АНУ-ын Ерөнхийлөгч Трамп олон нийтийн сүлжээгээр дамжуулан Украины нийслэл Киевт ОХУ цохилт өгсөнд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж, энхийн хэлэлцээ явагдаж байгаа энэ үед дайралтаа үргэлжлүүлсээр байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг "ЗОГС!" хэмээжээ.
Орос Киев рүү хэдэн цагийн турш пуужин, нисгэгчгүй онгоцоор дайрсны улмаас 12 хүн амиа алдаж, 90 орчим хүн шархадсан нь Украины нийслэлд долоодугаар сараас хойших хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага болж магадгүй юм.
"Оросын Киевт цохилт өгсөнд би сэтгэл хангалуун бус байна. Шаардлагагүй зүйлийг буруу цаг хугацаанд хийлээ. Владимир, ЗОГС! долоо хоногт 5000 цэрэг үхэж байна. Энхтайвны хэлэлцээр хийцгээе!" гэж Трамп "Truth Social" хуудсандаа бичжээ. Хэдийгээр Трамп албан тушаалдаа орохоосоо өмнө дайныг зогсооно гэж мэдэгдсэн ч түүний засаг захиргаа өнөөг хүртэл энхийн хэлэлцээрийг зуучилж чадаагүй байна.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт өнгөрсөн лхагва гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ "АНУ Орос, Украины аль алинд нь маш тодорхой санал тавьсан бөгөөд тэд "Тийм" гэж хэлэх эсвэл АНУ энэ үйл явцаас холдох цаг нь болсон" гэжээ. Трамп Крымийн асуудлаар өөрийг нь шүүмжилсний хариуд Зеленский 2018 онд Төрийн нарийн бичгийн дарга байсан Майк Помпеогийн мэдэгдлийг нийтэлсэн бөгөөд Помпео Крымийг ОХУ-д нэгтгэх гэсэн оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь АНУ-ын бодлого хэмээж байжээ.