Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

Зээлийн хүүг өдрөөр тогтоох нь Монгол Улсад хориотой

Зээлийн хүүг өдрөөр тогтоох нь Монгол Улсад хориотой
Нийтэлсэн 11 минутын өмнө
Монгол Улсад өнөөдөр банкны зээлгүй өрх, аппликейшны зээлгүй иргэн гэж бараг алга гээд хэлчихэд үнэнээс хол зөрөхгүй болов уу. Өнөөдрийн байдлаар банкнуудын иргэн, аж ахуйн нэгжид олгосон зээлийн хэмжээ 40 их наяд төгрөгт хүрсэн байна. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй 573 банк бус санхүүгийн байгууллагууд дээр 6 орчим их наяд төгрөгийн зээл эргэлдэж байгаа аж. Зээлээс зээлийн хооронд амьдардаг монголчуудын хувьд зээлийн хүүг бага байлгаж, бууруулахыг эрх баригчид, бодлого тодорхойлогчдоос хүсэж бас шаарддаг. Гэсэн хэдий ч зээлийн хүү буурах суурь нөхцөл бүрдэхгүй, өдөр ирэх тусам бодлогын хүү, инфляц өсөж байна.
Арилжааны банкнуудын дундаж зээлийн хүү 17-18 хувь (жил) байгаа бол банк бус санхүүгийн байгууллагуудын дундаж хүү 18-20 хувьтай байна. Зээлүүд дотроо өрхийн хэрэглээнд суурилсан зээлийн хүү бусад зээлээс илүү үнэтэй байна. Иргэдийн хувьд банк, банк бус санхүүгийн байгууллагаас гадна мөнгө зээллэгийн үйл ажиллагаа эрхлэгчээс сараар, хоногоор зээл авах үзэгдэл ихсэж байгаа аж. Энэ дунд мөнгө хүүлэлт явагдаж, өндөр хүүгээр зээл олгох байдал газар авч байна гэх гомдлыг иргэдээс УИХ-ын гишүүдэд ирүүлэх болсон байна.
undefined
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга  Д.Амарбаясгалан тэргүүтэй гишүүд Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцах үеэр ч уг асуудлыг хөндсөн. Түүнчлэн, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа арилжааны банкнуудын хувьцаа эзэмшигч нь банк бустай, банк бусынхан нь ломбард, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна гэх яриа байна, үүнийг хэрхэн зохицуулж байгааг тодруулахад СЗХ-ноос доорх хариултыг өгөв.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц: Банкууд шууд байдлаар банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшиж байгаа тохиолдол байхгүй. Банкнуудын томоохон хувьцаа эзэшигчийн хамаарал бүхий банк бус санхүүгийн байгууллагууд нэлээд бий. Банк бус эзэмшиж байгаа этгээдүүд мөнгө зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн хувьцаа эзэмшиж байгаа хэлбэрүүд ч бий. Банк талаас хориглох бодлого нь Төв банкны шийдэх асуудал. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс банк бус санхүүгийн байгууллагын хүрээнд бол өөрсдөө зээл авахыг нь хориглосон. Цаашдаа хувьцаа эзэмших хязгаарыг нь хуулир тогтоох ёстой. Банк санхүүгийн байгууллагын тухай хууль, лизинг, санхүүгийн түрээс, мөнгөн зээллэгийн тухай хуулиудад энэ тухай өөрчлөлт орж, хязгаарлахгүй иргэдийг төөрөгдүүлсэн байдал үүсгэж байгаа.
Мөн гишүүдийн зүгээс ломбард, өдрийн зээл нэртэй мөнгө хүүлэлтэд ямар хяналт тавьдаг, өдрөөр 20, 30 хувийн зээл олгож байгаад ямар хариуцлага тооцохыг тодруулсан.
undefined
Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц: Байнгын зээлийн үйлчилгээ явуулж ашиг олох зорилготой иргэн, хуулийн этгээд заавал бүртгүүлж байж зээлийн үйл ажиллагаа явуулна. Өнөөдрийн байдлаар 470 орчим иргэн, хуулийн этгээд бүртгэлтэй. Тодруулбал 70 орчим нь санхүүгийн зохицуулах хороон дээр үлдсэн 400 орчим нь орон нутгийн засаг захиргаа, дүүрэг нэгж дээр бүртгэлтэй.
Монгол Улсад хүүг зөвхөн сараар тооцно. Өдрөөр тооцвол хууль бус бөгөөд хууль зөрчиж байна гэсэн үг. Тэгэхээр өдрийн зээл олгож байгаа асуудал нь бүгд хууль бус. Хоног, 7 хоногоор хүү тооцвол хууль бус.
Мөнгөн зээлийн бодлогын зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөлөөс хоёр сарын өмнө ломбард, мөнгө зээлийн үйлчилгээ үзүүлэгчдэд сарын 4.5 хувийн хүүгийн хязгаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, хүүг сараар тооцохдоо 4.5 хувиас дээш хувийн хүү тооцож байгаа бол илүү гарсан хүүг зээл авсан этгээд өгөхгүй байх хуулийн заалттай. Гэсэн хэдий ч банк бус, мөнгөн зээллэгийн үйл ажиллагаа эрхлэгчид энэхүү шийдвэр заалтыг хууль зөрчиж байна гээд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Өмнө нь энэ асуудлаар Улсын дээд шүүхэд хандсан шүүхээс түдгэлзүүлсэн. Одоо Цэц дээр энэ асуудлаар гомдол гаргачихаар хэрэгжих боломжгүй болоод байгаа гэлээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан  дараах үүрэг Санхүүгийн зохицуулах хороонд өгөв.
 Тэрээр "Монгол Улсын хэмжээнд 2.3 сая хэрэглэгч байнгын санхүүгийн үйлчилгээ авдаг тоо баримт байна.  Энэ нь өөрөө УИХ-ын дэвшүүлж байгаа хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний эрх, хүн төвтэй бодлого хэрэгжүүлэхтэй шууд холбоотой. Иргэд, хэрэглэгчдэд хүрч буй санхүүгийн үйлчилгээ эрх тэгш, шударга байх ёстой. Иргэдэд хүрч буй зээлийн хүү зах зээлийн зарчмаас гадуур, өндөр тогтож байгаа нөхцөл байдлыг зогсоож, ээлтэй орчныг бүрдүүлэх нь УИХ-ын ажлын үр дүнгээр ч мөн гарах ёстой.
Ард иргэдийн зүгээс мөнгө хүүлэлтийн асуудлыг байнга ярьж, шүүмжлэлтэй ханддаг. Бодит иргэдийн гар дээр очиж мөнгө үнэтэй, зээлийн хүү асар өндөр байна гэдэг. Арилжааны банкнаас бизнесийн зориулалттай зээл аваад банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан иргэдэд өндөр хүүтэй хэрэглээний зээл олгосон жишээ байна. 2024 онд 623 тэрбум төгрөгийн зээлийг банкнаас аваад цааш нь ББСБ-аар жилийн 40-50 хувийн хүүтэй болгож олгосныг шүүмжилж байна. Эдгээр асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэд байгуулах Ажлын хэсэгт танилцуулж, хаврын чуулганд багтааж эрх зүйн орчны шинэчлэл хийлгэх үүрэг даалгаврыг өгч байна" гэв.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн