Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Украин залуусыг өндөр цалинтай үхлийн фронт руу дуудаж байна

Украин залуусыг өндөр цалинтай үхлийн фронт  руу дуудаж байна
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
Танд өндөр цалин, их хэмжээний урамшуулал, орон сууцны хүүгүй зээл авах боломж байна. Гэхдээ үүний тулд Дэлхийн II дайнаас хойших Европын хамгийн их хохиролтой мөргөлдөөний фронтод тулалдах ёстой болно. Ирээдүй бүхэлдээ өмнө нь нээлттэй залуучуудад энэ тийм амархан сонголт биш.
Украин улс ядарч туйлдсан, нас тогтсон цэргийн хүчээ нэг жилийн хугацаанд залуу хүчээр сэлбэх үндэсний кампанит ажлыг эхлүүлжээ. Уг ажлыг эхлүүлснээс хоёр сарын дараа гэхэд 500 хүрэхгүй хүн гэрээ байгуулсан талаар Ерөнхийлөгч Володимир Зеленскийн цэргийн зөвлөх Павло Палиса мэдээлэв. Тэрээр уг хөтөлбөрийн эхний үе шат дөнгөж эхэлж буйг онцолжээ. Эхэндээ зургаан бригад л хамрагдаж байсан бол одоо 24 болгож тэлжээ.
Павло Брошков гэх залуу цэргийн албаа эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг гэж үзэж, зургаан сартай охин Полинадаа өөрийн туулсан аймшгийг мэдрүүлэхгүй байхыг хүсэж уг хөтөлбөрт нэгджээ. “Ирээдүйд миний хүүхэд ‘дайны’ тухай сонсоосой гэж хүсэхгүй байна” хэмээн ярих 20 настай залуу хоёр сарын дараа фронт руу илгээгдэх юм.
Шинэхэн аав Брошков гэр бүлдээ зориулан орон сууц худалдан авах мөрөөдөлтэй бөгөөд энэ хөтөлбөрийн санхүүгийн нөхцөлд мөн татагджээ. Хөтөлбөр нь 18-24 насны залуусыг байлдааны албанд элсүүлэх зорилготойгоор хоёрдугаар сард эхэлсэн юм.
undefined
Ипотекийн гэрээн дээр нэмээд, сарын 2,900 ам.доллар хүртэлх цалин (үндэсний дундаж цалин 520 орчим ам.доллар), нэг удаагийн 1 сая гривен (24,000 ам.доллар)-ийн урамшуулал, нэг жилийн алба хаасны дараа жилийн дайчилгаанаас чөлөөлөгдөх эрх зэрэг багц багтжээ.
Залуус фронт руу явах бэлтгэлээ хийж байх зуур Оросын цэргүүд олон чиглэлд довтолгоогоо үргэлжлүүлсээр байна. Энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гал зогсоох хэлэлцээрийг эрэлхийлж байгаа юм.
Зеленский энэ оны нэгдүгээр сард Украинд 980,000 хүн зэвсэг барьж байгааг хэлсэн бол өнгөрсөн жил ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин армийнхаа тоог 180,000-аар нэмэгдүүлж, нийт 1.5 сая цэрэгтэй болгожээ.
2022 оны Оросын бүрэн хэмжээний довтолгооны дараа Украин насанд хүрсэн эрчүүдийг дайчилж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жил тэдний насны хязгаарыг 27-оос 25 болгон бууруулсан. Энэ нь зэвсэгт хүчнийг шинэчлэх, мэргэжлийн болгох зорилго агуулсан юм. Одоогоор фронтод байлдаж буй Украин цэргүүдийн дундаж нас 45 байгаа аж.
Дорнод фронтын Покровск орчимд алба хааж буй “Да Винчи чононууд” хэмээх батальоны командлагч Серхий Филимонов хэлэхдээ, олон залуус уг хөтөлбөр эхлэхээс өмнө ч сайн дураараа элсэн орж байсан учраас одоо 18-24 насныхныг олноор нь элсэнэ гэж найдахгүй байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Нэг сая гривений төлөө биш, нөхөд, гэр бүл, ирээдүйн төлөө л тэмцэх хэрэгтэй” гэжээ.
Ройтерст ярилцлага өгсөн элсэгчдийн зарим нь мөнгөнөөс гадна, эх орноо хамгаалах, сайн дураараа явж хувь тавилангаа өөрсдөө шийдэх, цаашид цэргийн карьераа эхлүүлэх боломжийг харсан гэжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн