Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Intellinews: ОХУ илүү их байгалийн хийг Азид нийлүүлэхийг оролдож байна

Intellinews: ОХУ илүү их байгалийн хийг Азид нийлүүлэхийг оролдож байна
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
Хятад улс Казахстанаар дамжин зүүн тийш нэмж их хэмжээний байгалийн хийг экспортлох Оросын саналыг гэнэт зогсоож, Оросын эрчим хүчний хүчирхэг гэгдэх Газпромын санхүүгийн хүндрэлийг улам гүнзгийрүүлэв.
Нэгэн цагт Кремлийн гадаад бодлогын чухал хэрэглүүр байсан Оросын төрийн хяналтад байдаг байгууллага сүүлийн үед төсөв сул байгаагаас Төв Ази болон Латин Америк дахь төслүүдээ орхихоос өөр аргагүйд хүрчээ. Газпром Европ дахь зах зээлд эзлэх байр сууриа эрс алдсаны дараа экспортын хэмжээг нэмэгдүүлэх гарц, боломжийг хайж байгаа юм. Газпромын төлөөлөгчдийн дэвшүүлсэн нэг санаа бол Казахстаны одоогийн шугам сүлжээгээр дамжуулан Хятад руу нэмж 35 тэрбум шоо метр (б.км) хий экспортлох явдал байв.
Хятадаас Орост суугаа Элчин сайд Жан Ханхуй "ОХУ-аас Казахстанаар дамжуулан нэмэлт хий нийлүүлэх боломжгүй, учир нь нэг хийн хоолой байгаа бөгөөд ачаалал ихтэй байгаа. Хэрэв бид Оросын хийг энэ замаар тээвэрлэвэл шинэ хоолой барих шаардлагатай болно. Энэ нь нэлээд өндөр өртөгтэй. Оросын тал өөр хувилбарыг судалж байгаа ч энэ нь бодитой биш юм” гэжээ. Түүнчлэн, тэрбээр ОХУ-аас БНХАУ руу нийлүүлэх импортыг нэмэгдүүлэхийн тулд аль хэдийнэ төлөвлөгдсөн буюу Монголын газар нутгийг дайран өнгөрөх “Сибирийн эрчим хүч 2”-ыг эрчимжүүлсэн нь дээр гэдгийг онцолжээ. 50 тэрбум куб метр хүчин чадалтай “Сибирийн эрчим хүч 2”-ын бүтээн байгуулалтыг өнгөрсөн онд эхлүүлэхээр төлөвлөж байсан ч санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй, улс төрийн хүчин зүйлээс шалтгаалж хойшилсон. Орос, Газпром хоёр шинэ хоолой барих зардлыг санхүүжүүлэх эх үүсвэргүй байгаа нь тус улсын эрчим хүчний салбарт тулгарч буй томоохон бэрхшээлүүдийн нэг бололтой.
Нэгэн цагт Кремлийн хувьд бэлэн мөнгөний “үнээ” байсан Газпром компани Орос-Украины дайны улмаас Европын хийн зах зээлийнхээ ихэнх хэсгийг алдсан. Тус байгууллага түүхэндээ анх удаа 2023 онд ойролцоогоор долоон тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн бол 2024 онд ойролцоогоор 10 тэрбум ам.доллар болж өссөн. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Газпромын алдагдал одоогийн ханшаар ойрын 10 жилийн хугацаанд нийт 179 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна.
"Газпром"-д томоохон бүтцийн өөрчлөлт хийх гэж буй талаар "Moskva Times" мэдээлсэн бөгөөд үүнд хөрөнгө зарах, компанийн төв оффисын ажилтнуудын 40 хүртэлх хувийг цомхотгох зэрэг багтаж байгаа аж. "Газпром"-ын хийн бизнес гамшгийн хохирол амсаж, үүнтэй зэрэгцэн Оросын төсөв мөнгөгүй болж, үүний 40 орчим хувийг Путин дайнд зарцуулж байна" гэж “The Moscow Times” тэмдэглэжээ. Газпром Болив, Энэтхэг, Тажикистан, Узбекистан, Венесуэль зэрэг улсад эрчим хүчний хөгжлийн төсөлд оролцохоо зогсооход хүрчээ. Тухайлбал, "Газпром" компани бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаа дууссаны дараа Узбекистаны "Шахпахты" төслийг орхисон. Төв Азийн орнууд Оросын байгалийн хийг харьцангуй хөнгөлөлттэй үнээр худалдаж авснаар сүүлийн үед ашиг хүртэж байсан.
Эх сурвалж: Intellinews.com
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн