Open iToim app
Эрүүл монгол | 8 мин уншина

Б.Ган-Эрдэнэ: В, C вирусээс гадна тураах эм бэлдмэлүүдээс үүдэж элэг өвчилдөг

Б.Ган-Эрдэнэ: В, C вирусээс гадна тураах эм бэлдмэлүүдээс үүдэж элэг өвчилдөг
Нийтэлсэн 1 минутын өмнө
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмч, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй эмч Б.Ган-Эрдэнэтэй ярилцлаа. 
-Элэг нь хүний ​​биеийн хамгийн том эрхтэн. Тэгвэл энэхүү эрхтэн нь хүний биед яг ямар үүрэг гүйцэтгэдэг юм бол?
-Элэг нь маш олон үүрэгтэй эрхтэн юм. Гол үүргүүдээс нь дурдвал хүний биеийн уургийн эссенцийг бүрдүүлж, нөөцлөх үүрэг гүйцэтгэдэг. Мөн эмийн бодис, өөх тос, гормоныг хоргүйжүүлж байдаг юм. Цусны бүлэгнэлтийн үйл ажиллагаа болон цусан дахь ялтас эсийн үйл ажиллагаанд оролцдог. Холестролын хэмжээ буюу цусанд орж ирсэн болон хоол тэжээлээр орж ирсэн нүүрс усыг авч нөөцөлдөг бөгөөд шаардлагатай бол витамин, уураг, өөх тос болгож задалдаг. Элэг нь хүний биед хэрэгтэй уураг, нүүрс ус, өөх тос гэх мэт бодисын солилцооны өөрчлөлтүүдийг гаргаж ирдэг. Жишээ нь, B төрлийн витамин ч юм уу хүнд орлуулшгүй чухал витаминыг элэг үйлдвэрлэж байдаг. Элгийг амин эрхтэн гэж ярьдаг бөгөөд ийм л чухал үүрэгтэй эрхтэн юм. 
-Тэгвэл ийм их чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтэнийг гэмтээдэг зүйлс нь юу вэ?
-Элгийг гэмтээдэг хэд хэдэн хүчин зүйлс бий. Тэр дундаа хамгийн их гэмтээдэг зүйл нь B, C вирусийн халдвар юм. Дэлхий дахинд энэхүү халдвараас үүдэлтэй элэгний хатуурал болон элэгний хавдар маш өндөр хувьтай байдаг. Үлдсэн хувьд нь архи, биеийн жингийн илүүдэл болон парацетамолын гаралтай элэгний хордлого, тураах эм бэлдмэлүүдээс үүдэж элэг өвчилдөг. 
-Эдгээр зүйлсээс болж элэгний хатуурал үүсдэг гэсэн үг үү. Элэгний хатуурлын шинж тэмдэг нь юу вэ?
-Элэгний хатуурал үүсгэж буй хүчин зүйлийн 80-90 хувийг B, C вирусийн халдвар эзэлж байгаа. Энэ нь орон орноос хамаарч статистик мэдээлэл нь өөр, өөр байдаг. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд энэ төрлийн халдвар маш бага. Учир нь нэг удаагийн хэрэглээний бүтээгдэхүүн сайн хөгжсөн байдаг. Мөн анагаах ухааны хөгжлийн түвшин өндөр байгаатай холбоотой юм. Хувь хүний өөр өөртөө анхаарч буй байдал нь ч үүнд нөлөөлнө. Ядуу буурай орнуудын хувьд B, C вирусийн халдвараас үүдсэн элэгний хатуурал болон хавдрын шалтгаан өндөр байдаг. Монгол Улсын хувьд B, C вирусийн халдвараас гадна сүүлийн үед жингийн илүүдлээс үүдсэн болон архины хэт хэрэглээнээс болж элэгний хатуурал ихсэх хандлагатай болсон. 
Элэг нь өөрөө дүлий эрхтэн гэж хэлж болно. Тиймээс элгээр өвчилсөн хүмүүс дийлэнхдээ хожуу шатанд орсон үедээ өвдсөнөө мэддэг. Элэгний хатуурлын шинж тэмдгийн хувьд дийлэнхдээ ядарч сульдах, нүүр ам ногоорч шарлах, бие загатнах, хамар ам буйлнаас цус гардаг. Мөн шулуун гэдэснээс цус гарч, хоолны шингэц мууддаг. Ийнхүү хөдөлмөрийн чадвар нь алдагдаж эхэлдэг. Эдгээр шинж тэмдгийг авч үзвэл маш ерөнхий шинж тэмдгүүдээр элэгний хатуурлын шинжүүд илэрдэг гэж хэлж болно. 
undefined
-Элэгний хорт хавдар үүсгэж буй үндсэн шалтгаан нь B, С вирусийн халдвар гэж ойлгосон. Энэ зөв үү. Мөн элэгний хорт хавдар бүрэн эмчлэгдэх боломжтой юу?
-Монгол Улсын хувьд элэгний хавдрын 90 орчим хувь нь B, C вирусийн шалтгаантай. Элэгний хавдрыг үүсгэж буй үндсэн шалтгаан нь уг вирус нь юм. Элэгний хавдар нь эрт үедээ оношлуулж, эмчилгээ хийлгэвэл бүрэн эмчлэгдэх боломжтой. Манай улс элэгний хавдрын тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүрсэн үйлчилгээ үзүүлж байгаа гэж боддог. Элэгний хавдрыг олон улсад ямар зарчмаар эмчилдэг гэвэл мэс засал болон ангиограф тэгээд бусад эмчилгээ гэж хуваадаг. Мэс заслын эмчилгээнд элэг шилжүүлэн суулгах мэс засал болон элэг тайрах мэс засал гэсэн хоёр эмчилгээ бий. Ангиографийн эмчилгээнд түлэх эмчилгээ, судсан дотуурх бөглөх эмчилгээнүүд ордог. Бусад эмчилгээнд хими эмчилгээ, бай эмчилгээнүүд орж ирдэг. Энэ нь орчин үеийн бусад эмчилгээнүүдтэйгээ хавсруулж хийх тохиолдлууд их байдаг. Эдгээр бүх эмчилгээг цогцоор нь манай хоёрдугаар төв эмнэлэг үзүүлж байгаа. Тиймээс заавал гадагшаа явах шаардлагагүй болсон. 
-Элэг өвчилснөөр бусад эрхтнүүдэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
-Элэг өвчилснөөрөө маш олон сөрөг нөлөө үзүүлдэг. Үүнд уургийн дутагдалд орж витамины нийлэгжилтийг алдагдуулж цусны эргэлтийн алдагдалд оруулдаг. Мөн улаан хоолойн венийн үрэвсэлтэй болох юм. Дээр үед элгээрээ бөөлжөөд, энэ хүнд элэг үлдээгүй байх гэж ярьдаг байсан. Энэ нь улаан хоолойноос венийн үрэвслээр цус алдаж, нөжирсөн цусаар бөөлжиж байсан гэсэн үг.
Шим тэжээлийн дутагдалд маш амархан орж, хоол шингэхгүй болдог. Үүнээс болж турж эцэн, гэдэс хэвлийгээр шингэн хурж, ус эрдсийн солилцоо алдагдаж бөөр, уушги, амьсгалын эрхтэн тогтолцоонд нөлөөлж эхэлдэг. Бүр цаашлаад тархинд хүртэл нөлөөлдөг ба цусан дахь хоргүйжүүлэх процессыг элэг хийх боломжгүй болсноор хүнийг солиоролд хүргэдэг юм. 
-Монгол Улсад жилд дунджаар хэдэн хүн элэгний хорт хавдраар оношлогдож хэдэн хувь нь бүрэн эдгэрдэг бол?
-Манай эмнэлгийн хувьд жилд дунджаар 600-800 орчим элэгний хорт хавдартай хүнд түлэх эмчилгээ хийгддэг. Энэ нь ангиографийн эмчилгээнүүд гэсэн үг. Мөн 200 орчим хүмүүс мэс заслын эмчилгээнд ордог. Нийтдээ 1000 орчим тохиолдолд эмчилгээ хийгддэг гэсэн үг. Хорт хавдрын өвчлөлөөр манай улс дэлхийд хоёрт ордог. Харин элэгний хорт хавдраар нэгд бичигддэг. Бүх хавдрын эзлэх хувийг 100 хувь гэж үзвэл элэгний хавдар дангаараа 30-40 хувийг эзэлдэг. Элэгний хорт хавдрын өвчлөл улсын хэмжээнд 2023 оны байдлаар 2373 тохиолдол илэрсэн байна.
Манай улс дэлхийн дундаж хэмжээнээс 7-8 дахин илүү элэгний өвчлөлттэй байна.
Эрт үеийн хорт хавдрын тохиолдлууд харьцангуй бага бүртгэгдсэн. Харин 3, 4-р шатанд орсон хорт хавдрууд дийлэнх хувийг эзэлж байна. Хавдрын эмчилгээ нь үе шаттайгаар явагддаг. Эхлээд химийн эмчилгээ явагдаад дараагаар нь ангиографийн эмч нартай хамтран бөглөх эмчилгээг хийнэ. Үүний дараа хавдрын ургалт тогтвортой байвал дараагийн шатны төгс эмчилгээ болох хагалгаа хийгддэг. Мэс заслын эмчилгээ буюу тайрах эмчилгээ явагддаг юм. Зарим тохиолдолд түлэх, бөглөх эмчилгээг хийж хавдрын үе шатуудыг бууруулаад үүний дараа элэг солих талаар яригддаг. Элэгний хавраар өвчилсөн хүн бүр элгээ солиулах боломжгүй юм. Тодорхой заалт байж үүний дагуу мэс засал хийгддэг. Зарим тохиолдолд элэгний хавдар нь 3, 4-р шатандаа орсон хожуу үеийнх байвал дийлэнхдээ элэг солих боломжгүй. Энэ тохиолдолд зөвхөн бөглөх, түлэх эмчилгээнүүд хийгдэнэ. Учир нь сольсон элэг дээр нь шинэ хавдар гарч ирдэг тул эсрэг заалттай байдаг. Мөн суурь элэг муу байгаа тохиолдолд элэгний хагалгаа хийгдэх боломжгүй. 
Тодорхой хэмжээний хавдрууд дээр олон улсын стандарт ангилал гэж бий. Үүний дагуу бүхий л эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг. Хамгийн сүүлийн үеийн дэлхийд баримталж буй ангилал нь 2022 оны Барселоны ангилал юм. Маш олон эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөн, өгүүлэл хийгдэж байж энэхүү ангилал бэлэн болдог. Энэ ангиллын дагуу олон улсын бүх элэгний эмчилгээнүүд  явагддаг гэсэн үг.
-Гаднын технологийг эх орондоо нутагшуулахад төрөөс ямар бодлого дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа вэ?
-Гаднын технологийг манай улсын эмч нар нутагшуулж хийх бүрэн боломжтой. Одоо бол харьцангуй гадаадын хурал зөвлөгөөнд оролцоод мэдлэгээ сайжруулаад явах боломжтой байна. Бидэнд ганц хөшүүрэг байгаа нь санхүүгийн асуудал юм. Нөгөө талдаа даатгалын системийг сайжруулах шаардлагатай байна. Дурангийн хагалгаа буюу шинэ инновац, шинэ технологийг нэвтрүүлэх үед даатгалын систем нь өөрөө төлдөггүй. Энэ нь өөрөө инновац шингэсэн мэс заслууд хийгдэх үед нэг удаагийн зардал нь өндөр байдаг. Үүнийг эдийн засгийн тооцоогоор авч үзэх хэрэгтэй. 
Би дурангаар хагалгаа хийсэн ч бай, нээлттэй хагалгаа орсон ч бай нээлттэй хагалгааны зардлыг л өгдөг. Тиймээс тухайн эмнэлэг, эмч нар шинэ технологи нэвтрүүлэх боломжгүй байгаа юм. Энэ тал дээр улсаас дэмжихгүй л бол шинэ технологи манай улсад нэвтрэх боломжгүй байна. Улсаас хэрхэн дэмжих вэ гэвэл бидний зүгээс энэ хагалгааг заагаад өгнө үү гэж нэг ч үг хэлэлгүй эмч нар өөрсдөө хувийн зардлаараа гаднын улсад очиж сураад тухайн технологийг нэвтрүүлье гээд зорьж байгаа. Гол асуудал нь эрүүл мэндийн даатгалын системдээ дурангийн хагалгааг хийвэл арай өөр өртгөөр тооцох тухай олон жил ярьж байна. Даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн сайд ч юм уу шийдвэр гаргах хүмүүс нь шийдэж өгөхгүй л байна. 
quote photo
Гаднын улс орнуудад дурангийн хагалгаа болон нээлттэй хагалгааны үнийн зөрүү асар өндөр байдаг. Гэтэл манай улсад кодолж буй систем нь зөвхөн нээлттэй хагалгааны зардлаар л олгогддог.
Б.Ган-Эрдэнэ
Сайн дурын эрүүл мэндийн даатгал төлж байгаа хүмүүсийн мөнгөн дүнг, ажил эрхэлж байгаа хүмүүс хоёр дахин нугалж төлж байгаа. Өөрөөр хэлбэл ажил эрхэлж буй хүмүүс эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлж байгаа юм. Сайн дурын эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Тодорхой хэсэг хүмүүсийн эрүүл мэндийн даатгалыг улс өөрөө даадаг. Үүнээс болоод сайн дурын даатгалыг хамаагүй нэмж чадахгүй байж ч мэднэ.
Мөн эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээний нэгж төлбөрийг нэмэгдүүлэх нь зүйтэй. Манай улсын эмчилгээний үнэлэмж арай л бага байна. Жишээ нь, АНУ-д эрүүл мэндийн байгууллагад хэвлийн компьютер томограф хийлгэхэд 9000 доллар буюу монгол мөнгөөр 31 сая төгрөг байгаа юм. Нэмээд мэс засалд орвол 30 мянган доллар төлдөг. Энэ нь монгол мөнгөөр 105 сая төгрөг. Гаднын улсад эмчилгээ үйлчилгээгээ тусад нь төлбөрийг боддог бол манай улс нэгтгээд л төлбөрийг нь гаргадаг. Энэ тогтолцоог өөрчилж чадвал эмнэлгийн байгууллага зорилтот хүмүүстээ түлхүү анхаарах боломжтой болно. Эрүүл мэндийн систем гаднын улс орнуудад ийм л үнэ цэнтэй байна. Манай улсад үнэлэмжийг нэмэгдүүлж чадвал эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гадаадад хийлгүйгээр Монголдоо хийлгүүлэх боломжтой болно. Багцлаад хэлбэл манай улсын эрүүл мэндийн даатгалын гажуудал болон үнэлэмжийн асуудлыг зохицуулж өгөх шаардлагатай байна. Мөн Монгол Улсад л байгаа нэг сонин тогтолцоо бол эрүүл мэндийн даатгалаа төлөлгүй явж байгаад яг өвдсөн үедээ нөхөөд төлчихдөг. Энэ нь зөв зүйл биш юм. Эрүүл мэндтэй хүн бүр эрүүл мэндийн даатгалаа цаг тухайд нь төлөх учиртай. Хэрэв төлөөгүй бол хүү боддог ч юм уу ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй юм. 
-Элэгний өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Юуны өмнө иргэд B, C вирусийн шинжилгээгээ өгөөд вирус байхгүй байвал B-гийн вакцин гэж бий. Үүнийг хийлгэсэн байхад маш өндөр хувиар элэгний хавдар үүсэх эрсдэлээс өөрийгөө хамгаалж байгаа хэрэг юм. Мөн хаа хамаагүй гоо сайхны газар, шивээсний газар, чих цоолуулах газраар үйлчлүүлэхгүй байх ёстой. Нэг удаагийн хэрэгслээр л үйлчилгээ үзүүлдэг газрыг сонгох нь зүйтэй. Зарим тохиолдолд шүдний эмнэлгээс ч B вирус авах боломжтой юм. Аль ч эмнэлэг дээр олон удаагийн багаж хэрэглэлүүд бий. Хамгийн гол нь ариутгалын асуудал юм. 
Мөн B, C вирустэй болон насны ангиллын хувьд 40 наснаас дээш хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй. Мөн эдгээр хүмүүс жил бүр тогтмол оношилгоо, шинжилгээнд хамрагдаж байх нь зүйтэй юм. Эхо шинжилгээ нь хамгийн хямд шинжилгээ байдаг. Эхо шинжилгээн дээр ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн л гэвэл цаашдын нарийн шинжилгээнүүдийг өгөх шаардлагатай. Үүнд компьютер томограф, хэвлийн MRI зэрэг шинжилгээнүүд орно. Манай монголчууд эхо шинжилгээгээр ямар нэгэн асуудал илрээгүй байхад хавдрын маркер тогтмол өгөөд байдаг. Энэ бол ямар ч ашиггүй хий дэмий зардал гэж хэлж болно. 
-Ярилцсанд баярлалаа.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн