Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

ХЭҮК: Хүүхдүүд хоорондоо үерхэж, бэлгийн харьцаанд орох нас залуужиж байгаагаас хөвгүүд гэмт хэрэгтэн болж байна

ХЭҮК: Хүүхдүүд хоорондоо үерхэж, бэлгийн харьцаанд орох нас залуужиж байгаагаас хөвгүүд гэмт хэрэгтэн болж байна
Нийтэлсэн 2 минутын өмнө
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг энэ 7 хоногийн байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ.
Тус илтгэлийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцсэн бөгөөд үүний хүүхэдтэй холбоотой илтгэлийг нууцаар хэлэлцэж, хүүхдийн бэлгийн хүчирхийлэл болон насанд хүрээгүй хүүхэд хүчингийн гэмт хэрэгт холбогдож байгаа асуудлыг ярилцаж, нийгэмд анхааруулга хүргэх ёстой гэж үзжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээллээс сүүлийн 5 жилийн байдлаар 2,207 (2020 онд 248, 2021 онд 362, 2022 онд 458, 2023 онд 541, 2024 онд 598) хүүхэд өртсөн1 бөгөөд хохирсон хүүхдийн тоо өмнөх онтой харьцуулахад 2021 онд 16.7 хувь, 2022 онд 22.4 хувь, 2023 онд 9.6 хувь, 2024 онд 9 хувиар өссөн байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах нийт 1601 гэмт хэрэг бүртгэгдэж, 1630 хүүхэд хохирсон бөгөөд үүнээс 0-7 насны 110, 8-13 насны 685, 14-17 насны 835 хүүхэд байна гэж илтгэлд дурджээ.
Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж прокурорын байгууллагад шилжүүлсэн насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн шийдвэрлэлтийн байдлыг үзвэл сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 1413 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 88 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
undefined
Насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн тоон үзүүлэлт жил ирэх бүр өсөж, гэмт хэргийн илрүүлэлт буурч байгаа нь тус гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил үр дүн муутай, нөгөө талаар ураг төрлийн хүчингийн хэргийг нуун дарагдуулах хандлагатай гэж үзэж болно. Түүнчлэн хохирогч хүүхдийн өмнөөс эцэг, эх, асран хамгаалагч, хууль ёсны төлөөлөгчид шийдвэр гаргадаг, хэрэг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага, алба хаагчдын үйл ажиллагаа хүнд сурталтай, удааширдаг, хохирогчид ээлгүй байдгаас хохирогч залхдаг, төвөгшөөдөг, хуулийн байгууллагад хандахаас татгалздагтай холбоотой байж болно. Комиссоос 2022, 2023 онд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн 40 хэргийг түүвэрлэн дүн шинжилгээ хийхэд хэргүүдийн 15 нь прокурорын хяналтаас, 7 нь шүүхийн шатнаас нэмэлт мөрдөн байцаалтад буцаагдаж байсан бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хугацаа ихдээ 1 жил 5 сар 23 хоног, багадаа 30 хоног байсан бол хэрэг шүүхэд шилжсэнээс хойш багадаа 18 хоног, ихдээ 11 сар 28 хоногийн хугацаанд эцэслэн шийдвэрлэгдсэн байна.
Сүүлийн 5 жилийн хугацаанд шүүх шинжилгээний байгууллагад бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэх үндэслэлээр нийт 4161 хүүхэд үзлэгт хамрагдсанаас эрэгтэй хүүхэд 263, эмэгтэй хүүхэд 3898 байна. Эдгээр хүүхдүүдийг насны хувьд авч үзвэл 0-6 насны 350, 7-13 насны 1395, 14-15 насны 1558, 16-17 насны 858 хүүхэд байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс өгсөн мэдээллээр сүүлийн 5 жилийн хугацаанд бага насны хүүхэд 98, насанд хүрээгүй 11878 хүн төрж, бага насны хүүхэд 215, насанд хүрээгүй 2950 хүн үр хөндүүлсэн байна. Үүнээс 2020-2024 онд 10-14 насны нийт 215 хүүхэд төрж, 98 хүүхэд үр хөндүүлсэн байна. Энэ нь эдгээр хүүхдүүд бүгд гэмт хэргийн хохирогч болсон болон бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчингийн гэмт хэрэг нуугдмал, далд хэлбэрээр оршиж байгааг илэрхийлнэ. Харин 15-19 насны 2950 хүүхэд төрж, 11878 хүүхэд үр хөндүүлснийг гэмт хэргийн улмаас гэж үзэхгүй ч насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн цөөнгүй тохиолдол эмнэлгийн байгууллагаас ирүүлсэн мэдээллийн үндсэн дээр тогтоодгийг холбогдох албаны хүмүүс хэлдэг төдийгүй тохиолдол бүрийн цаана хүүхэд хохирч байхыг үгүйсгэхгүй8.
Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн асуудлаар шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид, өмгөөлөгч, мөрдөгч, прокурор, шүүгчидтэй уулзаж ярилцахад хөндөгддөг нэг асуудал бол хүүхдийн бэлгийн бойжилт эрт эхэлдэг болсонтой холбоотойгоор хүүхдүүд хоорондоо үерхэж, бэлгийн харьцаанд орох нас залуужиж байгаагаас хөвгүүд гэмт хэрэгтэн болж байгаа явдал болно. 14-өөс доош насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг нь хэлбэрийн болоод агуулгын шинж шаарддаггүй тул холбогдогч этгээд шууд гэм буруутан болдог. 2025 оны 2 дугаар сарын байдлаар Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй эрэгтэй 39 хүүхдээс 17 хүүхэд нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр хүмүүжиж байгаа нь үүний илрэл байж болно.
Насанд хүрээгүй хүн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болж байгаа нь амьдралын түвшин доогуур, гэр бүлийн орчин архидалт ихтэй, эцэг, эхийн хараа хяналт сул зэргээс шалтгаалж байна. Тухайлбал, 2022 онд бүртгэгдсэн хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг үйлдэгдсэн 550 гэмт хэргийн 364 буюу 66.2 хувь нь гэр, орон сууцанд, 59 буюу 10.7 хувь нь гудамж талбайд үйлдэгджээ. Харин 2023 онд бүртгэгдсэн 564 гэмт хэргийн 385 буюу 68.3 хувь нь гэр, орон сууцанд, 45 буюу 8.0 хувь нь гудамж талбайд үйлдэгджээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн