АНУ, Украины төрийн төлөөлөгчид ховор металл болон бусад байгалийн баялгийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдлээ. Ингэснээр АНУ-д Украины чухал ашигт малтмал, байгалийн нөөцийг ашиглах боломж бүрдэж байна.
Энэхүү гэрээ нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Украины сэргээн босголтод хөрөнгө оруулах зорилготой юм. Гэрээний хүрээнд “АНУ–Украины сэргээн босголтын хөрөнгө оруулалтын сан” байгуулагдаж, уг санд АНУ, Украин тус бүр 50 хувийн оролцоотой байна. Санд оруулах хөрөнгө нь шууд санхүүгийн тусламж, ирээдүйн АНУ-ын цэргийн дэмжлэг, мөн ашигт малтмалын лицензийн орлогоос бүрдэх бөгөөд Украинд ямар нэгэн өрийн дарамт үүсгэхгүйгээр хэрэгжих аж.
Украин нь газрын тос, байгалийн хий болон ашигт малтмалын шинэ лицензээс олох роялтийн 50 хувийг тус санд төвлөрүүлнэ.
АНУ санхүүгийн болон цэргийн тусламжаар хувь нэмэр оруулна.
Хөрөнгө зөвхөн Украинд хэрэгжих дэд бүтэц, байгалийн баялгийн төслүүдэд зориулагдана.
Эхний 10 жилийн хугацаанд уг сангийн орлогыг зөвхөн Украинд буцаан хөрөнгө оруулна.
10 жилийн дараа ашгийг хоёр тал хуваалцах боломжтой.
Гэрээний дагуу, Украин өөрийн байгалийн баялгийн өмчлөлөө бүрэн хадгалах бөгөөд ашигт малтмалын салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах гол алхам гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг гэрээг идэвхтэй дэмжиж, Украинд тусалсан олон тэрбум ам.долларын тусламжийн “хариу” болгож АНУ-д стратегийн ач холбогдол бүхий ховор элементүүдэд хандалт нээхийг шаардсан юм. Тухайлбал, Украин нь дэлхийн ховор элементийн 5 орчим хувийг эзэмшдэг бөгөөд эдгээр нь өндөр технологи, батлан хамгаалахын салбарт зайлшгүй хэрэгцээтэй байдаг.
Уг хэлэлцээрийг анх хоёрдугаар сард Вашингтонд байгуулахаар төлөвлөж байсан ч Трамп, Украины Ерөнхийлөгч Зеленский нарын хооронд болсон ширүүн уулзалтын дараа хойшлогдож байв. Тухайн уулзалтын үеэр дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс Зеленскийг АНУ-ын тусламжид хангалттай талархаагүй гэж буруутгасан. Гэсэн ч хэлэлцээ цааш үргэлжилж, сүүлчийн мөчид Украины тал зарим өөрчлөлт оруулахыг хүссэн ч гэрээнд эцэст нь гарын үсэг зурсан юм.
Трамп энэ гэрээг Орос-Украины дайныг зогсоох дипломат шийдлийн нэг хэсэг гэж тодорхойлж байгаа. Гэсэн ч хэлэлцээрүүд амаргүй өрнөж байна. Учир нь Трамп Зеленскийг шүүмжилж, заримдаа “дарангуйлагч” хэмээн нэрлэж байсан бол өнгөрсөн долоо хоногт Крымийг Оросын мэдэлд хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгааг нь дайныг сунжруулж байна гэж буруутгасан.
Сүүлд хоёр удирдагч Ромын Пап Францисын оршуулгад оролцох үеэр Ватиканд ганцаарчилсан уулзалт хийсэн юм.