Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Н.Эрдэнэхүү: Т.Мөнхсайхан сайдын хууль бус шийдвэрийг биелүүлээгүй учраас намайг халлаа

Н.Эрдэнэхүү: Т.Мөнхсайхан сайдын хууль бус шийдвэрийг  биелүүлээгүй учраас намайг халлаа
Нийтэлсэн 4 минутын өмнө
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүүг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж үүрэг гүйцэтгэгчээр М.Адилсайханг томилсон. Ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгааг өөрт нь мэдэгдээгүй бөгөөд ЭМЯ-ны холбогдох хүмүүс ХСҮТ-д ажиллаж халагдах тушаалыг танилцуулсан талаар Н.Эрдэнэхүү дарга өнөөдөр мэдээлэл хийлээ.
ХСҮТ-ийн Ерөнхий захирал асан Н.Эрдэнэхүү: ЭМЯ-ны ажлын хэсэг өнөөдөр 11:00 цагийн үед ХСҮТ-д ирж намайг ажлаас чөлөөлж байгааг танилцууллаа. Миний хувьд ажлын алдаа гаргасан, сахилгын шийтгэл оногдуулсан зүйл байхгүй тул ямар нэг үндэслэлгүйгээр чөлөөлөгдлөө гэж үзэж байна. Гэвч сайдын тушаалыг хүлээн авч байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын Хөдөлмөрийн хуулиар ямар нэг зөрчил гаргаагүй бол нэг сарын өмнө мэдэгдэх ёстой. Гэвч шууд чөлөөлөх сайдын тушаал гарч хууль зөрчиж байна. Бидний хувьд хуулийн дагуу шүүхдэх нь ойлгомжтой.
Хоёрдугаарт, ямар нэгэн заалт сахилгын шийтгэлгүй мөртлөө хүнийг үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэдэг тушаал гаргадаг болсон байна. Хөдөлмөрийн хуулийн дагуу биш сайд шууд хэн нэгэн хүнийг чөлөөлсүгэй гэдэг тушаал гаргадаг болжээ.
Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдын ажлаа авснаас хойш хавдрын тулгамдсан асуудлын чиглэлээр хамтран ажилласан. Хамтран ажиллах бүтэн жилийн хугацаанд маш их дарамт ирсэн. Тухайн дарамтыг байгууллага болон эрүүл мэндийн салбарын асуудал болголгүйгээр ажил үүргийн хүрээнд авч явсан. Байнга л хална, ажлаа өг гэдэг асуудал гарч байлаа.
ЭМЯ нэгдүгээр сараас хойш хавдрын чиглэлээр дөрвөн талт гэрээг байгуулж шинэ эмийг хандиваар оруулж ирсэн. Улмаар ЭМЯ-ны хүмүүс ХСҮТ дээр ирээд эмийн татварт 500 сая төгрөг өгөхийг шаардсан. Т.Мөнхсайхан сайд өрөөндөө дуудсан, өөрийнх нь хүссэн зүйлийг биелүүлээгүй учраас намайг чөлөөлж байгаа гэж ойлголоо. Сайдын хүссэн хууль бус шийдвэрийг хүлээн аваагүйн төлөө чөлөөллөө гэж ойлгож байна. Т.Мөнхсайхан хүссэн зүйлийг хуультай, хуульгүй хийдэг болох гэсэн сонирхолтой байгаа гэдэг ойлголттой болсон болохоор өнөөдөр ажлаа хүлээлгэж өгч байна. Эрүүл мэндийн салбар улс төрөөс хол байх ёстой гэж удаа дараа хэлж байгаа.
Т.Мөнхсайхан сайдыг оюутан байхаас нь хойш танина. Нэгэнт ажлаа өгч байгаа болохоор нэг зүйл хэлье, ажлаа сайн хийдэг хүмүүсийг цааш түлхэх биш ажлыг нь л хийлгээсэй гэж боддог. Төр хуультай, журамтай. Тухайн хуулийг сайд нь ч гэсэн мөрддөг байгаасай.
Надад хорогдох зүйл алга. Хийгээгүй олон зүйл байна, эрүүл мэндийн асуудал ч бий. Хавдар судлалын салбарт би боол шиг зүтгэсэн. Тийм учраас бардам гарч байгаа. Ажилчдадаа баярлалаа. Цонхгүй, хаалга нь онгорхой, агааржуулалтгүй өрөөнд хагалгаа хийдэг байсан. Тэр байдлыг өөрчилж чадсан. Ажилчдын цалинг 3-4 дахин нэмсэн.
Надаас өө, шалтаг олоод ажлаас халах санаа Т.Мөнхсайхан сайдад байсан. Илт мэдэгдэж байсан. Одоо Н.Эрдэнэхүү гэх хүн энэ албан тушаалаас явсан болохоор энэ эмнэлэг улам сайхан болно гэдэгт итгэж байна аа
 
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн