Энэ долоо хоног АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн эхний 100 дахь хоног тохиосон. Америкчуудын хувьд ерөнхийлөгчийн эхний 100 хоног гэх ойлголт шинэ засаг захиргааны ажлыг дүгнэх нэгэн шалгуур байсаар иржээ.
Энэхүү уламжлал анх Франклин Рузвельтийн үед үүсэж байв. Тэрээр 1933 онд албан тушаалдаа орсноос хойш хэдхэн сарын дотор үндэсний санхүүгийн хямралыг намжаах, Шинэ хэлэлцээрийг эхлүүлэх зорилгоор хэдэн арван хуулийн төсөл, захиргааны тушаалд гарын үсэг зурсан билээ. Рузвельтийн эхний 100 хоног маш бүтээлч байсан тул түүнээс хойших бүх ерөнхийлөгчийг энэ хугацаанд хийсэн амжилт, алдаагаар нь дүгнэх болсон. Гэвч энэ богино хугацаа бүхнийг харуулж чадахгүй нь ойлгомжтой.
Трамп нэгдүгээр сарын 20-ны өдөр тангараг өргөснийхөө дараа “Америкийн түүхэн дэх хамгийн гайхамшигтай 100 хоногийг” хэрэгжүүлнэ гэж амласан юм. 100 хоногийн дараа, Трампын хоёр дахь засаг захиргаа дараах 10 гол шалгуураар ямар түвшинд байгааг харцгаая.
Нэгдүгээр сарын 20-ноос хойш ерөнхийлөгч Трамп нийт 142 захиргааны тушаалд гарын үсэг зуржээ.
Тэрээр ажилдаа ормогцоо л идэвхтэй ажиллаж эхэлсэн бөгөөд зөвхөн эхний долоо хоногтоо л гэхэд 37 захиргааны тушаал гаргасан. Гуравдугаар сарын сүүлч гэхэд 100 дахь захиргааны тушаалаа гаргаж, Рузвельтийн 100 хоногийн доторх 99 тушаалын дээд амжилтыг давсан.
Трампын тушаалууд ихэвчлэн холбооны засгийн газрын хэмжээг багасгах, гадаад бодлого ба батлан хамгаалах, цагаачлал ба хилийн аюулгүй байдал, эрчим хүч ба байгалийн нөөц, гаалийн тарифууд гэсэн чиглэлүүдэд төвлөрчээ.
Байдены тушаалуудыг цуцалсан нь: 100 гаруй
Захиргааны тушаалуудыг дараагийн ерөнхийлөгч өөрчлөх буюу хүчингүй болгож болдог. Трампын олон тушаал өмнөх ерөнхийлөгч Жо Байдены шийдвэрүүдийг хүчингүй болгоход чиглэсэн байна.
Трампын цуцалсан тушаалуудын ихэнх нь уур амьсгалын өөрчлөлт, COVID-19 цар тахал, олон талт байдал ба эрх тэгш байдалтай холбоотой байв. Дөрөвдүгээр сарын дунд үе гэхэд Трамп өмнөх ерөнхийлөгчдийн 111 захиргааны тушаалыг хүчингүй болгосон ба тэдгээрийн дийлэнх нь Байдены үед гаргасан тушаалууд байсан юм.
Гарын үсэг зурсан хуулиуд: 5
Ерөнхийлөгчийн гаргасан хууль тогтоомжийг дараагийн ерөнхийлөгч үгүйсгэх нь захиргааны зарлигийг хүчингүй болгохоос хамаагүй хэцүү байдаг тул баталсан хуулийн тоо нь тухайн ерөнхийлөгчийн урт хугацааны нөлөөллийг хэмжих нэг арга болдог.
Трамп ердөө тавхан хуульд гарын үсэг зуржээ. Трамп 2017 онд анхны бүрэн эрхийн эхний 100 хоногтоо 28 хууль баталж байсан.
Шүүхийн маргаан: 200 гаруй
Трампын засаг захиргааны цагаачлалын эсрэг бодлого, холбооны ажилтны тоог бууруулах зэрэг арга хэмжээ шүүхийн маргаан дагуулсан байна.
Олон хэргүүд одоо ч шийдэгдээгүй, давж заалдсан шатандаа явж байгаа тул нэгтгэсэн тоо гаргах хэцүү байгаа аж. Гэвч Just Security сайтын хэрэг хянах системд 210 шүүхийн маргаан бүртгэгдсэн байгаа бол Lawfare мэдээллийн баазад наад зах нь 258 хэрэг бүртгэгдсэн байна.
Идэвхтэй дэмжигчдийн түвшин: 42 хувь
NPR/PBS/Marist-ийн мягмар гарагт нийтэлсэн судалгаагаар Трампын дэмжлэгийн түвшин 42 хувь болж, гуравдугаар сард 45 хувь байсан үзүүлэлтээс буурчээ. Түүний анхны бүрэн эрхийн хугацааны дэмжлэг хэзээ ч 44 хувиас дээш гарч байгаагүй. Судалгаанд оролцсон хүмүүсийн 47 хувь нь Трампыг АНУ-ын түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгчдийн нэгээр дурсагдана гэж хариулжээ.
Өмнөх ерөнхийлөгчидтэй харьцуулбал Жон Ф. Кеннеди нийт ард түмний 83 хувийн дэмжлэгтэй байсан бол Рональд Рейган 67 хувийн дэмжлэг авч байжээ. Харин Жо Байден, Билл Клинтон нар арай бага байсан ч 50 хувиас дээш дэмжлэгтэй байсан юм.
Харин Трамп Дэлхийн II дайнаас хойших ерөнхийлөгчдөөс ганцаараа 100 хоногтоо ард түмний дэмжлэг 50 хувиас доош байсан хүн болж байна.
Өршөөл: 39 хүн + 1,500 орчим нэгдүгээр сарын 6-ны хэрэгтнүүд
Хууль зүйн яамны мэдээлснээр Трамп 39 нэр бүхий хувь хүн болон байгууллагад өршөөл үзүүлсэн байна. Түүний ерөнхийлөгчөөр томилогдсоныхоо дараах анхны алхмуудын нэг нь 2021 оны нэгдүгээр сарын 6-ны АНУ-ын Конгрессын байрыг довтолсон хэрэгтэй холбоотой бүх ял авсан хүмүүсийг бүрэн, бүрэн дүүрэн, нөхцөлгүй өршөөх зарлиг гаргах байв.
Холбооны ажилчдын цомхотгол: Арван мянгаараа
Трампын хоёр дахь бүрэн эрхийн хамгийн онцлох ажлуудын нэг нь холбооны албан хаагчдын тоог цөөлөх явдал байв. Үүний хүрээнд "Төрийн Үр ашигтай байдал хариуцсан яам" (DOGE) нэртэй шинэ байгууллагыг байгуулсан.
Энэ байгууллага нь Илон Маскийн удирдлага дор ажиллаж байгаа бөгөөд хэд хэдэн төрийн агентлагийг татан буулгаж, эмзэг мэдээллийн системүүдэд хандах эрхтэй болж, арван мянга гаруй холбооны ажилчдыг ажлаас чөлөөлөх ажлыг хэрэгжүүлжээ.
Цагаачлал: Гуравдугаар сард 7,180 хил нэвтрэлт бүртгэгдэв
Трампын бүрэн эрхийн бас нэг онцлох чиглэл нь цагаачлалын эсрэг хатуу бодлого юм. Тэрээр хил дээрх хамгаалалтыг чангатгаж, олноор нь албадан гаргах ажиллагаа эхлүүлжээ.
Америкийн Хил, гаалийн албаны мэдээлснээр, 2025 оны гуравдугаар сард АНУ-ын өмнөд хилээр ердөө 7,180 хүн нэвтэрсэн байна. Энэ нь түүхэн дэх хамгийн бага үзүүлэлт бөгөөд өмнөх 4 жилийн сард дунджаар 155,000 байсантай харьцуулахад огцом буурсан үзүүлэлт юм.
Цагаачлал нь Трампын сонгуулийн гол амлалтуудын нэг байсан. Тэрээр АНУ-ын түүхэн дэх хамгийн том албадан гаргалтын ажиллагааг явуулахаа амласан. Одоогоор түүний засаг захиргаа хууль ёсны, хууль бус статустай хүмүүсийг баривчилж, саатуулж, албадан гаргаж байгаа ч энэ нь Дээд шүүхийн эсэргүүцэлтэй тулгарч байна.
Тарифууд: Дундаж тарифын бодит түвшин 28 хувь
Трамп олон улстай хийж буй худалдаанд тарифаар дарамт үзүүлэх, хэрэгжүүлэх, хойшлуулах алхмууд хийж байгаа нь дэлхийн зах зээлийг донсолгож, АНУ-д эдийн засгийн уналт тохиолдох вий гэсэн айдас төрүүлж байна.
Трампын засаг захиргаа бүх импортын бараанд 10 хувийн суурь тариф тогтоосон.
Түүнчлэн ган, хөнгөн цагаан, автомашин болон тэдгээрийн сэлбэгт 25 хувийн тариф оноосон.
Хятад, Канад, Мексик зэрэг орнуудад улс орноос хамаарсан тариф тогтоосон.
2025 оны долоодугаар сарын эхээр дуусах хэлэлцээрийн хүрээнд олон оронтой “харилцан адилгүй тарифын нөхцөл” тохиролцох ёстой байна.
Йелийн Их Сургуулийн төсвийн лабораторийн мэдээлснээр 2025 оны дөрөвдүгээр сарын дунд үеийн байдлаар АНУ-ын хэрэглэгчид 28 хувийн дундаж тарифын дарамтад байна. Энэ нь 1901 оноос хойших хамгийн өндөр түвшин ажээ.
Инфляц: Гуравдугаар сард 2.4 хувь
Трамп сонгуулийн үеэр инфляцыг эхний өдрөөс нь дарна гэж амласан. Байденийн бүрэн эрхийн үед инфляц 2022 оны зургаадугаар сард 9 хувьд хүрч, сүүлийн 40 жилийн хамгийн өндөр түвшинд хүрч байв. Үүнд COVID-19-ийн хямрал болон Орос-Украины дайн ихээхэн нөлөөлсөн.
100 хоног өнгөрсний дараа ч инфляцын асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байна. 2025 оны гуравдугаар сарын байдлаар жилийн инфляцын түвшин 2.4 хувь болж буурсан. Энэ нь сүүлийн 6 сарын хамгийн бага үзүүлэлт юм.
Гэсэн хэдий ч эдийн засагчид анхааруулж буйгаар энэ бууралт түр зуурын байж болзошгүй. Учир нь Трампын өрнүүлж буй худалдааны дайн ойрын саруудад үнэ нэмэгдэх эрсдэл дагуулж байна.