Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа ирэх арваннэгдүгээр сард дуусна. Түүнийг 2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатарын санал болгосноор томилж байсан билээ. Тэгвэл бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Төв банкны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах уу, оронд нь өөр хүн томилох уу гэдэг анхаарлын төвд байгаа юм. Б.Лхагвасүрэн Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсон цагаасаа эрх баригч намын гаргасан бодлого бүрийг дэмжиж, хөтөлбөр бүрийг санхүүжүүлсэн гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, тэрээр ажлаа аваад удаагүй байхдаа тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар ахмадуудын нэг их наядын арилжааны банкны зээлийг тэглэсэн. Мөн ковидын үеийн 10 их наядын хөтөлбөр, "Шинэ хоршоо" гээд эрх баригч намын томоохон хөтөлбөрүүдийг дэмжиж хэрэгжүүлсэн. Тиймээс ч УИХ-ын дарга Д.Амарбаясгалан түүний бүрэн эрхийн хугацааг сунгах магадлалтай.Төв банкны тухай хуульд Монголбанкны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарыг Монголбанкны Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно гэж заасан байдаг. Монголбанкны ерөнхийлөгчөөс гадна Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилолгүй жил гаруй болж байна. Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Г.Дөлгөөн сонгуульд нэр дэвшихээр 2023 оны арванхоёрдугаар сард өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгвэл одоо хүртэл түүний оронд хүн томилоогүй байгаа юм. Тиймээс УИХ-ын намрын чуулганаар Монголбанкны удирдлагуудын асуудал нэг мөр шийдэгдэх бололтой.