Хишгээгийн Болдсүх. Солонгос нэр нь И Гён Хе. 2025 оны хоёрдугаар сард БНСУ-ын шигшээ багийн тамирчнаар сонгогдсон. Өнгөрсөн жил БНСУ-ын дээд лигийн бүх оддын тоглолтын гурван онооны шидэлтийн тэмцээнд тэргүүлсэн амжилтаараа шуугиан тарьсан. Түүнийг эх орондоо амралтаараа ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
-Эн тэргүүнд БНСУ-ын шигшээ багийн тамирчнаар сонгогдсонд баяр хүргэе. Багын мөрөөдлөө биелүүлжээ?
-Баярлалаа. Зорьсондоо хүрч, багынхаа мөрөөдлийг биелүүлсэндээ баяртай байна.
-Солонгос руу явснаасаа хойш Монголдоо хэр олон ирэв. Энэ удаад амралтаараа ирсэн гэж сонслоо?
-2009 онд 10 настайдаа ээж дээрээ очихоор Солонгосыг зорьсноос хойш хоёр дахь удаагаа ирж байна. Өнгөрсөн жил Монголдоо долдугаар сард ирэхэд яг цас орж таарахад их бэлгэшээсэн. Ирээд “таньсан” ганц газар бол Сүхбаатарын талбай. Хот маань маш их өөрчлөгдсөн байна. Долоохон хоногоор ирсэн болохоор Тэрэлж л явж амжсан.
Энэ удаа амралтаараа ирлээ. Монголынхоо лигийг сонирхож телевизээр үздэг байсан, сая ирэхдээ анх удаа “амьдаар” үзлээ. Гоё байна, сэтгэгдэл маш өндөр байна. Монголын хөгжил ч, сагсны хөгжил ч гоё байна.
Монголоо, гэрээ, монгол хоолоо их санадаг, байн байн ирмээр санагддаг. Хотоос жаахан гарч агаар амьсгалах дуртай. Одоохондоо хараахан явж амжаагүй байна.
-Багаасаа л сагсны шийтэн дээр тоглож өнждөг байсан гэсэн байна лээ?
-Нагац ах нараа дагаад гэртээ ч, гадаа ч байнга л сагс тоглож явдаг, сагсны шийтэн дээр өнждөг хүүхэд байсан. Телевизээр сагсны тэмцээн, лиг үздэг байв. Солонгост очоод Чангвон хотын спортын сургалттай сургуульд шалгалт өгч тэнцээд, мэргэжлийн сагсан бөмбөгийн ангид орсон. Сагс тоглоод одоо бараг 16 жил болж байна. Амьдралын минь салшгүй хэсэг болсон.
-Очоод хэр их бэрхшээлтэй тулгарав?
-Хэл сурахад бол бэрхшээл гараагүй. Харин иргэншил өөр болохоор хүссэн, чухал чухал тэмцээнд орж чадахгүй нь надад хамгийн хэцүү байсан. Иргэншлээ солиход солонгос нэр бас хэрэгтэй байсан учраас нэрээ 2018 онд сольсон. Тэрнээс хойш намайг гадаад хүн гэж харахгүй, солонгос хүн л гэж хардаг болсон.
-Одоо тоглож буй багийнхаа тухай танилцуулаач?
-БНСУ-ын “KCC Egis” багт тоглож байна. 2020 оны драфтын эхний тойргийн сонголтоор Бусан KCC-гийн эгнээнд нэгдсэн. Солонгосдоо нэр хүндтэй компанийн дэргэдэх, улсдаа шилдэгт тооцогддог сагсан бөмбөгийн баг. Манай баг 22 тоглогчтой. 12 нь тоглолтод явна. Хоёр нь импорт тамирчин, 10 нь солонгос тамирчин.
Би багтаа 3 онооны шидэлт хийхээс гадна хамгаалагчийн үүрэг гүйцэтгэнэ. Мөн зургаа дахь тоглогч гэдгээрээ үүрэг маань их чухал. Эхлээд таван тоглогч талбайд гараад, сэлгээгээр хамгийн түрүүнд би ордог гэсэн үг.
Бид ихэвчлэн Сөүлийн ойролцоо Сувон хотод байрладаг. Бэлтгэлийн заал яг хажуудаа байдаг. 10 сараас улирлын тоглолт эхэлдэг учир 9 дүгээр сар гэхэд тоглолтын хуваарь гарчихдаг. Плэй-Оффын өмнөх 54 тоглолт байдаг болохоор автобусандаа суугаад, тойроод л явчихдаг.
Солонгост өрсөлдөөн маш ширүүн. Өрсөлдөөн дундаас гарах, амжилтад хүрэхийн төлөө маш их хөдөлмөрлөсөн. Бусдаасаа 2-3 дахин илүү бэлтгэл хийдэг байлаа
-Тоглолтын талбайд гарах үедээ юу мэдэрдэг вэ. Догдлол, аз жаргал, эсвэл сандрал?
-Огт өөр хүн болдог. Аз жаргалтай, баяр хөөртэй болдог. Бас өөртөө итгэлтэй. Ер нь энэ хүртэлх замыг туулж өдийг хүрэхэд, амжилт гаргахад амар байгаагүй шүү дээ. Тийм учраас тоглолтод орж байгаадаа, талбайд гарч байгаадаа үргэлж баярладаг, хамаг хүчээ, бүхнээ зориулдаг.
Солонгост өрсөлдөөн ихтэй байдаг. Багаасаа л тэр бүхнийг мэдэрч өссөн. Тэр хүмүүсийг давж гарах, илүү байх, багшийнхаа нүдэнд өртөх гэдэг маш хэцүү. Тийм болохоор би бусдаасаа хоёр гурав дахин илүү их бэлтгэл хийдэг байлаа. Мөн иргэншлийн асуудлаас болж эмнэлгийн үзлэгт ороход хүртэл солонгосуудаас 3-4 дахин илүү мөнгө төлнө. Өрсөлдөөн дундаас гарах, амжилтад хүрэхийн төлөө маш их хөдөлмөрлөсөн. Харин иргэншлээ сольсноос хойш асуудал нэлээд цэгцэрсэн.
-Өнгөрсөн жил БНСУ-ын дээд лигийн бүх оддын тоглолтын 3 онооны шидэлтийн аварга болсон. Түүнээс хойш хүмүүсийн хандлага хэр их өөрчлөгдөв?
-Гурваас шидэлт бол сагсчин хүний хувьд маш чухал байдаг. Тэр холын зайн шидэлтийн аварга болоход Монголоос маш олон хүн баяр хүргэсэн. Монголд ирэхэд залуучууд таньж, баяр хүргээд, гар барьж, зураг авахуулаад.
-Солонгосын, эсвэл Монголоос багт нь тоглох санал ирэв үү. Санал ирвэл хүлээж авах уу?
-Тухай үед багийн гэрээ дуусаагүй байсан болохоор санал тавихгүй л дээ. Одоо л санал орж ирвэл ирэх байх. Хэрэв санал ирвэл бодож үзнэ. Хүсвэл багаа сольж болно. Харин Монголоос бол санал тавьсан. Гэхдээ одоогоор багынхаа мөрөөдлийг биелүүлж, Солонгосын шигшээд тоглож байгаа болохоор хүлээж авах боломжгүй. Түүнээс гадна өөртөө бас нэг зорилго тавьсан байгаа. MVP авах буюу хамгийн үнэ цэнтэй тоглогч болох энэ зорилгоо биелүүлсний дараа л Монголдоо ирж тоглох тухай бодож магадгүй.
-Сагсан бөмбөгийн спорт амьдралыг нь хэрхэн өөрчилсөн гэж боддог вэ?
-Сагсан бөмбөгийн спортын тамирчин болсноор аливаад тэвчээртэй, тууштай байж, юмыг тултал нь хийдэг болсон. Мөн хүмүүстэй харилцах, бусдыг хүндлэх, хүмүүжилтэй байх, цэвэр цэмцгэр байх, биеэ даах гээд маш олон талаар өөрийгөө өөрчилж чадсан.
-Хэрэв сагс тоглоогүй бол гэж бодож үзэж байв уу?
-Сагс бол миний бүх юм гэж хэлж болно. Сагсгүйгээр өөрийгөө төсөөлж чадахгүй. “Хэрэв би сагс тоглодоггүй байсан бол” гэж бодоход ч толгойд юу ч орж ирэхгүй байна. Тэгэхээр сагс л тоглох гэж төрсөн байх.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Кино үзэх, лего эвлүүлэх дуртай. Найзуудтайгаа уулзах, шоппинг хийх дуртай. Пүүз цуглуулах бол миний хобби.
-Пүүзний цуглуулгатай гэж сонссон юм байна. Одоогоор хэдэн пүүзтэй байна вэ?
-Саяхан улирлын тоглолт дуусаад, гэрээ цэвэрлэсэн. Огт өмсөөгүй, цоо шинэ 88 пүүз байна лээ. Өмссөнөө бол тоолоогүй. Ер нь 100 гарах байх аа. Бэлгэнд авсан, өөрөө худалдаж авсан, спонсорын өгсөн пүүзнүүд ч бий.
-Фэн охид олон байдаг биз. Найз охин бий юу?
-Одоогоор найз охин байхгүй. Надад хийх юм их байна. Мөрөөдлөө, зорилгоо биелүүлэх миний хувьд хамгийн чухал байна. Фэнүүд бол олон бий. Солонгост их сэтгэлээрээ байдаг, тоглолтод орохын өмнө фэнүүд маань ирж зургаа даруулна, тоглолтын үеэр сайн дэмжинэ, тоглолтын дараа бэлэг, захидал, хоол авчирч өгнө. Монгол охидоос мессеж бас их ирдэг, амжилт хүсдэг.
Ер нь Солонгост нэг насаар ах хүнд ч хүндэтгэл үзүүлж харилцдаг. Энд бол 4-5 насны зөрүүтэй ч чацуутан, найз гэж харилцдаг. Залуучууд маань гоё соёлтой, чөлөөтэй болсон байна.
-Дүү нь бас сагс тоглодог гэсэн байх аа?
-Дүү маань 16 настай, өндөр намаараа надтай яг чацуу, 189 см. Сагс тоглодог, сагсан бөмбөгийн тамирчин болох мөрөөдөлтэй.
Зав гарвал Чангвон хотдоо очно, ээжтэйгээ, дүүтэйгээ уулзана, гэрийн хоолоо иднэ. Тоглолт бас тэнд таарвал гэртээ зорьж очно.
-Монголоор сайн ярьж байна. Мартаагүй байна шүү?
-Хүмүүс намайг монголоор сайн ярьж чаддаггүй гэдэг. Үгийн баялаг бол муу. Гэрийнхэнтэйгээ л монголоор ярьдаг болохоос багаасаа солонгос сургуульд сурсан, амьдарч байгаа орчинд маань дан солонгосчууд байдаг болохоор монголоор жаахан муу. Ойлгохыг хичээгээрэй. Гэхдээ миний ээж, өвөө монгол хэлээ мартаж болохгүй шүү гэж байнга хэлдэг, өдөр бүр утсаар ярьдаг болохоор монгол хэлээ бие дааж сурч байгаа. Ер нь бол ном унших дуртай. Сүүлийн үед ээжийнхээ авч өгсөн хүний хөгжлийн талаар монгол ном уншиж байна.
-Монгол залуучууддаа хандаж хэлэх үг байгаа байх?
-Сагсан бөмбөг тоглох дуртай хүүхдүүдэд би дуртайяа туслахыг боддог. Хэрэгтэй бол надтай холбогдоод, асуух зүйлээ асууж болно, бас бичээрэй. Хэд хэдэн хүүхдийг солонгос багш нартайгаа холбож өгч байсан.
Ер нь багадаа нэлээд хөдөлгөөнтэй, сагсанд маш дуртай хүүхэд байсан. Өвөө, эмээ маань намайг дэмжиж сагсан бөмбөгийн дугуйланд бүртгүүлж, явуулж байсан нь надад маш ихээр нөлөөлсөн. Өвөө маань цэргийн дарга хүн байсан болохоор бидний хүмүүжилд их анхаардаг байсан. Тийм сайхан өвөө, эмээ дээр өссөн болохоор өөрийгөө хүмүүжилтэй гэж хэлнэ. Өвөө, эмээдээ ирээдүйн замыг минь чиглүүлж, гэрэлтүүлж өгсөнд нь маш их баярлаж явдаг. Хайртай шүү гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.