Оюу толгой компанийн удирдлагын багийн гишүүд өнөөдөр 2025 оны I улирлын байдлаарх онцлох үзүүлэлт болон төслийн хэтийн төлөвийн талаар мэдээлэл өгснийг тоймлоё.
2025 онд Оюу толгой компани нийт үйлдвэрлэлийн хүчин чадлаа 50 хувь нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Эхний улирлын байдлаар 65.2 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 42 хувиар өссөн дүн юм. Оны эцэст 325-348 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд гүний уурхай үйлдвэрлэл өргөжиж байгаатай холбоотойгоор цаашид үйлдвэрлэл тогтмол өсөх боломж бүрджээ. Оюу толгойн уурхайн үйлдвэрлэлийн оргил үе 2028 оноос эхэлж, жилд хагас сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг болох тооцоо бий.
Оюу толгой ХХК I улиралд 418 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ
Оюу толгой ХХК нэгдүгээр улиралд 510 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөгийг дотоодод зарцуулснаас 75 хувь нь дотоодын ханган нийлүүлэгчдээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээний зардал эзэлж байгаа аж. Улсын төсөвт татвар, АМНАТ-т 415 тэрбум төгрөг төлсөн байна. Түүнчлэн, нэгдүгээр улиралд тус компанийн мөнгөн хөрөнгө анх удаа эерэг гарчээ. Өөрөөр хэлбэл, олсон орлого нь анх удаа гаргасан зардлаасаа давсан байна. Цаашдаа уурхайн үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр мөнгөн орлогын хэмжээ өснө гэдгийг компанийн удирдлагууд онцлов.
Энэ оны тухайд үйлдвэрлэл мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа ч зэсийн ханш дэлхийн зах зээлд тогтворгүй байна. Өнгөрсөн оны мөн үед зэсийн ханш 9300 ам.долларт тогтвортой хадгалагдаж байсан бол 2025 он гарсаар зэсийн ханш тогтворгүй, мөн тарифын дайны нөлөө зэргээс тонн нь 8700 руу орсон нь нийт орлого буурахад нөлөөлж магадгүй аж. Гэхдээ алтны ханш өсөж байгаа нь энэ бууралтыг нөхөхөд дэмжлэг болно. Оюу толгойн хувьд үйлдвэрлэсэн баяжмал дахь алтны хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд 2025 оны нэгдүгээр улиралд 65.8 мянган унц алт үйлдвэрлэсэн байна.
Гүний уурхайн онцлох бүтээн байгуулалтын талаар
Үйлдвэрлэл нэмэгдэхэд нөлөөлж байгаа бүтээн байгуулалт бол туузан дамжуулга буюу налуу ам. Гүний уурхайгаас олборлосон хүдрийг газрын гадарга руу, цаашлаад баяжуулах үйлдвэрт хүргэх туузан дамжуулга ашиглалтад орсноор үйлдвэрлэл бодитой нэмэгдэж байгаа юм байна.
Оюу толгой гүний уурхайд газрын гадаргаас 10 градусын налуугаар 1.1 км-ийн хүртэл үргэлжлэх туузан дамжуулгаар тоноглогдсон хос туннел баригдаж байгаа бөгөөд туннелийн нэгээр нь гүний уурхайн хүдрийг тээвэрлэн газрын гадарга руу тээвэрлэдэг бол зэрэгцээ туннел нь засвар үйлчилгээ хийх хүн, хөдөлгөөнт тоног төхөөрөмж зорчих зориулалттай. Газрын гадарга руу хүдэр хүргэх туннел ашиглалтад орсон бөгөөд 2025 оны эхний улиралд 10 мянган тонн хүдрийг баяжуулах үйлдвэрт хүргэсэн байна.
Энэхүү налуу амын нийт урт нь 7.8 км бөгөөд 6.6 км нь газрын дор, 1.2 км нь газрын гадарга дээрх туузан дамжуулгаас бүрдэж, баяжуулах үйлдвэртэй холбогддог байна. Гүний уурхайгаас олборлох нийт хүдрийн 80 хувийг энэхүү налуу амны туузан дамжуулгаар тээвэрлэх бөгөөд оргил үедээ өдөрт 95 мянган тонн хүдэр тээвэрлэх боломжтой юм. Эл бүтээн байгуулалтын эхний үе шат ашиглалтад орсноор гүний уурхайн үйлдвэрлэл эрс нэмэгдэж байгаа аж.
Оюу толгой ХХК эрчим хүчний хэрэглээнийхээ тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангахыг зорьж байна
Гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, хүдрийн баяжуулалт нэмэгдэхийн хэрээр уурхайн эрчим хүчний хэрэглээ өснө. Мөн газрын гүнд хүдэр бултлах, буталсан хүдрээ туузан дамжуулгаар тээвэрлэж, баяжуулах үйлдвэрт хүргэх зэрэг бүх процесст эрчим хүч ашиглана. Иймд цахилгаан эрчим хүчний найдвартай, тасралтгүй байдал нэн чухал. Одоогоор Оюу толгой компани өөрсдийн хэрэглэдэг цахилгаанаа 100 хувь БНХАУ-аас импортолдог. Цаашдаа энэ хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавьж, энэ талын яриа хэлэлцээг дотоодод эхлүүлснийг удирдлагын багийнхан онцоллоо.
Одоогоор дотоодын сэргээгдэх эрчим хүчний компаниудын дунд сонгон шалгаруулалт зарласан бөгөөд шалгарсан компани хөрөнгө оруулалтаа татаж, бүтээн байгуулалтаа хариуцан ажиллах бол Оюу толгой найдвартай худалдан авагч болох юм байна.