Сүүлийн жилүүдэд хүргэлтийн үйлчилгээ эрчимтэй тэлж, өдөр бүр мянга мянган ачаа хэрэглэгчийн гарт хүрч байна. Гэвч энэ олон машинаас ялгарч буй шатахууны шаталтаас шалтгаалсан утааны бохирдол, дуу чимээний бохирдол нь асуудал дагалдаж буй. Улаанбаатар хотын агаарын чанарын индекс жилээс жилд муудаж, энэ нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс UBCab Express компани нь хүргэлтийн салбарт цахилгаан машиныг нэвтрүүлсэн анхдагчдын нэг боллоо.
“UBCab Express” компани байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн цахилгаан машинтай хүргэлтийн шийдлийг нэвтрүүлж БНХАУ-даа томоохонд тооцогдох Wuling брэндийн цахилгаан тээврийн хэрэгсэл нийлүүлэгч “МТС Моторс” ХХК-тай стратегийн түншлэл байгуулан ажиллаж байна.
Энэхүү алхам нь зөвхөн компанийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлээд зогсохгүй, хотын агаарын бохирдол, дуу чимээг бууруулахад бодит хувь нэмэр оруулах зорилготой юм. Энэ бол зөвхөн бизнесийн шийдэл бус, нийгмийн хариуцлагын бодит илэрхийлэл, үр дүн, шийдэлд уриалсан бодит ажил хэрэг болж байна.
Цахилгаан автомашины ашиглалт нь шатахууны зардлыг бууруулж, засвар үйлчилгээнд зарцуулах хугацаа, зардлыг хэмнэхээс гадна тээвэрлэлтийн үед ялгардаг хорт хий, дуу чимээг эрс багасгах давуу талтай. Энэхүү хариуцлагатай ажилд манлайлан ажиллаж буй “UBCab Express” компанийн Гүйцэтгэх захирал Ө.Батзориг болон “МТС Моторс” ХХК-ийн ерөнхий захирал Э.Золжаргалтай ярилцсанаа хүргэе.
-“UBCab Express” болон “МТС Моторс” компани яагаад хамтран ажиллах болсон бэ. Хамтын ажиллагааны түүхээсээ хуваалцвал?
-“UBCab Express” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг: Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд хүргэлтийн салбарт гарч буй нүүрс хүчлийн хийг бууруулах зорилготой төслийг гурван жил гаруй хугцаанд судалж, үйл ажиллагаандаа үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөж ирсэн. Энэхүү төслийн хүрээнд МТС моторс компанитай хамтран Монгол улсад хүргэлтийн салбарт анх удаа цахилгаан машиныг нэвтрүүлж байна. Бид өдөрт дунджаар 6000 орчим ачааг хэрэглэгчийн гарт хүргэдэг. Энэхүү хүргэлтийн тодорхой хувийг цахилгаан автомашинаар тээвэрлэж эхлээд байна. Цаашид бид цахилгаан машинаа нэмэгдүүлж, нийт хүргэлтийн 30 хувийг байгальд ээлтэй тээврийн хэрэгслээр хүргэх зорилт тавин ажиллаж байна. Цахилгаан автомашиныг хүргэлтийн үйлчилгээнд нэвтрүүлснээр хүрээлэн буй орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл маш их бий. Цахилгаан автомашин нэг км-т зарцуулах зардал нь дунджаар 60-70 хувь хямд байдаг төдийгүй ашиглалтын зардал, засвар үйлчилгээний давтамж бага байдаг. Түүнчлэн ойролцоогоор 400 тонн CO₂ ялгарлыг 3 жилд бууруулах тооцоо судалгаа гарсан байна. Энэ бол Улаанбаатар хотын агаарын чанарт эерэг нөлөө үзүүлэх бодит үр дүн юм. Цахилгаан автомашинууд бараг чимээгүй ажилладаг учраас дуу чимээний бохирдлыг ч эрс бууруулна. Бид дуу чимээний бохирдолдоос үүдэн ямар их ачаалал авч, ядарч стрессдэж байгаагаа өөрсдөө ч мэдэхгүй явдаг юм билээ. Түүнчлэн бидний хэрэглээнд нэвтрүүлж буй Wuling брэндийн бинго загварын машин нь Монгол улсын цаг агаарын нөхцөлд таарсан буюу -30 хэмд туршигдаж, халаалтын систем, батерейны ажиллагааг сайтар зохицуулж болохыг баталсан загвар юм. Иймд бид тухайн цахилгаан машиныг үйлчилгээндээ итгэлтэй нэвтрүүлж эхэлж байна.
-“МТС Моторс” ХХК-ийн ерөнхий захирал Э.Золжаргал: Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, UBCab платформоор дамжуулан түрээсийн үйлчилгээнд явуулах зорилгоор МТС Моторс компанийн зүгээс UBCab Express компанид санал тавьсан.
-Энэ хамтын ажиллагааны гол зорилго, бусад төслүүдээс ялгарах онцлог нь юу вэ?
-“UBCab Express” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг: Нэн тэргүүнд Улаанбаатар хотын агаарын бохирдол, хүргэлтийн ачаа тээврийн үйлчилгээний хүлэмжийн хийн оролцоог бууруулах, иргэдийн эрүүл амьдрах орчныг сайжруулах зорилготой. Ялгарах онцлогийн хувьд “UBCab Express” компани хүргэлтийн цахилгаан машиныг эзэмшээгүй. МТС Моторс компани БНХАУ-ын Wuling брэндтэй албан ёсоор хамтарч ажилладаг. Энэ компанийн зүгээс бидэнд тодорхой хэмжээний хөнгөлөлттэй горимоор цахилгаан машиныг үйлчилгээндээ нэвтрүүлэх боломжийг санал болгож байна. Нөгөө талаараа нэвтрүүлээд орхих биш “UBCab Express” компанийн шуурхай, чиглэлийн хүргэлтийн үйлчилгээнд тухайн машиныг нэвтрүүлж, бараа бүтээгдэхүүнээ хүргэх боломжтой. Хүргэлтийн жолоочийн эдийн засагт ашигтай бизнес модель руу шилжиж чадсанаараа, байгаль орчинд ээлтэй, инновци шингэсэн хүргэлтийн үйлчилгээний соёлыг түгээх том алхам болно хэмээн харж байна.
-UBCab Express-д нийлүүлж буй цахилгаан тээврийн хэрэгслийн төрлүүд, онцлогуудын талаар танилцуулахгүй юу?
-“МТС Моторс” ХХК-ийн ерөнхий захирал Э.Золжаргал: Манай компани 2022 оноос эхлэн Wuling брэндийн автомашиныг албан ёсоор оруулж ирж байгаа. Wuling брэнд нь Хятад улсдаа цахилгаан машин борлуулалтаараа гуравдугаарт эрэмбэлэгддэг. Эхний ээлжид бид “UBCab Express” компанид Wuling bingo загварыг нийлүүлэн ажиллаж байна. Энэхүү машины хамгийн гол үзүүлэлт бол орчин үеийн дэвшилтэд LFP (Lithium Iron Phosphate) батарейн технологи юм. Түүнчлэн, их хотын өнгө үзэмжид нийцсэн загварлаг дизайнаас гадна маш бат бөх чанартай ган төмөр хийцтэй. Иймд Хятадын болон Зүүн Өмнөд Азийн хэрэглэгчийн дунд маш алдартай.
-Эдгээр тээврийн хэрэгслүүд хүргэлтийн үйлчилгээнд хэр тохиромжтой гэж үзэж байна вэ?
-“МТС Моторс” ХХК-ийн ерөнхий захирал Э.Золжаргал: Энгийн үгээр маш тохиромжтой. Учир нь овор хэмжээний хувьд жижиг учраас авсаархан. Зардлын хувьд хямд өртгөөр хол зай туулах хүчин чадал бүхий батерейтай. Доторх зай талбай томтой учир ачаа бараа зөөгөөд явахад тохиромжтой. Зөв талдаа рультэй машин учир осол аваар гарах эрсдлийг бууруулна. Түүнчлэн өвлийн тэсгим хүйтэнд ч явахад тохиромтой. Wuling брэндийн Bingo загварын уг машиныг хэрэглээнд нэвтрүүлэхийн өмнө олон талт туршилтыг хийсэн байдаг. Ингэхдээ өвлийн тэсгим хүйтэнд ажиллах чадал, батерейн цэнэг барилт хэр байх зэрэг олон талт судалгааг хийж, туршилтаар баталгаажсан чанарыг хэрэглээнд нэвтрүүлж байгаа юм. Туршилтын үр дүнд 60 хувийн уналттай буюу 180 км явж байсан хүний бүтэн өдрийн хэрэглээнд хангалттай хүрнэ гэж үзэж байна.
-“UBCab Express” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг: Манай зүгээс МТС Моторс компанитай хамтын ажиллагаагаа сарын өмнөөс эхлүүлэн, туршилтаар явуулж эхэлсэн юм. Нийт 500 барааг 5 машинд хуваан хүргэлтэд явуулж үзсэн. Цахилгааны машины давуу тал нь хүч авалт маш сайн, багтаамж сайтай, өнгө үзэмжтэй, жижиг төрлийн машин учраас зогсоолын талбай бага эзэлдэг. Мөн цахилгааны цэнэглэлт хурдан. Тодруулбал, МТС Моторс компанийн цэнэглэлтийн бааз дээр 30 минут, манай байгууллагад ойролцоогоор 2 цаг 30 минутын хугацаанд бүрэн цэнэгээ авдаг. Түүнчлэн, хүргэлтийн жолоочдоос судалгаа авахад машины хэрэглээ, доторх салон, хүргэлтийн горимд ажиллах нөхцөл гээд бүх зүйлээрээ сэтгэгдэл өндөртэй байгаагаа илэрхийлсэн.
-Цахилгаан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх нь байгаль орчинд ямар эерэг өөрчлөлт үзүүлэх вэ?
-“UBCab Express” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг: Хүргэлтийн компанийн хувьд хамгийн том асуудал нь бензин хөдөлгүүртэй машинаас ялгаруулж буй нүүрс хүчлийн хий юм. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд бид машинаасаа эхлээд анхаарч эхэлж байна. Хоёрдугаарт, цахилгаан машинд эвдрэл, гэмтэл бага байдаг. Харин шатахуунаар ажилладаг машин 2-3 сардаа, зарим нөхцөлд сардаа нэг удаа моторын тос солих шаардлага гардаг. Тухайн машинаас гарч буй хаягдлыг зориулалтын аргаар устгаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Тус хаягдал нь химийн хортой элемент учраас хөрс болон газрын гүний ус, зарим тохиолдолд голын усыг бохирдуулдаг. Цахилгаан автомашин ашигласнаар дээрх асуудлыг шийдэх боломжтой. Бид 2029 он гэхэд нийт хүргэлтэд явуулж байгаа машиныхаа 60-70 хувийг цахилгаан машин болгохоор зорьж байгаа. Ер нь 2026 он гэхэд цахилгаан 50-100 машиныг хүргэлтэд гаргахаар зохион байгуулалтын горимд шилжээд явж байна. Эхний ээлжид 2025 ондоо 10 цахилгаан машиныг хүргэлтийн үйлчилгээнд тогтмол явуулна.
-“МТС Моторс” ХХК-ийн ерөнхий захирал Э.Золжаргал: Цахилгаан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх нь байгаль орчинд дараах эерэг өөрчлөлтүүдийг авчирна. Мэдээж агаарын бохирдлыг бууруулна. Ингэснээр агаарын чанар сайжирч амьсгалын замын халдварт өвчин багасна. Хүлэмжийн хийн ялгаралт буурч дэлхийн дулаарлын эсрэг дэмжлэг болно. Эрчим хүчний хэмнэлт сайжирч нар, салхины эрчим хүчтэй хослуулах боломж бүрдэнэ. Газрын тосны хэрэглээг бууруулна. Иймд байгалийн баялгийн олборлолт тос, хий багасна. Хүн бүр байгалиа хамгаалж, хайрлахад хувь нэмрээ оруулж чадна гэдгийг баталгаа энэ байх. Учир нь бид байгалиа хамгаалахад ямар сонголт хийх вэ гэдгээс л эхэлнэ.
-Шатахуунаар ажилладаг машинтай харьцуулахад зардлын хувьд ямар ялгаатай вэ. Харьцуулалтын аргаар тайлбарлавал уншигчдад илүү ойлгомжтой байх болов уу?
-“МТС Моторс” ХХК-ийн ерөнхий захирал Э.Золжаргал: Жишээлбэл, 210 км туулах чадалтай бинго автомашины 31 квт батарейг нэг удаа дүүртэл цэнэглэхэд шөнийн тарифаар 3600 төгрөг зарцуулдаг. Өдрийн тарифаар тооцоход 7200 төгрөгийг батерей цэнэглэхэд зарцуулна. Дундаж бензин зарцуулалттай автомашинтай харьцуулахад 8 дахин бага зардлаар туулах юм. Хэрэглэгчийн хэрэглээнд нийцсэн илүү хямд цэнэглэлтээр урт хугацааг туулах боломжийг нээж өгч байгаа.
-Олон нийтийн дунд цахилгаан машины талаарх ойлголтыг өөрчлөхөд энэ хамтын ажиллагаа хэрхэн нөлөөлнө гэж бодож байна вэ?
-UBCab Express” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг: Хэрэглэгчдийн дунд цахилгаан автомашины хэрэглээ бодит амьдралаас хэт хол, хэрэглэхэд төвөгтэй гэсэн ойлголтыг залруухад тус болох болов уу. Орчин үеийн цахилгаан автомашинууд анхны гарч байсан загваруудаас илүү дэвшилтэт технологиор хийгдэж, бидний өдөр тутмын хэрэглээнд төгс зохицох хувилбарт шилжиж байна. Иймдээ ч хэрэглэхэд хялбар, найдвартай, хэмнэлттэй болсон. “UBCab Express” компани нь цахилгаан автомашиныг шуудан хүргэлтийн салбарт нэвтрүүлж буй нь цахилгаан автомашин энгийн хэрэглээнд улам ойртсон гэдгийг харуулж байна. Түүнчлэн тогтвортой хөгжил рүү шилжих нь зөвхөн зардал бууруулах тухай бус, харин ирээдүйн эдийн засаг, хэрэглэгчдийн хүлээлт, дэлхийн чиг хандлагад хөл нийлүүлэх алхам гэж харж байна.