Open iToim app
Боловсрол | 2 мин уншина

Алтан гахай жилийн 42,000 хүүхэд арванхоёрдугаар анги төгсөнө

Алтан гахай жилийн 42,000 хүүхэд арванхоёрдугаар анги төгсөнө
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 5
Зургаан зуун жилд ганцхан тохиодог алтан гахай жил 2007 онд тохиосон. Тухайн жил дэлхийн түүхэнд хамгийн олон буюу 4 сая 315 мянган хүүхэд төрж байжээ. Өнөөдөр алтан гахай жил төрсөн хүүхдүүд 18 нас хүрцгээж байгаа юм. Манай улсад ч алтан гахай жилд урьд өмнөхөөсөө илүү хүүхэд төрсөн. Үүнийг энэ хавар арванхоёрдугаар ангиа төгсөж буй төгсөгчдийн тооноос харж болохоор байна. Энэ жил арванхоёрдугаар ангийг 42,000 гаруй хүүхэд төгсөх бөгөөд энэ нь өмнөх жилийнхээс даруй 6000 орчмоор их байгаа юм.
12-р ангиа төгсөгчдийн мэдээллийг харвал,
  • 2021-2022 онд 31,908
  • 2022-2023 онд 33,135
  • 2023-2024 онд 36,620
  • 2024-2025 онд 42,000 төгсөгч байна.
Энэ жилийн буюу 2024 оны 12-р ангийн төгсөгчдийн тоо өмнөх жилүүдээс эрс нэмэгдсэн нь нийгэм, боловсролын салбарт томоохон нөлөө үзүүлж байгаа аж. Суралцагчдын дийлэнх нь нийслэлд ирж их, дээд сургуульд элсэн суралцах хандлагатай бөгөөд төгсөөд мөн нийслэлд үлдэх нь нийтлэг үзэгдэл болж байна. Үүний улмаас хүн амын төвлөрөл хот руу эрчимтэй шилжиж, орон нутгийн хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж, боловсролын салбарын төлөвлөлт, хот төлөвлөлт, орон нутгийн дэд бүтцийн бодлогыг уялдуулан, төвлөрлийг сааруулах, орон нутагт чанартай боловсрол, ажиллах боломжийг бүрдүүлэх шаардлагатайг онцоллоо.
Мөн 2024 онд их, дээд сургуулийн төгсөгчдийн тоо огцом өсч, 117,344 оюутан бакалаврын боловсрол эзэмшсэн нь өмнөх жилийн 20,906 төгсөгчтэй харьцуулахад 5.6 дахин их үзүүлэлт юм. Түүнчлэн, өнгөрсөн жил нийслэлийн 59 их, дээд сургуульд 73,399 оюутан суралцаж байгаагийн 23,252 нь шинэ элсэгчид байжээ.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн