Монголын цемент үйлдвэрлэгчид хамтран анх удаа “Cement Expo-2025” үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд тус салбарт хүчин зүтгэж буй бүтээн байгуулагчид, мэргэжилтнүүд цемент үйлдвэрлэлийн салбарын олон улсын чиг хандлага, шилдэг технологи, арга туршлагын талаар санал солилцсноороо онцлогтой юм. Цемент үйлдвэрлэгчид төрөөс тус салбарыг дэмжсэн зөв бодлого хэрэгтэй байгааг сануулав.Цемент ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Мөнхбат: Монгол Улсад цемент үйлдвэрлэдэг болсноос хойш 60 гаруй жил өнгөрсөн байна. Цементийн үйлдвэрлэл бол аж үйлдвэрлэлийн үндсэн суурь. Аливаа улс хөгжиж дэвшихэд барилгын материалынхаа үндсэн орц найрлагыг өөрөө үйлдвэрлэдэг байх шаардлагатай. Иймд 2010 оноос хойш маш тодорхой шийдвэрүүд гарч байсан. Тухайлбал, импортын цементийг хориглох үүднээс тарифын бодлогыг Монгол Улс явуулж байсан. Үүний үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчид үндэсний компаниудад маш том хэмжээний хөрөнгө оруулалт оруулж тус бүр сая тонны хүчин чадалтай 4-5 үйлдвэр, 500 орчим мянган тонны хүчин чадалтай 2-3 үйлдвэр ашиглалтад орсон. Гэтэл өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд энэ салбар руу чиглэсэн бодлогууд өөрчлөгдөж эхэлсэн. Тодруулбал, тарифын хамгааллын бодлогыг сулруулж цементийн бүтээгдэхүүнд тавих импортын тарифыг 5 хувь руу бууруулсан. Энэ нь БНХАУ-аас хямд цемент орж ирэх нөхцөлийг бүрдүүлснээр үндэсний үйлдвэрлэгчдийн үр ашгийг багасгах, хөрөнгө оруулалтын хугацааг хойшлуулах сөрөг нөлөө бий болгож байна. Цементийн үйлдвэрүүд 2500 шууд ажлын байрыг бий болгосон. Ханган нийлүүлэлтийн сүлжээгээр 20-30 мянган ажлын байрыг бий болгож улсад татвар төлж байгаа байгууллагууд бий. Гэтэл энэ байгууллагуудын үр ашигтай холбоотой ийм шийдвэр гарснаараа эргээд импортоос хамааралтай болох эрсдэл бий болж байна. Хоёрдугаарт, цементийн үйлдвэрүүд түүхий эдээ дагаад алслагдсан орон нутгуудад байршиж байгаа нь орон нутгийн хөгжилд оруулах томоохон хөрөнгө оруулалт.Ц.Гарамжав: Хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал хүнд үйлдвэрүүдэд нөлөөлж байна