“Засаглал ба зах зээл-Аналаз шоу” нэвтрүүлгийн энэ долоо хоногийн дугаарт Евразийн эдийн засгийн холбооны худалдааны түр хэлэлцээрт Монгол Улс нэгдэх асуудлыг хөндсөн. Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс зарим бараа бүтээгдэхүүнийг татваргүй болон татварын хөнгөлөлттэй экспортлох, импортлох боломж нээгдэнэ гэж харж байгаа. Тэгвэл татварын хөнгөлөлт эдлэх бараанд янжуур тамхи багтсан бөгөөд энэ асуудлыг УИХ-ын гишүүн О.Номинчимэг хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Тэрээр Анализ шоу-нд оролцон уг асуудалтай холбоотойгоор Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийг санаачилж байгаагаа мэдэгдсэн юм. УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Тамхины ажлын хэсэг нь зөвхөн янжуур тамхины асуудлаар биш бүхэлдээ манай хууль хэр зэрэг хэрэгжиж байна гэх асуудлыг хэлэлцдэг юм. Хүүхэд залуучуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа зүйл нь тамхи мөн эсэхийг судалж байгаа. Энэ тал дээр олон сар ажиллаж байна. Миний гаргасан хамгийн том дүгнэлт бол манай улс санаатай юм уу, санаагүйгээр тамхины онцгой албан татварыг 2017 оноос хойш огт нэмээгүй байгаа юм. Энэ тал дээр олон улсын тамхины хяналтын суурь конвенцоор, манай улсыг тамхины татварын бодлогоо хэрэгжүүлэхгүй байгааг сануулсан. Бүх төрлийн тамхины бүтээгдэхүүний онцгой албан татварыг дахин тооцоолж нэмэгдүүлэх арга хэмжээг авах шаардлагатай. Энэ тал дээр Сангийн яамд үүрэг даалгавар өгсөн боловч ямар ч шийдэл байхгүй жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Монгол Улс янжуур тамхинаас гаалийн 30 хувийг авдаг. Манай улсын дата мэдээллүүд ДЭМБ-д байдаг бөгөөд хамгийн хямд янжуур тамхитай, хамгийн бага татвартай улс гэж нэрлэгдсэн. Манай улсын тамхины хэрэглээ бүхэлдээ импортоос хамааралтай. Дүнсэн тамхинд таван хувийн гаалийн татвартай, электрон тамхи дээр электрон бараа гэж орж ирдэг тул таван хувийн гаалийн татвартай байдаг. Онцгой албан татвар гэж байхгүй. Ер нь хүүхэд залуучуудын тамхидалттай тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол татвараа нэмэх юм. Учир нь татвараас шалтгаалсан үнийн өсөлтөд хүүхэд залуучууд гурав дахин мэдрэг ханддаг байна. ДЭМБ нь тамхины бүтээгдэхүүний нийт үнийн 75 хувьд нь татвар байх ёстой гэж үзсэн. Манай улсад 40 орчим хувьтай л байгаа юм. Бид нар тооцоолол хийж үзэхэд хоёр бүтээгдэхүүн дээр 75 хувьд нь татвар бодогдвол одоогийн зарагдаж буй 3500 төгрөгийн тамхины үнэ 10,000 төгрөг орчим болох юм. Олон улсад электрон тамхины доторх миллиграммд нь татвар ногдуулж, хэрэгсэлд нь мөн тусдаа татвар ногдуулдаг. Электрон тамхины үнэ харьцангуй үнэтэй байвал янжуур тамхины хэрэглээ эрс нэмэгдэх юм. Тиймээс хоёр төрлийн тамхины үнийн балансыг барихын тулд янжуур тамхинд 75 хувь, электрон тамхинд 40 хувийн тавар ноогдуулах талаар яригдаж байгаа” гэлээ.