Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаравчилж батлахгүй байхыг уриалав

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаравчилж батлахгүй байхыг уриалав
Нийтэлсэн 4 минутын өмнө
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийднэ.
УИХ-ын гишүүдийн зүгээс 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль үүргээ гүйцэтгэсэн бөгөөд энэ хуулийг шинэчлэн найруулах нь зөв. Гэхдээ олон асуудлыг багтааж, хэвлэлийн эрх чөлөө, хэвлэлийн байгууллагын эрх үүргийг хэтэрхий хольсноос болж хуулийн үндсэн гол санаа орхигдож, олон нийтийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах зүйл заалтууд дутмаг байгааг шүүмжилсэн. Тиймээс эл хуулийн төслийн төслийг хууль санаачлагчид буцааж, дахин сайжруулах, ярилцах асуудлууд байгааг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, С.Эрдэнэболд, П.Сайнзориг, А.Ганбаатар, Б.Жаргалан тэргүүтэй гишүүд илэрхийлсэн.
Түүнчлэн, олон улсын хэвлэл нийтлэх эрх чөлөөг хамгаалдаг байгууллагууд уг хуулийн төслийг яаравчлан батлахгүй байхыг зөвлөж, мөн уриалж байна. Тухайлбал,
  • Хил Хязгааргүй Сурвалжлагчид байгууллага (Reporters Without Borders - RSF Asia-Pacific Bureau) УИХ-ын гишүүдийг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаравчилж батлахгүй байхыг уриалав. RSF-ийн зүгээс уг хуулийн төслийг сайжруулахад чиглэсэн хэвлэл мэдээлэл, ТББ-уудын зөвлөмжийг нухацтай авч үзэхийг дэмжиж байгаа ба хуулийн төсөлтэй холбоотой цаашдын хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
  • ЮНЕСКО-гийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн “Хууль ба Ардчилал төв”-өөс хуулийн төсөлд зарим тохиолдолд хязгаарлалт тогтоосон шинжтэй заалтууд байгааг онцлон дурдаж, сайжруулах болон нэмж тусгах шаардлагатай 46 саналыг 2025 оны гуравдугаар сард хүргүүлсэн байна.  
    Өргөн баригдсан хуулийн төслийг олон улсын хүний эрхийн зарчим болон үндэсний хууль тогтоомжтой харьцуулсан судалгаанд тулгуурлан дараах ерөнхий дүгнэлтийг нийт Улсын Их Хурлын гишүүд болон Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороонд хүргүүлсэн байна.
    1. Хуулийн төсөл нь төрийн оролцоог хязгаарлаагүй, хариуцлагын механизмыг тодорхой зааж, ихэнх заалт “эрх чөлөө”-г ерөнхий байдлаар тунхаглаж, бодит байдалд хэрэгжих боломжгүй юм. Тодруулбал, төрийн зүгээс үндэсний аюулгүй байдал, нууцын холбогдолтой асуудлаар сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулах, тагнах чагнах, цензур тогтоох, эх сурвалжаа нууцлах эрхийг зөрчсөн тохиолдолд хамгаалагдах, хариуцлага тооцох, хэрхэн хариу арга хэмжээ авах нь тодорхойгүй байна. Саяхан тохиолдсон “Ноорог”-ийн кейс дахин тохиолдолдвол хуулийн төслийн ямар ч заалт хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалж, эрхийг нөхөн сэргээн зохицуулалт агуулаагүй. 
    Үндэслэл: Хил Хязгааргүй Сэтгүүлчид (RSF) олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2023 онд 180 орноос 88 дугаар байр “асуудалтай” ангилалд байсан бол 2024 онд 109 дүгээр байр “хүнд нөхцөл байдалтай” ангилалд шилжсэн. Хууль эрх зүйн орчин 8 байр, сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл 34 байр ухарсан нь ийнхүү 21 байр ухрахад нөлөөлсөн. Иймд тунхагийн бөгөөд хэлбэрийн төдий заалтууд нь Хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөг Монгол улсад бий болгож чадахгүй юм.
    1. Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу шинэчилсэн найруулгад тавигдах шаардлагаас давж, анхдагч хуулийн хэмжээнд төслийг өргөн барьж, холбогдох судалгаа, баримтыг бүрдүүлэх шаардлагатай.
    Үндэслэл: 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд хэрэгжилтийг хангахад чиглэсэн зохицуулалт дутмаг байснаас тус хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл нь тус хуулиар тодорхойлж, зохицуулж байгаагүй харилцааг, тухайлбал хэвлэл мэдээллийн салбарын оролцогч, тэдгээрийн үйл ажиллагаа, өөрийн зохицуулалт гэх мэт шинэ харилцааг тодорхойлж, зохицуулах тохиолдолд Хууль тогтоомжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т нийцүүлж анхдагч хуулийн төсөл боловсруулах, ингэхдээ хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах ажлыг ул суурьтай гүйцэтгэх шаардлагатай байсан.
    1. Хуулийн төсөлд хэмжиж, тодорхойлох боломжгүй, хожим цензур тогтооход ашиглагдах эрсдэлтэй нэр томъёо, тодорхойлолт, заалтыг тусгасан.
    Үндэслэл: Хуулийн зорилго (“олон нийтийн эрх, ашиг сонирхлын төлөөх”, “тэнцвэртэй мэдээлэх,”, “хүнлэг байх”), зарчим (“үндэсний аюулгүй байдал”, “нийтийн ашиг сонирхол”), нэр томьёо (сэтгүүл зүйн үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч), хүч оруулсан үг (илт худал мэдээлэл, ташаа мэдээлэл) байгааг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай. Тодруулбал, Хууль тогтоомжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т үг хэллэгийг хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих, 30.1.4-т хүч оруулсан нэр томьёо хэрэглэхгүй байх зэрэг хуулийн төслийн хэл зүй, найруулгад тавигдах нийтлэг шаардлагыг хэрэгжүүлэх шаардлагатай.
    1. Эх сурвалжаа нууцлах эрхийг хэлбэрийн төдий тодорхойлж, сэтгүүл зүйн үйл ажиллагааны баталгааг хангаагүй.
    Үндэслэл: Сэтгүүлчид эх сурвалжаа нууцлах боломжгүй, хэлэхгүй байсан ч бусад аргаар олж мэдэх боломжтой нөхцлийг хуулиар хаагаагүй. Глоб Интернэшнл төвөөс жил бүр гаргадаг Сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгаанаас нэгтгэн дүгнэвэл, эх сурвалжаа илчлэхийг албадах,  асуудал сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын дунд нийтлэг зөрчилд тооцогдож байна.  Мөн сэтгүүлч эх сурвалжаа мэдээлээгүй байсан ч цахим болон бусад хэрэгсэл, арга замыг ашиглах байдлаар илчлэхээс хамгаалж чадахгүй юм. Түүнчлэн, сэтгүүл зүйн үйл ажиллагааг хуульчилж байгаа хэр нь тус үйл ажиллагааны баталгааг бусад мэргэжил шиг баталгаажуулаагүй байна. Тухайлбал, Өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах, өмгөөллийн хуулийн этгээдийн ажилтны яриаг чагнах, албан байр болон орон байр, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх, мөрдөн мөшгөхийг хориглодог.
    1. Эрүүгийн болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилттэй уялдаагүй, харин ч эрүүгийн бусад заалтаар ял шийтгэл авах, шалгагдах эрсдлийг нэмэгдүүлсэн.
    Үндэслэл: Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “хуульд өөрөөр заагаагүй бол хэвлэл мэдээллийн байгууллагын редакцаар дамжсан сэтгүүл зүйн үйл ажиллагааны хүрээнд мэдээ, мэдээлэл бэлтгэх, түгээх ажилд мэргэжлийн үүргээр оролцсон этгээд”-с мэдүүлэг авахгүй байхаар тусгасан. Гэхдээ энэ хамгаалалтыг Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэг Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг (17 зүйл гэмт хэрэг), Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэг Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг (17 зүйл гэмт хэрэг)-ийг мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй байхаар мөн тусгасан. Ийнхүү 34 гэмт хэргийн  зүйлчлэлтэй хэрэг бүртгэлийн хэргийн шатанд ч эх сурвалж нууцлах эрхийг эдлэх боломжгүй байгаа нь буруугаар ашиглагдах, тодруулбал ийнхүү зүйлчилж эх сурвалжийн мэдээлэл гаргуулаад зүйлчлэл өөрчлөх боломжтойг анхаарах шаардлагатай.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн