Open iToim app
Парламент | 1 мин уншина

УИХ Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 25
УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж санал хураалт явууллаа.
Өчигдөр хэлэлцүүлгийг хийж, гишүүд асуулт асууж, хариулт авсан учраас өнөөдрийн хуралдаанаар шууд санал хураалт явуулсан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн 67.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Ингэснээр 1998 онд баталсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр болов. Ийнхүү Монгол Улс 27 жилийн дараа Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульдаа өөрчлөлт оруулахаар болж байна.
Өнөөдөр өглөө 30 орчим хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзаж, өргөн хүрээний ажлын хэсэг байгуулахаар санал нэгдсэн байна. Тус ажлын хэсэг дээр санал нэгдвэл хуулийн төслийг хэлэлцээд явахаар нэгдсэн шийдэлд хүрсэн талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ. Тэрээр "Өнөөдөр өглөө 08:30 цагт С.Эрдэнэболд, Ч.Лодойсамбуу нарын гишүүдийн хамт 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Энэ уулзалтаар УИХ-ын түвшинд хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжээд явъя. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулаад ажлын хэсэг өргөн хүрээгээр хуулийн төсөлд ажиллахаар болсон. Хэрвээ ажлын хэсэг нэгдсэн ойлголтод хүрвэл хэлэлцээд явна хүрч чадахгүй бол хэлэлцэхгүй гэсэн ойлголтод хүрсэн" гэлээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн