Open iToim app
Нийтлэл | 4 мин уншина

Дүн тавья

Дүн тавья
Нийтэлсэн 2 минутын өмнө
МАН гишүүдээ хатуу гараар хайрцаглахын тулд онооны систем нэвтрүүлж, намынхаа бодлогыг сөрсөн, нэгдмэл байр сууринаас зөрсөн этгээдэд хариуцлага тооцох, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх талаар хэлэлцсэн нь олны анхаарлыг татсан. Улмаар хэвлэл мэдээллийнхэн “Эрх баригч нам ардчиллаас бүрэн ухарч, олон ургальч үзлийг умартаж, коммуннист дэглэм рүү эргэн уналаа...” гэж хүчтэй шүүмжилсэн билээ. Тиймээс тэд энэ сэдвийг түр хойш тавьж, мартагнуулахыг хичээж буй. Гэвч олны нүднээс далд онооны систем албан бусаар хэрэгжээд эхэлсэн байхыг ч үгүйсгэхгүй.
Олон улсад улс төрийн нам хүчнүүд гишүүддээ дүн тавьдаг жишээ цөөнгүй байдаг ч энэ нь тухайн институцийн дотоод үйл ажиллагаанаас хальж, нийгмийн шинжтэй болж эхэлбэл олон сөрөг үр дагавртай. Чухам ямар хор нөлөөтэй талаар өмнө хангалттай хөндсөн учраас энэ удаад давтан нуршилгүй орхиё. Харин аль нэг намын гишүүдийг бус, албан тушаал, эрх мэдэл бүхий бүх хүн, байгууллагын үйл ажиллагааг тодорхой шалгуураар үнэлж дүгнэж, зохих дүнг нь тавьж, тэр дагуу хариуцлага ярьж хэвших нь нэн ач холбогдолтой. Иргэд дөрвөн жил тутамд сонгуулиар төрдөө дүн тавьж байна гэж ойлгодог. Тэгвэл яг үнэндээ сонгууль бол дүн тавьж байгаа хэрэг биш. Яагаад гэвэл тухайн бүрэн эрхийн хугацаанд сонгогдон ажилласан парламентын гишүүд, сайд, дарга нар, ИТХ-ын төлөөлөгч бүр дараагийн сонгуулиар дахин нэр дэвшиж өрсөлддөггүй. Дахих нь дахиад, хаях нь хаяад явна. Эрх мэдлээр хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж амташсан зарим нь дахин дахин сонгогдохоор улайрдаг бол зарим нь нэг удаа сайн “цадаж” аваад бушуухан алга болохыг бодох нь ч бий. Тиймээс олон нийтийг төлөөлөн төрд ажиллаж байгаа хүмүүсийг заавал дөрвөн жилийн сонгуулийн циклээр бус, өдөр бүр үнэлж дүгнэх шаардлагатай гэсэн үг.
Тухайлбал, анх удаа зургаан жилийн хугацаатай төрийн тэргүүнээр ажиллаж байгаа У.Хүрэлсүх сонгуулийн бус үед иргэдээсээ ямар дүн авах вэ гэдэг маш чухал. Энэ хүн үндсэн үүргийнхээ хүрээнд үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх чиглэлд ямар ахиц гаргав, гадаад харилцаа, олон улсын тавцанд улсынхаа эрх ашгийг хангаж, хамгаалж байна уу, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад оновчтой дэмжлэг, үр нөлөө үзүүлж чадаж байна уу гэх мэтэд нэгбүрчлэн дүн тавьж болно. Мөн УИХ-ын гишүүдийг олон нийтэд ач тустай хууль санаачилж, батлуулсан уу, хурал чуулгандаа хариуцлагатай сууж, оролцож байгаа юу, тойрогтоо ажилласан уу, ёс зүй сахилга бат хэр вэ гэдгээр нь, сайд нарыг хариуцсан салбарынхаа тулгамдсан асуудлыг бодитоор шийдвэрлэж, ахиц дэвшил гаргаж байна уу, ашиг сонирхлын зөрчилтэй юу гэх мэтээр нь дүгнэх ёстой.
Ийм жишиг тогтвол жишээ нь сая Ерөнхий сайд УИХ-ын гишүүний асуултад хариулахдаа ёс зүйн хэм хэмжээг илэрхий эвдэж, хэрүүлийн шинжтэй үг хэллэгээр язав татавхийсэн шиг ёозгүй үйлдэл давтагдахгүй. Гишүүд, сайд нар сэтгүүлчдийн асуултыг үл тоон таахалзахгүй. Улайм цайм хууль зөрччихсөн, төсвийн хөрөнгө үрэн таран хийчихсэн дарга нар юу ч болоогүй мэт хариуцлага хүлээхгүй яваад байхгүй. Эрх мэдэлтэн бүр хэлэх үг, хийх үйлдэлдээ хянамгай хандана. Олон нийтээс олигтой дүн авахын тулд ордонд ажиллахдаа төдийгүй орондоо унтахдаа ч бодож тунгаадаг болох сайн талтай.
Тэгвэл төрийн үйл хэрэгт дүн тавих энэ чухал хэрнээ сонирхолтой ажлыг хэн, хэрхэн хийх боломжтой вэ? Уг нь техникийн хувьд хамгийн боломжтой нь одоогийн E-Mongolia систем. Өдгөө хоёр сая хэрэглэгч бүртгүүлээд байгаа энэхүү цахим платформ хэрэглээ, хүртээмж талаасаа нэн тохиромжтой хувилбар. Гэхдээ хөгжүүлэгч тал нь төр өөрөө учраас итгэл үнэмшил төрүүлэх, дүгнэх шалгуурын оновчлол тал дээр хангалтгүй байх магадлалтай юм. Харин хөндлөнгийн хараат бус бүтэц байвал хаана хаанаа хардлага сэрдлэггүй амар. Ямартай ч, яг ийм зорилго бүхий урт хугацааны төслийг нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл удахгүй эхлүүлэх гэж байгаа мэдээлэл байна. Энэ нь төр засгийг зөвхөн шүүмжлэлж харлуулах юм уу, магтан дуулах бус олон нийтийн ажил хэрэгч үнэлгээ дүгнэлт болж, цаашлаад хариуцлага тооцох механизм бүрдүүлж чадвал нийгэмд үр дүнгээ өгнө. 
Өнөөдөр манай иргэд хэвлэл мэдээллээр дамжуулан төрийн үйл ажиллагааг шүүмжлэхээ шүүмжилж, дэмжихээ дэмжиж, дуу хоолойгоо хүргэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэй байгаа боловч яг тодорхой систем, аргачлал, зорилго чиглэл бүхий цогц үйл ажиллагаа байхгүй учраас бид эрх мэдэлтнүүдэд зохих дүнг нь тавьж чадахгүй байна гэж хэлж болох юм.
Дүн тавих ажлыг сонгуулийн бус үед оновчтой зохион байгуулж чадвал бүх шатны сонгуулийн үеэр хэн нь хэн бэ гэдэг илүү тодорхой болж, иргэд сонголтоо хариуцлагатай хийхэд тустай. Нөгөөтэйгүүр, уг дата мэдээлэлд үндэслэн улс төрчдийн рейтинг тогтоох судалгааг үр дүнтэй хийх, төрийн байгууллагууд өөрсдийн гаргаж буй бодлого шийдвэрт нь иргэд олон нийт ямар хариу үйлдэл үзүүлж буйг тандан судалж, алдаа дутагдлаа цаг алдалгүй засаж залруулах зэрэг олон  талын ач холбогдолтой билээ. 
 
Сэтгүүлч Ч.Дашдэлэг нь 2006 оноос хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байна. Улс төр, эдийн засгийн чиглэлээр ярилцлага, тойм, контент бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн