УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн чуулганы хуралдаанд хэлсэн үгтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.Тэрээр “Засгийн газрыг УИХ-аас бүрдүүлдэг. УИХ-ын баталсан хуулиудыг хэрэгжүүл гэж үүрэг өгөөд хянадаг. Би ард иргэдийг төлөөлж байгаа УИХ-ын гишүүний хувьд Ерөнхий сайд буюу Засгийн газраасаа асуулт асуусан. УИХ-ын индэр бол улстөрждөг талбар биш иргэдийн үгийг хүргэдэг. Иргэд амьдрал сайн байна гэж байгаа юм уу.Намайг УИХ-ын гишүүн гэж үзэхгүй байгаа юм байна. Засгийн газар УИХ буюу төлөөллийн байгууллагынхаа дээр гараад суучихаж. УИХ-ын гишүүдийг тоохгүй юм байна. Энэ хүн үнэхээр вакумд орсон байна. Энэ хүнд бүх эрх мэдэл байна. Сүүлийн зургаан жил өндөр дээд алба хашиж байгаа. Эхний хоёр жил Засгийн газрын гол тогоог барьсан. Засгийн газрын тэргүүнээр ажиллаад тав дахь жил рүүгээ орж байна. Таван жилд Ерөнхий сайд хийсэн хүн ардчилсан улсад ховор шүү. Энэ хүнд бүх боломж байсан. Төсвийн орлого маш их байсан. Энэ их мөнгө хаачсан бэ. Ард түмний амьдралд яаж хүрсэн, наалдсан бэ. Энэ асуултыг би асуумаар байна. УИХ-ын гишүүд Засгийн газраас асуулт асуух бүрэн эрхтэй. Гэтэл Ерөнхий сайд яагаад УИХ-ыг үл тоож байгаа юм бэ.Даваа гаригийн бүлгийн хурлаар энэ асуудлыг ярьж шийдвэр гаргана гэж бодож байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуулийн зөвлөхүүд шийдэл гаргах байх гэж бодож байна.Ерөнхий сайд залуу хүмүүст үг зааж өглөө гэсэн. Би залуу хүн биш. Би 1990-ээд оноос хойш Ардчилсан намд явсан. Би бие даасан үзэлтэй хүн. Өдий насалтлаа хэн нэгнээр үгээ заалгаж үзээгүй өнөөдрийг хүрсэн. Би өөрийнхөө хэлэх үгийг бичдэг. С.Баярцогт даргатай тавдугаар сараас хойш уулзаагүй. С.Баярцогт үгийг нь зааж өгөөд явуулж байна гэж гүтгэж байна. Миний үгийг С.Баярцогт зааж өгч байгааг Ерөнхий сайд нотлох хэрэгтэй.Сөрөг хүчний ажил хийж байгаа энэ хүний эсрэг дуугарч байгаа хүн монголын улс төрд байна уу" гэлээ.