Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр боллоо. Энэ замын төсөл нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл 102.5 км урт үргэлжилнэ. Тус төмөр зам нь ачаа тээврийн зориулалт бүхий гуравдугаар зэрэглэлийн, 1520мм царигтай гурван өртөө, 4 зөрлөгтэй 2.5км урт гүүрэн байгууламжтай Монгол Улсад баригдаж байгаа анхны салбар төмөр зам юм.
Тус төслийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Дэлхийн эдийн засаг тодорхойгүй байх тусам Монголчууд бид тодорхой байх ёстой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газраас 14 мега төслийг хөдөлгөх зорилт тавьсан. Мөн Улаанбаатар хотын түгжрэл, утаа, тэр дундаа дэд бүтцийн асуудал, эрчим хүчний хомсдол зэрэг асуудалд онцгой анхаарал хандуулах жилээр зарласан. Энэ жил бүтээн байгуулалтын түүхэнд өвөрмөц, онцгой хавар болж үлдэнэ. Монгол Улсын хувьд бүтээн байгуулалтын хугацаа бага, нэг улирал алдвал нэг жилийг алдана гэсэн үг. Улаанбаатар хот уртаашаа сунаж татсан хот. Тийм учраас Богд уулын урд талын газрыг ашиглан Хүннү хот барина гэдэг нь Улаанбаатар хотыг өргөтгөж буй хэлбэр. Хаврын бүтээн байгуулалт эх орны өнцөг булан бүрд эхэлж байна.
Дэлхийн эдийн засаг, геополитикоос хамаараад савлагаатай байна. Тийм учраас дэлхийн эдийн засаг тодорхойгүй байх тусам Монголчууд бид тодорхой байх ёстой. Засгийн газраас дулааны улиралдаа багтаад төслүүдээ бүрэн дуусгая гэдэг зорилт тавьж байгаа. Энэ төсөл өнөөдөр эхлээд Зам тээврийн яамны төлөвлөсөн хугацаагаар наймдугаар сарын 25-ны өдөр дуусахаар байна. Засгийн газраас өгсөн боломжит хугацаа бол аравдугаар сарын 1 гэж үзэж буй. Тээвэр логистикийн төрлүүд төлөвлөгдсөн газар Хүннү хотод төслийн сонгон шалгаруулалт үнэ төлбөргүйгээр өнөөдрөөс эхлээд газар олгоно. Олон төрөлт санхүүгээр төр, хувийн түншлэлээр энэхүү төслийн бүтээн байгуулалт явна. Говийн бүсэд 100 км зам зөндөө л баригдсан. Улаанбаатар хотын эргэн тойронд ойрын хугацаанд ийм зам тавигдаагүй болохоор л содон сонсогдож байгаа. Тэрнээс биш манай төмөр замчид төмөр замын төслүүдийг барьж хэрэгжүүлэх хангалттай туршлагатай. Энэ төслийг Б.Дэлгэрсайхан сайд толгойгоороо хариуцаж буй.
102 км үргэлжлэх төмөр замыг 840 тэрбум төгрөгөөр барина. Тодорхой хэсгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлнэ
ЗТЯ-ны сайд Б.Дэлгэрсайхан тус төслийн хөрөнгө оруулалт, цаашдаа хэрхэн санхүүжилтээ нөхөх, бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Тэрээр “Энэ төслийн төсөв өртөг нь 840 орчим тэрбум төгрөг байна. Гаднаас 20 мянган тонн рес худалдаж авна. Үүнээс бусдаар бүгдийг нь дотоодоос хангах боломжтой. Уг төслийн ажлын онцлог нь газар чөлөөлөлт хийх шаардлагагүй. Бид геодик, геологи, усны хайгуулаа хийгээд дууссан. Худгуудаа гаргасан. Ер нь газар шорооны ажилд хамгийн чухал нь ус шүү дээ. Энэ төмөр зам өгсөж гарч ирж байгаа учраас уулын хяр барьж явж байгаа. Мөн хамгийн гүндээ 32 метр гүн ухмал хийнэ. Үүнд уул уурхайн компаниудыг татан оруулж байгаа. Уул уурхайн компани техникийн хүчин чадал нь өөр. Хоёрдугаарт, хөрс хуулж сурсан учраас хатуу болзол тавьсан бөгөөл хоёр сарын дотор хуулж дуусгах гэрээ хийж байгаа. Түүнчлэн, км орчим гүүр байгуулна. Ний нуугүй ярихад Монголд гүүр барьдаг долоон л компани байна. Тийм учраас гүүрэнд их цаг алддаг. Иймд ажлыг нь түргэн эхлүүлж байгаа. ЗТЯ-ны харьяа Замын хөгжлийн төв хяналт тавина. Төр өөрөө хяналт тавина гэсэн үг.
Нийт хөрөнгө оруулалтын 100 гаруй тэрбум нь Тавантолгой төмөр зам, Монголын төмөр замд байсан хөрөнгөөс гаргана. Энэ мөнгөөр тендер зарлаад ажлаа эхлүүлнэ. Үлдсэн мөнгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлнэ. Хөгжлийн банк эхний ээлжид арилжааны системийн таван банкнаас үүрэн зээл авч өгч буй. Оны эцэст энэхүү зээлийг Хөгжлийн банк төлнө. Хангалттай хугацаа байгаа учраас Хөгжлийн банктай бонд босгох замаар зээлээ хаана. Цаашдаа төмөр замын тээвэр сайжрах тусам орлого нэмэгдэнэ. Чайна-Энержи энэ жил авах нүүрсээ төмөр замаар авъя гэсэн. Хамгийн уртдаа найман жилийн хугацаанд гаргасан зардлаа нөхнө. Тавантолгой, Монголын төмөр замыг нийлүүлсэн учраас 16 шинэ зүтгүүр байна. Мөн орж ирээд 3-4 жил болсон зүтгүүр бий. Ингээд 20 гаруй зүтгүүр байгаа учраас цаашдаа үйл ажиллагаагаа явуулахад ямар ч асуудалгүй. Тээврийн вагон ч хангалттай бий. Засгийн газар болон Нийслэлтэй хэлэлцэж байгаад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бүх тээвэр логистикийн компанитай тавдугаар сарын 23-нд зөвлөгөөн хийнэ. Төрийн болон хувийн хэвшлийн компаниудад шилжин суурьших таван сарын хугацаа өгнө. Ер нь аравдугаар сарын 1-н гэхэд сонголтгүй Багахангайд ачаа, тээврээ зохицуулдаг болно” гэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төсөл хэрэгжүүлснээр:
Төмөр замын бүтээн байгуулалтын хугацаанд 3000 орчим түр ажлын байр бий болно. Мөн төслийг хэрэгжүүлснээр 420 хүн шинээр байнгын ажлын байраар хангагдана.
Төсөл хөрөнгө оруулалтаа 15 жилийн хугацаанд нөхөх бөгөөд Монгол Улсад нийт 294.8 тэрбум төгрөгийн татвар төлнө.
Салбар төмөр замын бүтээн байгуулалт нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн эрчмийг нэмэгдүүлнэ. Нийслэлийн төвлөрлийг сааруулах чиглэлээр төлөвлөж буй Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн Хөндийд баригдах Тээвэр Логистикийн төв төсөл, Хүннү, Зуун мод, Майдар хот, Сэргэлэн сумын төв дагуул хотуудыг барьж суурь нөхцөл тээврийн дэд бүтэц, логистикийн асуудлыг шийднэ.
Жилд өссөн дүнгээр 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотод оруулахгүй шинээр баригдах Тээвэр логистикийн төв рүү тээвэрлэхээр төлөвлөж байна. Нийслэлд төмөр зам, автозам огтлолцдог гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд зориулж хоногт дунджаар 144 минут авто замын хөдөлгөөн хаадаг. Үүнийг 21-120 минутаар багасгах боломж бүрдэнэ.
Мөн Хотын дарга Х.Нямбаатар энэхүү бүтээн байгуулалт Хүннү хотод хэрхэн нөлөөлөх, Хүннү хотыг хэрхэн бий болгох талаар ярилаа.
Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын баруун талаар Сонгинохайрхан уулын чиглэлд ачаа тээврийн шинэ зам байгуулах зураг хийсэн. Ирэх жил бүтээн байгуулалтын зарлана.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Хөгжлийн банк болон бусад байгууллагууд Тээвэр логистикийн төвд нүүж ирэхтэй холбоотой санхүүгийн нэн таатай нөхцлөөр зээл олгох шаардлагатай байгаа. Үүнтэй холбоотой хэд хэдэг бүтээн байгуулалт хийгдэнэ.
Нэгдүгээрт, Төв аймаг Улаанбаатар хотыг холбосон авто замыг даацын дөрвөн эгнээ зам болгон өөрчлөх ажлууд хийгдэнэ.
Хоёрдугаарт, Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын баруун талаар Сонгинохайрхан уулын чиглэлд ачаа тээврийн шинэ зам байгуулах зураг хийсэн. Ирэх жил бүтээн байгуулалтын зарлана.
Хүннү хотын цахилгаан, дулаан, цэвэр, бохирын магистрант шугам хийгдээд дууссан. Улсын комисс ажиллаж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний 300 мГвт-ын төр, хувийн хэвшлийн тендер зарласан явж байна. Дулаан хангамжийнхаа асуудлыг хамгийн эко байдлаар энэ хот дээр шийдэхээр төлөвлөж байгаа. Замын зургууд энэ жил зурагдаж дуусна. Хүннү хот бол шинэ суурьшлын бүс гэж ойлгож болно. Энэ хотын дулаан хангамжийн,цахилгаан хангамжийн, ус хангамжийн эх үүсвэрүүд, цэвэрлэх байгууламжийг 2025онд шийдэхээр төлөвлөж байна. Хамгийн өндөр зардал үүнд гарна. Бусад ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийнэ.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах, ашиглалтыг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцах юм байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим ААН-ийн 2500 гаруй туршлагажсан мэргэжилтнүүдийг татан оролцуулж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд үндэслэн барих аж.
Энэ талаар Монголын төмөр замын гүйцэтгэх захирал О.Батчулуунаас тодрууллаа.
Тэрээр “Манай компани өмнө нь Зүүнбаян-Цогтцэций чиглэлийн 416 км төмөр замыг барьж байгуулсан туршлагатай. Мэргэжлийн төмөр замчид, инженер, технологийн ажилчид байгаа. Багахангай-Хөшигтийн хөндийн чиглэлийн 102 км-ийн төмөр зам бол дөрвөн сарын хугацаанд баригдах ёстой. Бид ажлаа төлөвлөөд энэ хугацаанд бүрэн хийх боломжтой гэж үзэж буй. Манай улс өмнө нь говийн бүсэд гурван чиглэлээр төмөр зам барьсан. Манай компанид төмөр зам барих мэргэжлийх техник хэрэгсэл бүрэн байгаа. Бид ажлын жижиглэж багцалж, нэг компанид хэт ачаалал үүрүүлэхгүйгээр төлөвлөж байна. Энэ төмөр замыг ОХУ-Улаанбаатар хоттой холбох ажил хийгдэх байх гэж бодоод үндсэн гол төмөр замын стандартын дагуу барьж байгаа” гэлээ.