АНУ-ын Ногоон барилгын зөвлөлөөс Неосити орон сууцны төсөлд LEED (Leadership in Energy and Environmental Design) гэрчилгээг саяхан олгосон байна. Энэ нь Монгол Улсаас анх удаа орон сууцанд LEED сертификатыг авч буй тохиолдол аж. Энэ талаар Неосити хотхон төслийн LEED хариуцсан захирал Э.Цолмонтой ярилцлаа.
-Неосити төсөл АНУ-ын Ногоон барилгын зөвлөлөөс олгодог LEED сертификатыг яагаад авах болсон гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Дэлхийн хүн ам байнга өсөн нэмэгдэж байна. Гэхдээ нөгөө талд хүн амын өсөлтийг хангах нөөц нь хязгаарлагдмал учраас НҮБ-аас Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг баталсан байдаг. Энэхүү зорилтыг улс орон бүр хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээж буй. Энэ хүрээнд дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүч, ногоон төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангууд хөрөнгө босгож, төслүүд ч санхүүжүүлж байна.
LEED нь эрчим хүч, ус, материалын хэмнэлтээс гадна орчны хүчин зүйлс болох байршил, дотоод орчны чанар, инноваци зэргийг хамарсан иж бүрэн үнэлгээний систем. Харин EDGE нь ус, эрчим хүч, материал гэсэн 3 үндсэн үзүүлэлтэд төвлөрдөг, хэрэгжүүлэхэд хялбар, хөгжиж буй орнуудад зориулсан стандарт юм. Дэлхийд ногоон барилгын чиглэлээр хамгийн хурдтай хөгжсөн, жишиг стандартууд нэвтрүүлсэн улс бол Америк.
Энэ ч утгаараа АНУ-ын Ногоон барилгын зөвлөлөөс олгодог LEED сертификат маш чухал ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр LEED сертификатыг авсан 42 мянган гаруй төсөл байдаг. Хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа барилга, орон сууц, үйл ажиллагааны төсөлдөө сэргээгдэх эрчим хүч ашиглаж, бага энерги зарцуулсан шийдлүүдийг нэвтрүүлдэг гэсэн үг. Тиймээс л бид Неосити орон сууцны төсөлдөө LEED сертификат авахыг зорьсон. 2025 он гарснаас хойш үе шаттай ажилласан бөгөөд саяхан манай төсөл Монгол Улсад анх удаа орон сууцан дээр LEED Gold Pre-certification-ыг авч чадлаа. Өмнө нь Монгол Улс оффисын зориулалттай хоёр барилга дээр LEED сертификат авсан. Гурав дахийг нь Неосити орон сууцны төсөл авч байна. LEED төсөл Монголд харьцангуй бага судлагдсан учраас Турк улсын “Экомекс” компаниас техникийн туслалцаа авч, хамтарч ажилласан. Тус компанийн төлөөллүүд өнгөрсөн хоёрдугаар сард Монголд ирж, төслийн үе шат бүрдээ бид зөвлөгөө авч ажилласан байгаа.
Неосити төслийн хувьд Улаанбаатар хотод тулгамдаад байгаа асуудлыг давхар шийдэхийг зорьж ажиллаж байна. Жишээлбэл, ногоон байгууламж хүртээмжтэй байдал, мөн сургууль гэр хоорондох зай ойрхон байх ёстой зэрэг шаардлагыг харгалзан төлөвлөлтөө хийж, түүнийгээ олон улсын стандартад буулгасан.
-LEED сертификатын ач холбогдлыг тодруулж өгнө үү. Миний ойлгосноор та бүхэн одоо хэрэгжүүлж байгаа Неосити төсөлдөө ногоон барилгын стандартыг нэвтрүүлж ажиллана гэсэн үү?
-Шууд утгаараа бол тэгж ойлгож болно. Туркийн зөвлөх үйлчилгээ авсан баг маань барилга барих эхний нөхцөл бүрдэхээс эхлээд бүх үе шатанд техникийн туслалцаа үзүүлж, төлөвлөлт хийхэд тусалсан. Төслийн архитектор нь, барилга барих компани нь хэн юм гээд төслийн бүх оролцогч талуудтай уулзаж, төслийн зорилго, зорилт нь LEED-ын стандартад нийцэж байгаа эсэх, мөн ач холбогдлыг нь ойлгож байгаа эсэхийг үнэлсэн. Ер нь LEED сертификат авахын тулд нийт 112 оноо цуглуулдаг. Төслөө эхлүүлээд дуусгах хүртлээ алийг нь хангаж, алийг хангаж чадахгүй байна вэ гэдэг үнэлгээний уулзалтаа хийж, цаашлаад бид онооны шалгуураа хангахын тулд юу, юу хийх ёстой вэ гээд төлөвлөлтөө гаргаж, батлуулж 65 оноо авч, LEED Gold зэрэглэлийг амжилттай хүртсэн.
Неосити төслийн хувьд Улаанбаатар хотод тулгамдаад байгаа асуудлыг давхар шийдэхийг зорьж ажиллаж байна. Жишээлбэл, агаарын бохирдол багатай, ногоон байгууламж хүртээмжтэй байх, мөн сургууль гэр хоорондох зай ойрхон байх ёстой зэрэг шаардлагыг харгалзан орон сууцны төлөвлөлтийг хийж, түүнийгээ олон улсын стандартад буулгасан.
-Ногоон барилгын яг ямар шийдлүүдийг нэвтрүүлж байгаагаа дэлгэрүүлж яривал...?
-Төслийн хүрээнд ногоон барилгын шийдлүүд нэвтрүүлж байгаа онцлох ажлууд бий. Нэгд, пассив хауст түлхүү ашиглаж байгаа ERV системийг Неосити орон сууцны хорооллын бүх айлд суурилуулахаар төлөвлөсөн. Энэхүү систем нь байнгын агаарын солилцоог зөв зохистой тохируулна гэсэн үг. Цонхоо байнга онгойлгож агаарын солилцоо хийхгүйгээр гэрийн доторх, гаднах агаарыг зохистой хэмжээгээр автоматаар тохируулахаас гадна агаарын бохирдлыг давхар шүүдэг технологитой.
Хоёрт, хотхоныхоо голд усны нөөц бүрдүүлэх хиймэл нуур байгуулахаар төлөвлөсөн. Хажууд нь борооны ус хуримтлуулах ионкс байршуулж, тэндээсээ нуураа тэтгэж цэвэршүүлээд тохижилт, ногоон байгууламжийн усалгаанд ашиглана.
Гуравт, орон сууцны барилгын дээвэр бүр дээр нарны панель батарей, конвертер байрлуулж, төвийн системтэй холбохоор төлөвлөж байна. Нарнаас сэргээгдэх эрчим хүч гаргаж, лифт болон нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлгээ хангахаар төлөвлөсөн. Ямар нэгэн байдлаар цахилгаан тасалдлаа гэхэд лифтний үйл ажиллагаа зогсохгүй, байнгын ажиллагаатай байна. Ингэснээр Неосити хотхоны дундын эзэмшлийн талбайн цахилгааны төлбөр багасах боломжтой.
Мөн орон сууцны хороололдоо ухаалаг нэвтрэх систем, цахилгаан, дулаан, усны хэмнэлтийг бүх түвшинд нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, гэрээсээ гарахдаа нэг товч дарахад хөргөгчөөс бусад бүх цахилгаан хэрэгслүүд унтрах, хэмнэх горимд шилжих тохируулгатай байх шийдлийг нэвтрүүлж байгаа.
Манай төсөл бүх айлд дулааны тоолуур тавихаар төлөвлөсөн. Одоогоор ихэнх айл орон сууцны метр квадратаасаа хамааран дулааны төлбөрөө төлдөг. Хэрэглээгээрээ төлдөг нь тун ховор. Тухайн байр нь дулаан алдагдал багатай, дээрээс нь цонхоо онгойлгодоггүй, паараа тохируулдаг болчихвол дулааны төлбөрөө хэмнэх боломжтой болно. Яг хэрэглээгээрээ дулааны төлбөрөө төлнө гэсэн үг. Усаа хэмнэхийн тулд почкины 30-40 хувийг дүүргэлттэй байдлаар ашиглах, крантны үзүүр дээр өндөр даралттай хошуу суурилуулахаар төлөвлөж байна. Неосити төсөл бүх дэд бүтцээ ийм системтэй байхаар төлөвлөж, барилгын ажлаа гүйцэтгэж байна.
-Неосити орон сууцны төсөл АНУ-ын Ногоон барилгын LEED сертификаттай гэдэг нь банкнаас зээл авахад давуу тал болох уу. Жишээлбэл, тухайн орон сууцыг зээлээр авахаар сонирхож байгаа иргэдэд банкнууд хурдан зээл өгөх үү. Учир нь, банкнууд байгальд ээлттэй, ногоон зээлд хамгийн түрүүнд зээл олгоно гэж ярьдаг шүү дээ?
-Мэдээж төслийн эхний шат ашиглалтад орсны дараа илүү тодорхой болох болов уу. Ногоон барилгын чиглэлээр олон төрлийн хөрөнгө оруулалтын сангууд ажилладаг. Манай төсөл ногоон барилгынхаа стандартыг хангаад бүрэн баригдаж дуусвал энэ төрөлд багтах санхүүжилтийн системийг нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэж харж байна. Энгийн зээлээс хөнгөлөлттэй нөхцөл рүү шилжих боломжтой.
-Тэгэхээр танай төсөл хэрэгжсэнээр Монголд ногоон барилгын стандартаар баригдсан жишиг орон сууцны төсөл болно гэсэн үг үү?
-Бид барилгын бүх төлөвлөлтдөө ногоон барилгын жишиг болохуйц, үлгэр дуурайлал авахуйц стандартыг нэвтрүүлэхийг зорьж байгаа. Төлөвлөсөн, баталсан ном журмынхаа дагуу явна. Төсөл дуусахад хүрэх цэгээ харсан гэсэн үг. Дэлхийн шилдэг стандартуудыг нутагшуулж, Монголд анх удаа орон сууцны төсөлд LEED GOLD зэрэглэлийг хангах зорилготой ажиллаж байна.