-АН-ын бүлэг Ерөнхий сайд уучлалт гуйсан учраас завсарлагаа дуусгав-
УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт авсан завсарлагаа дуусгаж байгаагаа мэдэгдлээ. Учир нь, өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа тэргүүтэй гишүүдтэй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзаж, албан ёсоор уучлалт гуйсан байна. Тиймээс АН-ын бүлэг завсарлагаа дуусгаж, чуулганы хуралдаанд энэ долоо хоногоос оролцоно гэж мэдэгдэв. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Ж.Баярмаа гишүүний асуултад хариулахдаа зүй бус үг, үйлдэл гаргасан гэж үзээд уучлалт гуйтал чуулганд оролцохгүй гэж байсан билээ.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Ерөнхий сайдтай уулзсан уулзалтаар өмнөх түүхүүдийг ярьсан. Бид хоёр бол бие биенээ танихгүй улсууд. "Яагаад намайг хаа хамаагүй хүмүүстэй холбож, тэдний үгийг дамжуулж байна гэж үздэг юм бэ, чуулган өнгөрсөн зун эхэлсэн цагаас над руу хандсан хэн нэгний гар хөл мэт байр суурь илэрхийлсэн, надад таны ярьсан шиг зүйлс байхгүй" гээд явж ирсэн улс төрийн замналаа танилцуулсан. "Танд хүмүүс буруу мэдээлэл өгөөд байдаг байж магадгүй. Би хэнийг ч үгийг дамжуулдаггүй, гар хөл болдоггүй" гэдгээ тайлбарласан. Ерөнхий сайд ойлгосон байх гэж найдаж байна. "За намайг уучлаарай" гэж хэлсэн.
УИХ-ын даргын "үг дааж сур" гэдгийг сонсолгүй л яах вэ. Улстөрд сайндаж, муудах нь байх л асуудал. Харин гүтгэлэг бол хэмжээ хязгаартай. Би өмнө төсөв эсэргүүцсэнийхээ үр дагаварт янз бүрийн өвчтэй болоод гүтгүүлсэн. Тэр үед нэг ч асуудлаар цагдаа шүүхэд хандаагүй.
Энэ удаа Ерөнхий сайдаас асуулт асуусны маргаашаас нь, өнөөдөр 10 дахь хоногоо үргэлжилж буй гүтгэлэг миний үр хүүхэд рүү орсон. Миний хүүхдийн зураг, нэрийг нь тавиад гүтгэсэн учраас энэ асуудал дээр зүгээр байхгүй. Миний нэр төр, гэр бүлтэй холбоотой асуудал. Охинтой холбоотой асуудлыг ТЕГ-т шалгуулахаар хандана. Бусад гүтгэлгийн талаар ЦЕГ-т хандана. Би даах зүйлээ даана, даахгүй зүйлээ даахгүй. Учир нь энэ бүхэн нь чинь эргээд хүмүүсийг айдаст оруулж байна. "Ингээд хүүхэд рүү чинь орохоор дуугарахыг чинь харъя" гэж байгаа мэт.
Би энэ асуудал дээр дуугүй өнгөрөөд гүтгүүлээд явбал магадгүй дараа дараагийн чуулган дээр үг, үзэл бодлоо илэрхийлэхэд болгоомжлох асуудал үүсэж, даамжрах вий гэж айж байна. УИХ-ын талбарт бид үгээ хэлэхгүй бол хэн үгээ хэлэх вэ. Хэн эдийн засгийг үнэнчээр шүүмжлэх юм бэ. Гудамжинд байгаа хүмүүс мянга шүүмжлээд үг нь хүрэхгүй байна. Шүүмжилж, эрүүл мэтгэлцээн явж байж улс орон урагшлах замдаа орно гэдэгт би итгэдэг. Тиймээс ч буруу зүйлд үргэлж нүд хурц байна. Үүнийгээ Ерөнхий сайдтай уулзахдаа ч хэлсэн. Уучлалт гуйлгаад дуугүй байна гэсэн үг биш. Шүүмжлэх зүйлээ хэнээс ч айхгүй, хамаарахгүй хэлнэ.