Open iToim app
Б.Оюунцэцэг: Х.Нямбаатарын дарангуйллаас үхэн үхтлээ гарахгүй юм шиг байна
Нийгэм | 6 мин уншина

Б.Оюунцэцэг: Х.Нямбаатарын дарангуйллаас үхэн үхтлээ гарахгүй юм шиг байна

Нийтэлсэн 17 минутын өмнө
Иргэн Б.Оюунцэцэг сүүлийн 8 жил ТҮЦ эрхэлж байгаа бөгөөд өдгөө 68 настай. Түүний хувьд ТҮЦ гол амьжиргаа нь. ТҮЦ-гүй болсон ч 2027 он хүртэл ямар нэгэн аргаар жижиглэнгийн бараа зарах ажлаа зогсоохгүй гэдгээ бидэнд хэлсэн, шалтгаанаа ч тайлбарлалаа.
Б.Оюунцэцэг гуай лаборант мэргэжилтэй. "Цагтаа амьдрал маань халгиж цалгиж явлаа. Хүний амьдрал үргэлж дардан байдаггүй гэж үнэн. Нэг л өдөр өвдөж, ажилгүй болсноор бүх зүйл орвонгоороо эргэсэн. Гэр маань шатаж, орох оромжгүй хүүхдүүдтэйгээ өмссөн хувцастайгаа үлдэж, нөхөр маань өвдсөн... гээд хүний амьдралд тохиолддог хатуу бүхнийг туулж явна. Тэглээ гээд гараа хумхиад сууссангүй, юм юм хийж, үр хүүхдээ хүний дайтай явуулчих гээд өнөөг хүртэл хичээж ирлээ. Тэтгэвэрт гарсан надад ажил болон зээл олдоно гэдэг хүнд. Өрөөлөөс гуйхгүй, өөрөө хөдөлмөр эрхлэх боломжийг ТҮЦ олгож байлаа. Одоо харин амьдралаа тэтгэж байсан ТҮЦ-гүй боллоо. 2005 оноос хойш гадаа талбайд жижиглэнгийн бараа зарж, 2017 оноос өөрийн гэсэн ТҮЦ-тэй болсон. Нэг үеэ бодвол амьдрал бага багаар сайжирч, үр хүүхэддээ нэг ч гэсэн өв хөрөнгө үлдээе гээд 2022 онд байрны зээлэнд орсон. Харин ТҮЦ-ийг минь хурааснаар бүх орлого тасарлаа. Үүнд хэн ч хариуцлага хүлээсэнгүй, Х.Нямбаатар биднийг тэжээхгүй шүү" гэж бодит байдлаа учирлалаа.
undefined
-Таны ТҮЦ-ийг ачихаасаа өмнө танд мэдэгдсэн үү?
-Мэдэгдэх хуудас өгөөд 24 цагийн дотор л ачсан. Би ТҮЦ-ээ хашаандаа тавьсан. Торгуультай газар тавиад төлж чадахгүй. Миний ТҮЦ-ийг Х.Нямбаатарын захирамжаар гээд эвдээд, хэмхлээд ачсан. Цагийн сайханд би таван хүүхэд төрүүлээд улсад 30 гаруй жил ажиллаж байж тэтгэвэрт гарсан хүн. Хүн нэг үе мандаж явсан бол дараа үед доройтож явдаг үе байдаг юм байна гэдгийг биеэр туулж явж байна. Ингээд суухаар цагдаа нар нь дарамтлаад хэцүү л байгаа. Одоо яаж 40, 50 сая төгрөгийн өр, зээлээсээ гарах вэ. Гэр орноо яаж авч явах юм бэ гэдэг асуултыг Х.Нямбаатараас асуумаар байна. Манай нөхөр харвасан болохоор группт байдаг. Мөн би элэгний хатууралтай, бөөрний дутагдалтай хүүхдээ 6-7 жил асарч байгаа.
-Та тэтгэвэрт гарахаасаа өмнө ямар ажил хийдэг байсан бэ. Сардаа хэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг вэ. Тэтгэврийн мөнгө нь амьдралд нь хүрэлцдэггүй юү?
-Тэтгэвэрт гарахаасаа өмнө нефть боловсруулах үйлдвэрт лаборант хийдэг байсан. Түүнээс болоод хавдар туссан, Хавдрын эмнэлгийн хяналтад байсан болохоор ажилгүй болсон. Миний нөхөр нягтлан хийж байсан. Сайхан явж байгаад гэнэт хүний амьдрал гэдэг дорддог л юм байна. Гэхдээ амьдрал дордлоо гээд би улсаас нэг төгрөг ч гуйж үзээгүй. Манай гэр шатахад гудамжинд хүүхэдтэйгээ, өмссөн хувцастайгаа үлдэж байсан. Тэгээд яах вэ, гадаа наймаа хийгээд л хүүхдүүдээ болгосон. Хүүхдүүддээ дараа болохгүй, өртэй үлдээхгүйн тулд зүтгэж байгаа. Хүмүүс намайг буянаа эдлээд хүүхдээрээ төлүүлээч гэдэг. Өртэй хүүхдэдээ өөр нэмж шоронд явуулах юм уу. Манай хүүхдүүд дунд надтай адилхан ТҮЦ ажиллуулж байсан ч хүүхэд бий. ТҮЦ-ийг нь ачаад одоо өрөнд орсон сууж байна. Би сард тэтгэвэр гэж 500 гаруй мянган төгрөг авдаг. Өөрийнхөө болон нөхрийнхөө тэтгэврийн зээлийг аваад байрынхаа зээлд өгдөг. Саяхан 18 сарын зээл авсан. Түүнийхээ талыг нь байрынхаа төлбөрт өгч үлдсэнийг нь Цагаан сарын баяртаа зарцууллаа. Одоо бидэнд өөр орлого байхгүй. 
quote photo
Х.Нямбаатар болон Монгол ардын намынхан яагаад хөрсөн дээр буудаггүй юм бэ. Яагаад хөрсөн дээр бууж ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхийг хүсэхгүй байна вэ. Нийгмийн баялаг, эд хөрөнгө рүү өнгийгөөд хулгай хийдэг мөртлөө яагаад ард түмнийхээ амьдрал руу өнгийж хардаггүй юм бэ. Та нар ТҮЦ-нийхэн яаж тэмцэл хийж байгааг харж байгаа биз дээ. Амьдрахын эрхэнд хүүхдээ хоосон хонуулахгүй, боловсрол эзэмшүүлэх, хүнтэй адилхан амьдруулахын тулд л нэр нүүрээ бараад тэмцэж байна. Тэмцэхгүй гээд яах юм. Төрөөс бид нэг төгрөг ч гуйгаагүй.
Б.Оюунцэцэг
-ТҮЦ эрхлэх боломжгүй болсноос хойш нөхцөл байдал ямар байгаа вэ. ТҮЦ эрхлэгчид зээлээр бараагаа татдаг байсан одоо зээлээ төлж чадахгүй байна гэх юм билээ?
-Би сарын 3.5 хувийн хүүтэй зээлээр орон сууцаа авсан. Өдөрт байрандаа 200 мянган төгрөгийн зээл төлдөг. ТҮЦ ажиллуулах боломжгүй болсноос хойш 10  хоног зээлийнхээ мөнгийг өгч чадаагүй. Мөн захаас олон жил бараагаа татсан болохоор захаас бага багаар бараагаа зээлээр авдаг. Одоо ч гэсэн 2-3 сая төгрөгийн барааны зээлээ төлж чадахгүй сууж байна. ТҮЦ-нд зарж байсан бараагаа өгөөд ч миний өр дарагдахгүй байна. Намайг найдваргүй зээлдэгч болох гэж байна гэсэн. Тэгэхээр нь арга ядаад зээлээ бага ч болов төлье гээд ТҮЦ-нийхээ барааг дэлгээд гадаа сууж байна. ТҮЦ-нд зарж байгаад үлдсэн бараа, бүтээгдэхүүнээ дэлгээд суусан байгаа боловч намайг цагдаа нар ирж дарамталж байна. ТҮЦ үеэ элээсэн гэж байна. Энэ ардын нам болон намууд яагаад үеэ элээдэггүй юм бэ. Идэж ханадаггүй юм бэ. Ганцхан ТҮЦ ажиллуулаад би амьдралаа босгож чадахгүй байхад тэд идээд ханадаггүй. Бид яаж ханаж үеэ элээх юм бэ. Тэд яагаад хулгай хийгээд байдаг юм. Би хулгай хийхгүй өөрийнхөө бор зүрхээр амьдралаа авч явж байна. ТҮЦ-ийнхнийг муухай үгээр доромжилдог. Гэхдээ тэд тэмцлээ хийх ёстой. Яагаад гэвэл тэд амьдрахын тулд л тэмцэж байна. Олон хүүхэдтэй хүний амьдралд өдөр болгон бэлэн мөнгө хэрэгтэй байдаг. Энэ ТҮЦ гэдэг зүйл түүнийг л хангаж буй.  Би Х.Нямбаатарыг ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж шалтгаан нөхцөлийг сонсооч гэж хүсмээр байна.
undefined
-Өнөөдөр сэрүүхэн өдөр байна. Гадаа бараа зарах байтугай хэсэг хугацаанд зогсоход л даарч байна. ТҮЦ-нд болон гадаа наймаа хийхэд их л ялгаа гарч байгаа байхдаа?
-Өнөөдөр цас, бороо ороход би яах вэ. ТҮЦ-нд бол орлогогүй ч гэсэн сэтгэл өег байдаг байсан. Ядаж л даарахгүй. Зээлээ бүрэн төлөхгүй байсан ч өдөртөө бага ч болов мөнгө өгдөг. Нэг хүүхдээ ч гэсэн өмчтэй болгоод нас бармаар байна. Байрны зээл дуусах дөхөөд баярлаж байхад төр миний ТҮЦ-ийг ачаад дарамталлаа. Х.Нямбаатарын дарангуйллаас үхэн үхтлээ гарахгүй юм шиг байна. Өчигдөр өдөржин суусан ч зээлдээ ердөө 64 мянган төгрөг л төллөө. Өглөө 11 цагаас орой 23 цаг хүртэл сууж байгаа. Би хөл муутай, элэг хатууралтай, зүрх томролтой, даралт 150-200 хүрдэг. Ийм мөртлөө би амьдрахын төлөө зүтгэж байна. Яагаад үнэлдэггүй юм бэ. Ажлын байрыг нь хүртэл булааж авна. Төрийг стандартыг нь тогтоогоод өг. Бидэнд боломжоороо зээл олгоод өг. Бид хаанаас  юу ч гуйхгүй амьдаръя гээд байхад яагаад биднийг хавчаад байдаг юм бэ.
-Хотын даргаас ТҮЦ эрхлэгчдэд Нийслэлийн хамаарал бүхий байгууллагуудад ажиллах, Нарантуул, Хархорин худалдааны төвд жилийн хугацаанд лангуу үнэ төлбөргүй түрээслэх гэсэн хоёр санал тавьсан гэсэн. Танаас энэ талаар асуусан уу?
-Надад ажлын байранд ажиллах санал ирээгүй. Хөл, нуруу муутай хүнийг хэн ч ажилд авахгүй. Нарантуул, Хархорин захад лангуу аваарай гэсэн. Гэхдээ би тэр их бараа, үнэтэй лангууны мөнгө гаргаж чадахгүй. Манай холбооноос Нарантуул, Хархорин захаас энэ талаар асуухад “Та нарыг суулгах лангуу байтугай хуучин түрээслэгчдээ багтааж чадахгүй байна. Та нарын жилийн түрээс үнэгүй болбол энд түрээсэлж байгаа хүмүүс бүгд л түрээсийн хүүгээ ч болов багасгая гэж маргадаг юм байгаа биз дээ. Тийм зүйл байхгүй” гэсэн. 
Б.Оюунцэцэг гуайг амьдралын боломжгүй, баталгаагүй гээд  банк нэг ч удаа зээл өгч байгаагүй аж. Түүний орон сууцны зээл 2027 оны дөрөвдүгээр дуусах юм байна. Тэрээр “Зээлээ дуустал 2027 он хүртэл би эндээ сууна. Ямар зүйл авчирсан ч би хажууд нь ингээд тавиад сууна. Төр засаг харахгүй байхад энэ хүмүүс намайг “Та эд хөрөнгөгүй, юу ч үгүй, ТҮЦ-ний орлого муу. Танд би зээл өгөхгүй” гэсэн бол адилхан л өгөхгүй шүү дээ. Хүний амьдралын байдлыг харж үзээд энэ хүмүүс тусалж байна. Тиймээс энэ хүмүүсийн итгэлийг даахын тулд, хохиролгүй болгохын тулд би хөлдөж үхэж байсан ч зээлээ дарж дуусгая гэж бодож байгаа” гэлээ.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн