МАН, АН, ХҮН гэсэн гурван бие парламентад авсан суудлынхаа тоо, жингээр эрх мэдлийг хуваан авч, эв найртай засагласаар өдийг хүрчээ. Гэвч Жудагийн Баярмааг Сангажавын Баярцогттой “Андуурсан” Ерөнхий сайдын алдаа цаашид засаглалын тэнцвэрт байдлыг алдагдуулах Хаосын эхлэлийг тавилаа.
АН-ын бүлэгт энэ асуудал шалтгаан гэхээсээ шалтаг болсон нь тодорхой. Учир нь, АН-ын хамгийн том фракц болох Нэг Монгол хөдөлгөөн Хоёр Монгол болж хуваагдан, улмаар АН-ын бодлого нам, бүлэг болон салаалж байгаа нь нууц биш болсон. МАН дотор ч уур амьсгал сайнгүй байна. Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төр тус нам доторхи гомдогсдыг амилуулж, бүлгийн хурал нь ч чи, би дээ тулсан хэрүүлтэй өрнөдөг болсон.
П.Наранбаяр сайдын хөмсгийг сэт цохьсон зодооны эх сурвалж нь Их сургуулийн ректорын томилгооноос үүдэлтэй гэх яриа чих дэлсэх боллоо. Эндээс үзвэл ХҮН нам ч цөөн гэлтгүй сандал суудал дээрээ зодоонтой байгаа нь илт. Ийнхүү АН, МАН, ХҮН гэсэн гурван бие дотроосоо задарч эхэлснээр таталцах хүч нь саарч хэзээ мөдгүй салж сарнихдаа тулсан мэт. Үүнийг эргүүлэн зангидаж, нэгтгэх бодлогыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бодож олсон нь Парламентын нарийн бичгийн дарга нар буюу Дэд сайдын 20 суудал гэнэ. Одоогийн байдлаар засагт 23 сайдын суудал бий. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 126 гишүүний 23 нь сайдын суудалтай, үлдэх 103 нь гомдогсод гэвэл хилсдэхгүй. Тиймээс Ерөнхий сайд салбарын бодлогыг парламентад зангидах 20 “Дэд сайд”-ын нэрсийг АН, МАН, ХҮН-аас тодруулах бодлого бодож эхэлжээ. Тэднийг Салбар дундын хороо гэх “Дэд Засгийн газар”-т харьяалуулж, мини Засгийн газрын хэмжээнд ажилуулах гэнэ. Ингэснээр хамтарсан Засгийн төлөө саналаа өгөх 43 кноп бэлэн болно. Хамгийн гол нь парламентын гишүүдийн 3/1-ийг эгнээндээ элсүүлсэн, гурван нам дамнасан хүчирхэг лобби бүлэглэл үүсэх учиртай. Ерөнхий сайдын бодож буй энэхүү гурван биеийн бодлогын хариу нь Засгийн насыг уртасгах, УИХ, Засгийн газрын зөрчлийг бууруулах, гомдогсдын эгнээг цөөлөх зэрэг олон ач холбогдолтой. Мэдээж УИХ доторх Л.Оюун-Эрдэнийг дэмжигчдийн массыг нэмэгдүүлж, түүний засаглалын он жилүүдийг сунгаж татах нь ойлгомжтой.