ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт Дэлхийн II дайнд Зөвлөлт Холбоот Улс болон түүний холбоотнууд ялсны 80 жилийн ойг тохиолдуулан Украинд хийж буй дайнд гурван өдрийн гал зогсоох санал гаргалаа.
Путины энэ алхам нь ОХУ энхийн хэлэлцээр хийх сонирхолтой гэдгээ харуулах гэсэн оролдлого мэт харагдаж байгаа ч Украин болон Европын холбоотнууд үүнд эргэлзэж байна. Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа энхийн үйл явц урагшлахгүй байгаад тэвчээр алдаж эхэлжээ.
Кремль тавдугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд бүх дайны ажиллагааг зогсооно гэж мэдэгдсэн байна. Тухайн өдрүүдэд Путин Хятад улсын дарга Ши Жиньпин зэрэг олон улсын удирдагчдыг урьж, Нацист Германыг ялсны баярыг тэмдэглэх билээ.
Харин Украин шууд гал зогсоохыг шаардаж, яагаад дор хаяж 30 хоног үргэлжлэх бодитой гал зогсоох хэлэлцээр хийхгүй байгаа талаар Путиныг шүүмжилжээ. "Яагаад заавал тавдугаар сарын 8-ныг хүлээж, зөвхөн парадын үеэр л гал зогсоох хэрэгтэй гэж? Бид парадаас илүү хүний амь насыг эрхэмлэдэг" гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн байна.
Энэ нь Путины хоёр дахь удаагийн нэг талт гал зогсоох зарлал бөгөөд өмнө нь Улаан өндөгний баярын үеэр 30 цагийн гал зогсоохоо зарласан ч хоёр тал хоёулаа зөрчсөн гэж харилцан буруутгаж байжээ.
Энэхүү шинэ мэдэгдлийн өмнө Оросын арми Киев хот руу хүчтэй довтолгоо хийсэн бөгөөд үүний дараа Ерөнхийлөгч Трамп Путинд шүүмжлэлтэй хандаж, "Путин намайг зүгээр л хуурч байна" гэж санаа зовниж байгаагаа илэрхийлсэн. АНУ өмнө нь бодит ахиц гарахгүй бол энхийн хэлэлцээрээс гарах болно гэж хэд хэдэн удаа анхааруулж байсан юм.