Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Трамп Зеленскийг энх тайвны хэлэлцээрийг үгүй хийж байна гэж буруутгав

Трамп Зеленскийг энх тайвны хэлэлцээрийг үгүй хийж байна гэж буруутгав
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 24
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дайныг дуусгах энх тайвны хэлэлцээрийг аюулд оруулж байна хэмээн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг буруутгажээ. Мөн тэрээр Зеленскийг Крымийг Оросод эзлэгдсэн нутаг гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзсанд шүүмжлэлтэй хандав.
Трампын хэлснээр дайныг дуусгах гэрээг Америк-Оросын тал үндсэндээ тохиролцсон бөгөөд бараг бэлэн болсон гэжээ. Харин дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс Орос, Украин АНУ-ын энхийн санал дээр тохиролцох эсвэл АНУ энэ үйл явцад оролцохоо болих цаг боллоо хэмээн мэдэгдсэн юм. Энэ нь Трампын өнгөрсөн долоо хоногт өгсөн анхааруулгыг дахин давтсан явдал байв.
АНУ-ын санал болгож буй энхийн төлөвлөгөө нь одоогийн хилийн байдалтай ойролцоо түвшинд нутаг дэвсгэрийн шугамыг царцаах, урт хугацааны дипломат тохиролцоонд хүрэх зорилготой аж. Энэ төлөвлөгөөг Украин болон Европын холбоотнуудын оролцоогүйгээр боловсруулсан нь тодорхойгүй байдлыг бий болгож байна. Крымийг Оросод өгөх асуудал нь ил болсон гэрээний хамгийн маргаантай хэсэг юм.
Трамп өөрийн цахим хуудастаа “Крымийг олон жилийн өмнө, 2014 онд Обама ерөнхийлөгч байх үед алдаж, одоо энэ асуудал хэлэлцэх сэдэв ч биш болсон” гэж бичжээ. Үүний хариуд Зеленский мягмар гарагт мэдэгдэл хийхдээ “Украин Крымийг эзэлсэн явдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг зөвшөөрөх нь манай Үндсэн хуульд харш” гэсэн юм.
Харин Трамп Зеленскийн уг мэдэгдлийн дараа “Хэн ч Зеленскийгээс Крымийг Оросын газар нутаг гэж хүлээн зөвшөөр гэж шаардаагүй. Хэрэв тэр Крымийг үнэхээр авахыг хүсэж байгаа бол яагаад 11 жилийн өмнө нэг ч сум тавихгүйгээр Орост шилжих үед нь тэмцээгүй юм бэ?” хэмээн шүүмжилжээ.
Нэгдүгээр сард дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Трамп Украины дайны талаарх АНУ-ын бодлогыг эрс өөрчилж, Украиныг гал зогсоох саналд нэгдэхийг шахаж, Орос руу чиглэсэн дарамтыг ийнхүү сулруулаад байгаа юм.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн