УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг Засгийн газар нэгдүгээр сарын 24-нд өргөн мэдүүлсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэжлийн удирдлагын байгууллагатай болох уу. Сэтгүүлч хариуцлага хүлээдэг механизм бас их төвөгтэй байгаа. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль гэхээс илүү ёс зүйн асуудал чухал байгаа. Ёс зүйн хариуцлагаа хэрхэн тусгасан бэ. Энэ хуулийг хэтэрхий институтын шинжтэй болгоод оруулаад ирлээ. Зохион байгуулалт байгууллагын шинжтэй болгосон бэ.
Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Хуулийн төслөөр сэтгүүлчдийн дунд дөрвөн удаа хэлэлцүүлэг хийсэн. Үүнээс аль байгууллага нь том болох гэж байгаа, аль байгууллагыг зохицуулах гэж байгаа гэдэг байр сууриуд нь их өөр байдаг юм билээ. Эрх зүйн зохицуулалтын үндсийг тавьчихъя гэж байгаа юм. Цаашдаа салбарын хөгжлөөрөө улам сайжраад төлөвшөөд явна гэж үзээд байгууллагатай байж болно гэсэн ерөнхий заалт оруулж байгаа.
Сэтгүүлчийн ёс зүйн асуудлаар редакц болон мэргэжлийн байгууллагад хандаж болно гэж нээж өгсөн. Цаашид шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа. Байгууллагын нэр хүндтэй холбоотой асуудал бол чухал зүйл.
Төрийн байгууллага төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд өөрийн үйл ажиллагааг сурталчлуулах бол сонгон шалгаруулж гэрээ байгуулна. Өөрөөр хэлбэл, тендер зарлана.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Мэдээлэл хэдий чинээ нээлттэй байна сэтгүүлч гүтгэх нь хаагддаг. Еэвэнгийн хоёр тал шиг зүйлээр маргаад байна. Өөрөө дампуурах эрхийг нь хэвлэл мэдээллийн байгууллагад өгөх хэрэгтэй. Би гурван байгууллага дампууруулж байсан.
Олон жилийн мөрөөдөл болсон эх сурвалжаа нууцлах заалт орж байгаа нь маш сайн байна. Буруу зүйлүүд байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын редакц гэж юу вэ гэдгийг тодорхойлсон байна. Үүнд татвар төлдөг байх ёстой гэж оруулах ёстой. Тендер зарлах дараагийн заалт дээр үнэ төлбөр, агуулгыг нь тогтооно гээд заачихаар цензур тавьчихаж байгаа юм. Энэ хуулийг дахиж сайн базмаар байна. Манай хэвлэл мэдээллийн зөвлөл гэж байгууллага байна. Энэ дандаа буруу шийдвэр гаргадаг. Хэн нэгний нөлөөнд орчихдог. Ийм зөвлөл огт хэрэггүй. Мэдээлэл авах эрх чөлөөг нь нээгээд өг. Ажилд нь битгий саад бол. Татвараа төл, улсын нууцаа аваад үлд.
Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: С.Бямбацогт сайдын хийж байгаа нэвтрүүлгийг сэтгүүлзүйн бүтээл гэж үзэхгүй. Редакцтайгаар хариуцлагатайгаар сэтгүүлзүйн бүтээл хийж байгаа бол энэ хуулийн хүрээнд хамгаалагдана. Хувь хүн өөрөө контент хийж байгаа бол энэ хуулиар хамгаалагдахгүй.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.