Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарим гишүүд санаачилж, боловсруулсан. Тэдний тайлбарласнаар, уг хуулийн төсөл батлагдвал аж ахуйн нэгжүүдийн татварын дарамт буурч, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдэнэ гэж буй. Мөн 10 мянга гаруй хүнийг ажлын байраар хангах зэрэг олон давуу тал бий гэдгийг онцолсон. Гэвч уг хуулийн төслийг бодит байдалд хэрэгжих боломжгүй гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байна. Иймд Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах төслийн хэрэгжих боломж, үр нөлөөний талаар гурван өөр байр суурийг тодрууллаа.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэрэгжсэнээр ямар давуу талууд үүсэх тухай УИХ-ын гишүүн Б.Түвшин тайлбарлав.
Тэрээр "Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн зарчим бол нийгмийн даатгалын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Гэхдээ энэ зорилгыг хэрэгжүүлэхдээ ажил олгогч, бизнес эрхлэгчдэд хэт их ачаалал үүрүүлбэл тэд үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрч, өөрөө ч, даатгалын сан ч мөн хохирно. Тиймээс ачаагаа тааруулах хэрэгтэй. Хууль санаачлагчдын зүгээс гурван зарчмын шинжтэй шинэчлэлийг багтааж байгаа юм.
Татварын дарамт багассанаар ажлын байр нэмэгдэх юм. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин өсөж, хүн амын орлогын албан татварын орлогоор Нийгмийн даатгалын санд үүсэх хасалтыг нөхөх бүрэн боломжтой. Эдгээр ажлын байрнаас бүрдүүлэх орлогын албан татвар 300 тэрбум төгрөгийг нөхөж чадна гэсэн тооцоолол гарсан. Ингэснээр 10 мянга гаруй хүн шинээр ажлын байртай болж, улсын эдийн засагт идэвхжил бий болохын зэрэгцээ бизнес эрхлэх таатай орчин бүрдэнэ” гэсэн юм.
Харин энэхүү хуулийн төсөл дээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан эсрэг байр суурьтай байгаа бөгөөд хэрэгжих боломжгүй хуулийн төслийг олон нийтэд мэдээлж хүлээлт үүсгэх нь буруу зүйл. Манай улстай яг адилхан тогтолцоогоор явж буй улс орнууд байгаа талаар мэдээлсэн.
Тэрээр "Ч.Лодойсамбуу, Б.Түвшин нарын санаачилсан нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах хуулийн төсөл хэрэгжих боломжгүй. Дэлхийн аль ч улс оронд ажил олгогч ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөггүй тогтолцоо гэж байдаггүй. Монгол Улс цаашид тэтгэврийн сантай байх шаардлагатай. Өнөөдөр хөдөлмөр эрхэлж буй хүмүүс ирээдүйд тэтгэвэр авахын тулд ажил олгогч болон ажилтан хоёулаа шимтгэл төлдөг, тэтгэврийн даатгалын тогтолцоог баримталж буй 187 улс бий. Тиймээс ийм бүтэшгүй санааг ярьж, иргэдэд хэт их хүлээлт үүсгэж буй нь буруу юм.
Мөн малчдын дунд тэтгэврийн насыг нөхөн даатгалын хуулиар дахин зохицуулах зэрэг хэрэгжих боломжгүй концепцуудыг ярьж, иргэдийг төөрөгдүүлж болохгүй. Малчдын хувьд тэтгэврийн насыг нь хангалттай наашлуулсан бөгөөд төрөөс тэдний нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг таван жилийн хугацаанд дааж байгаа. Ийм төрийн дэмжлэгтэй өөр ямар ч салбар байхгүй.
Ирэх жил бид зөвхөн шимтгэлийн хэмжээг бууруулах тухай ярих бус, ослын даатгал, ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийн даатгал зэрэг иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх тогтолцооны шинэчлэлийг ярьж эхэлнэ" гэлээ.
Энэхүү хоёр талтай яригдаж буй хуулийн төсөл дээр МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор, Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Х.Цэвэлмаа ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Тэрээр “Манай улс ДНБ-ий дийлэнхдээ зардлаар л ярьдаг. Тухайлбал, Засгийн газрын зардал, хөрөнгө оруулалт, цэвэр экспортын зардал гэх мэт. Гэтэл эдийн засгийн ухаанд ДНБ-ийг орлогоор авч үздэг. Цалин, хүү, өмчийн орлого зэргээс тооцож үзээд аль нь ДНБ-ий хэдэн хувийг эзэлж байна гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Тиймээс ДНБ-д цалин хэдэн хувийг эзэлж байгааг харвал үр дүн нь харагдах юм.
Ашиг цалин хоёрын аль нь ДНБ-д илүү хувийг эзлээд байна вэ. Яг тэр цалинд эзэлж буй хэмжээгээр ДНБ-ий худалдан авах чадварт нь нөлөөлж байна уу гэх асуудал хамгийн чухал юм. Хүн амынхаа амьжиргааны түвшнийг дээшлүүлье гэвэл хүн амын бодит орлого, үндэсний тооцооны системд хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулах хэрэгтэй.
Манай улсад өнөөдрийг хүртэл хийгдэхгүй байгаа зүйл бол нэг ажлын байранд нэг цагт хэдэн төгрөг байх талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Залуу үеийнхэнд ажиллах сонирхол байгаа. Сонирхолгүйдээ хүмүүс ажилгүй байгаа юм биш. Гол нь нэг ажлын байрны нэг цагт олгодог цалингийн хэмжээ хэдэн төгрөг гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Энэ хооронд интервалууд байж болно. Машин угаах гэхэд хамгийн дээд тал нь хэд байх уу, доод тал нь хэдэн төгрөг байх уу. Байгууллагуудын архивыг цэгцлэхэд нэг цаг нь хэдэн төгрөг байх вэ. Янз бүрийн хүргэх үйлчилгээ хийхэд доод болон дээд талын ажлын хөлс хэд байх уу, илүү нарийн технологийн, инновацын чиглэлийн ажлуудыг хийхэд нэг цагийн ажлын хөлс хэд байх уу гэдэг нь тодорхой баймаар байна. Энэ байдлыг мэдээлж өгдөг бол олон залуучууд ажлын байр сонирхоно хэмээн харж байна.
Одоогийн Z үеийнхэн гэж яриад байгаа хүмүүс дийлэнхдээ нэг ажлын байранд тогтвортойгоор олон жил ажиллах баталгаа сул байна. Нөгөө талдаа тухайн ажлын байранд хүн ажиллаж үзээд дараагийн ажил руу шилжээд л яваад байх сонирхол байж ч магадгүй. Ажлын байран дээр янз бүрийн дадал суулгахын тулд тухайн хүнд урамшуулал санал болгох хэрэгтэй юм.
НДШ, татварыг бууруулна гэдэг нь цаанаа боловсрол, инновац хоёртой илүү холбоотой. Инновац талын зүйлийг хүмүүс хэр их өдөөхөөр хийж чадаж байгаа болон ямар үнэ ханштай ажлын хөлс байгаа талаар тодорхойгүй байна. Эргэх талаас нь авч үзэж, олон талаас асуудлыг харахгүй бол зөвхөн нэг байгаа өндөр дүнг бууруулах нь асуудлын шийдэл болоход хэцүү.
Мөн нийгмийн даатгалтай холбоотой тэтгэмжийн асуудал, ажилгүйдлийн тэтгэмжийн асуудлууд гарч ирнэ. Ажилгүйдлийн тэтгэмжийг хэр урт хугацаанд үргэлжлүүлэх талаар асуудал байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн сангийн мөнгөөр юу хийх вэ гэх асуудал ч мөн гарч ирнэ. Туршлагаас харахад НДШ-ийн мөнгийг нэг банканд байршуулбал алддаг. НДШ-ийн мөнгийг Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулахдаа зарцуулдаг нь буруу тогтолцоо болоод байгаа юм.
НДШ-ийн мөнгө нь хүний тэтгэвэртээ гараад хэрэглэх, нэг ёсондоо авах хэмжээг нь Засгийн газар дааж баталгаа өгч байна гэсэн үг. Миний хэрэгцээг хангах нийтийн болон нийгмийн үйлчилгээний хөрөнгө оруулалтаа урт хугацаанд үр өгөөжтэй байлгах асуудлыг шийдэх хэрэгтэй. Зориулалтын бус зарцуулалтыг хэн хянах вэ гэдэг нь ч асуудал юм. Монголд өчнөөн олон хуулийг баталж гаргалаа. Нэг хуулийг хэдэн ч удаа өөрчилдөг юм. Хуулиудын хоорондын холбоог аль нь илүү зардалтай байна аль нь зардал багатай байна. Хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх амьдралын чанарыг ахиулахад зарцуулж байгаа талаарх судалгаа хэрэгтэй. Монгол Улс өнөөдрийг хүртэл баталсан 800 гаруй хуулиндаа холбогдох дүн шинжилгээг хийж үзсэн үү. Үр нөлөөг нь тооцохгүй л яваад байгаа юм” гэв.