Газрын тухай хуульд 2023 онд өөрчлөлтийн иргэдийн газар эзэмших, өмчлөх, ашиглах хүсэлтийг цаасан өргөдлөөс гадна цахим хэлбэрээр авдаг болсон. Харин энэ жил цаасан өргөдлийг бүрмөсөн халж, зөвхөн цахимаар авах чиглэлийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар /ГЗБГЗЗЕГ/-аас 21 аймгийн ГХБХБГ, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлээд байгаа юм. Шинээр газар эзэмших иргэдийн цахим хүсэлтийг энэ сарын 22-ны өдрийн 09.00 цагаас ирэх сарын 06-ны өдрийн 23.59 цаг хүртэл 14 хоногийн хугацаанд зохион байгуулах юм.

Гэвч цахим систем нээгдсэн цагаасаа эхлэн ачааллаа дийлэхгүй гацаад зогсохгүй олон удаа уйгагүй оролдож нэвтэрч чадсан хүмүүс ч зорилгоо биелүүлж чадахгүйд хүрч байна. Жишээ нь, аль аймгийн ямар сум, багийн яг аль хэсэгт ямар төлөв байдалтай газрууд олгохоор төлөвлөгдсөн нь тодорхой бус. Зөвхөн газар нутгийн ерөнхий хил хязгаар болон олгох газрын тоо харагдана. Мөн иргэдийн өгсөн хүсэлт шийдвэрлэгдэх эсэх нь эргэлзээтэйгээр барахгүй удаан хугацаагаар түгжигдэх ч эрсдэлтэй болжээ. Тодруулбал, 10 газар дээр 1000 хүний ч хүсэлт авч болох бөгөөд “Таны хүсэлтийг Газрын тухай хуулийн 29.8 дахь заалтын дагуу эрэмбэлнэ” гэсэн сануулгатай. Уг заалт нь гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих болон хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар өмнө нь үнэ төлбөргүй газар эзэмшиж байгаагүй иргэний хүсэлтийг жагсаалтын эхэнд, цахим системд хүсэлт гаргасан огноогоор эрэмбэлэх агуулгатай юм. Улмаар эрэмбэд багтаагүй иргэдийн хүсэлт дараа жилүүдийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаж, зарлагдтал тухайн байршилдаа хадгалагдах буюу удаан хугацаанд түгжигдэнэ. Хэдий хүсэлтээ өөр байршилд шилжүүлэх боломжтой ч нэгэнт зарласан газрын тоо нь хүрэлцээгүй учраас ямар ч ач холбогдолгүй. Яг ийм жишгээр өнгөрсөн жил өргөдлөө өгөөд одоо болтол төрдөө найдан хүлээж суугаа өч төчнөөн иргэн бий.
Энд хамгийн хачирхалтай нь, бүхэл бүтэн аймгийн хэмжээнд ердөө гарын таван хуруунд багтах газар олгохоор зарласан байх бөгөөд түүнд нь олон зуун хүн хүсэлтээ өгч хууртаж байна. Жишээ нь, Багахангай дүүрэг дэх дөрөвхөн газар дээр 262 хүн, Хөвсгөл аймаг дахь 15 газар дээр 406 хүн өргөдөл өгчээ. Нэгэнт хуулиараа хүсэлт өгсөн огноогоор эрэмбэлэх учраас илүү гарсан энэ олон зуун хүн ямар ч шаардлагагүйгээр системд нэвтэрч, хий дэмий ачаалал үүсгэж, хоосон горьдлого тээж үлдэж байгаа гэсэн үг. Үүнийг зөвхөн зарласан нэгж талбарынхаа тоогоор хүсэлт аваад хязгаарлаж зохицуулах бүрэн боломжтой. Гэвч газрын харилцааныхан ийм энгийн зохицуулалтыг хийж чадсангүй. Түүнчлэн, нийт хүсэлтэд тооны хязгаар тавиагүй хэрнээ зарим аймгийн мэдээлэл замын дундаас хасагдаж алга болсон. Төв аймаг л гэхэд 904 байршилд 122240.85 га талбай бүхий газар эзэмшүүлэхээр төлөвлөгөө баталсан гэх боловч нэг ч газар цахим системд харагдаагүй төдийгүй одоо бүр 11 аймаг жагсаалтаас ор сураггүй алга болсон байна. Өөрөөр хэлбэл, өргөдлийн тоо дүүрсэн аймгийн нэрс хасагдах зохицуулалтгүй байхад ийм үзэгдэл гарч буй нь хачирхалтай.

ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Болдбаатар “Энэ онд Орхон аймгаас бусад бүх аймагт газар эзэмшүүлэх боломжтой” гэж хэлсэн ч бодит байдал дээр 21 аймгийн талаас илүү нь хэдий хэмжээний газар эзэмшүүлэх тухай мэдээлэл системээс огт харагдаагүй. Бусад боломжтой газрууд дахь нэгж талбарын тоо ор нэр төдий байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна.
Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог, 1.5 сая хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй манай улс энэ жил цахим хэлбэрээр хэдий хэмжээний газар эзэмшүүлэхээр төлөвлөв гэдгийг дараах гурван аймгийн жишээн дээр харъя.
Булган аймгийн хэмжээнд зөвхөн Булган сум гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 4 айлын газар буюу 0.28 га /2800 м2/
Увс аймгийн хэмжээнд зөвхөн Тэс сум 5 айлын газар буюу нийт 0.35 га /3500 м2/
Дорнод аймгийн хэмжээнд зөвхөн Хэрлэн сум гэр бүлийн хэрэгцээнд хүнсний ногоо тарих зориулалтаар 5 газар буюу хагас га /5000м2/ газар олгохоор төлөвлөсөн байгаа нь үнэхээр гутамшиг.
Энэ гурваас гадна Архангайн 3, Говь-Алтайн 2, Дорноговийн 2, Завханы 1, Сэлэнгийн 2, Сүхбаатарын 1, Хөвсгөлийн 2 буюу нийт 10 аймгийн 16 суманд л маш цөөн тооны газарт хүсэлт өгч болохоор байна. Бусад 11 аймгийн 314 сум бараа туруу байхгүй. Ингэж яст мэлхийн хурдаар явах юм бол бид хэдэн үеэрээ газартай болох талаар бодох ч хэрэггүй.
ГЗБГЗЗЕГ-аас гаргасан албан ёсны статистикаас үзвэл улсын хэмжээнд иргэдэд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах ажлын биелэлт туйлын хангалтгүй байна.
Иргэдээ эзэмшиж, ашиглах газартай болгох нь өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, эрүүл аюулгүй хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг задлах, бүс нутгийн хөгжлийг тэтгэх... гэх мэт нийгэм, эдийн засгийн тоочиж баршгүй олон ач холбогдолтой. Тиймээс энэ ажлыг ингэж ёс төдий оромдохоо больж, жинхэнэ цахим үндэстний жишгээр шинэ шатанд гаргахгүй бол горьгүй нь ээ. Э.Бат-Үүлийг хотын даргаар ажиллаж байх үед газар олголтыг цахим хэлбэрээр маш энгийн шийдэж байсан туршлага бий. Газрын тоо, байршил, төлөв байдал бүх зүйл ойлгомжтой. 10 гаруй жилийн өмнө тийм хялбар хийж болж байсан зүйлийг өнөөдөр ингэтэл бантагнуулж болохгүй.
Газар эзэмшүүлэхээс гадна өмчлүүлэх ажил бүр ч салан задгай явсаар ирлээ. Тухайлбал, бичигч бээр одоогоос 12 жилийн тэртээ буюу 2013 онд “Газрын харилцаа гамшиг боллоо” гарчигтай нийтлэлээр энэ салбарын хариуцлагагүй, эмх цэгцгүй, хүнд сурталтай байдлыг шүүмжилж “Иргэн бүртээ газар өмчлүүлэх ажлыг үнэхээр хийе л гэж бодож байгаа бол зохион байгуулалт, сэтгэлгээгээ шинэ түвшинд гаргах хэрэгтэй. Иргэд нь төрөөсөө юм гуйж царайчлаад байгаа юм шиг бус, төр нь иргэндээ тусалж, түргэн шуурхай үйлчилж байж л энэ ажил амжилтад хүрнэ. Тэгж чадахгүй бол дахиад 10 жилийн дараа иргэдийн 20 хувь нь ч газраа өмчилж чадаагүй байх вий...” хэмээн онцолж байжээ. Гэтэл өнөөдөр үнэхээр нийт иргэдийн 80 хувь нь нэг удаа үнэ төлбөргүй газар өмчилж авах эрхээ эдэлж чадаагүй гэсэн статистик дүнтэй, эзэмшиж, ашиглах тал дээр ямар ч ахиц дэвшил гараагүй сууж байна.