөлт холбоот улс гэж байхад 1985-1995 оны хооронд Мардайн ураны ордыг ашиглаж байгаад 500 тонн уран олборлосон. Энэ бол дөрвөн бүлэг орд. Мардай, Нэмэр, Гурванбулаг, Дорнод гэсэн дөрвөн бүлэг орд байгаа. Нийт 48 мянган тонны нөөцтэй том орд юм. ОХУ үүнийгээ үргэлжлүүлэн ашиглая гэсэн байр суурь илэрхийлсэн. 2009 оноос хойш Дорнодын ураны ордуудыг ашиглая гэсэн нийт дөрвөн удаагийн Засгийн газар хоорондын хэлэлцээр, санамж бичиг байгуулсан байдаг.