Open iToim app
Улс төр | 3 мин уншина

О.Номинчимэг: Тамхи гаалийн татваргүй болно гэдэг нь зайрмагнаас хямд хорыг хүүхэд залууст бэлдэж байгаатай адил юм

О.Номинчимэг: Тамхи гаалийн татваргүй болно гэдэг нь зайрмагнаас хямд хорыг хүүхэд залууст бэлдэж байгаатай адил юм
Нийтэлсэн 24 минутын өмнө
Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээрт нэгдэх асуудлыг УИХ болон байнгын хороодоор хэлэлцэж байна. Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд татвар тэглэх бүтээгдэхүүний жагсаалтад тамхи орсон аж. Үүнийг эсэргүүцэн УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Г.Баярбаатар нар мэдээлэл хийлээ. Ингэхдээ “Хэрэв тамхи гаалийн татваргүй бол хайрцаг тамхи зайрмагаас хямдхан үнэтэй болох юм билээ. Төр нь хүүхдүүддээ хор бэлдэж өгдөг ийм бодлого явуулж болохгүй” гэв.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Монгол Улсад үеэс үед хүүхэд, залуусын дунд тамхины хэрэглээ өсөж байгаа. Гаалийн 2024 оны мэдээг аваад үзвэл тус онд 3.5 тэрбум янжуур тамхийг импортолсон байна. Үүнийг Монгол Улсын нийт хүн амд хувааж үзвэл нэг хүнд жилд 1000 ширхэг буюу 50 хайрцаг тамхи оногдож байна. Үүн дээр нэмээд ямар зохицуулалтгүй явж байгаа электрон тамхины асуудал бий. Хүүхэд, залуусын дунд электрон тамхи гаарсан асуудал байгаа. Манай улс  2024 онд 7.8 сая ширхэг электрон тамхи импортолсон байна. Энэ тоог хүн амдаа хуваагаад үзвэл жилд хоёр удаа электрон тамхи татах тоо үзүүлэлт гарч буй. Одоогоор нийт тамхины импортын 35 хувь нь Евразийн түр хэлэлцээрт орж байгаа 5 улсаас импортлогддог. Монгол Улсын янжуур тамхи импортолдог гол улс бол Казахстан, БНСУ юм. Гэтэл БНСУ-аас импортолдог компани Казахстан улсад үйлдвэрээ барьж эхэлж байгаа. Тэгэхээр Евразийн түр хэлэлцээрт нэгдвэл Монгол Улсад гаднаас орж ирж байгаа бүх тамхи, тамхины бүтээгдэхүүн гаалийн татваргүй болох сөрөг үр дагавартай харагдаж байна. Евразийн хэлэлцээрийг ерөнхий дүнгээр нь харвал талхнаас хямд тамхины хэлэлцээр гэдэг зүйл харагдаад буй. Дэлгүүрт хайрцаг янжуур тамхи 3-4 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Монгол Улс тамхины үнэ, тамхинд ногдох татвараараа дэлхийд байхгүй хамгийн хямд улс. Бидний хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ, БНСУ-ын тамхи манай зарагдаж буй тамхинаас 3-4 дахин их буюу 10-12 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Нийтийн эрүүл мэндийг хамгаалахад маш их хүчин чармайлт гаргадаг, үүнийгээ татварын бодлогоороо зоригтой хэрэгжүүлж чаддаг Шинэ Зеланд, Австрали зэрэг улсад манай тамхины үнээс 20-30 дахин үнэтэй тамхийг зардаг. Ингэж улс орнууд гаалийн болон онцгой албан татвараараа тамхин бүтээгдэхүүнээс үүдэлтэй эрүүл мэндийн асуудлыг зохицуулж, нийгмийн эрүүл мэндээ хамгаалдаг. Гэтэл бид тамхи, тамхины бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй болгоё гэдэг төр хүүхэд, залуустаа ямар мессеж гэдгийг харах ёстой. Хэрэв тамхи гаалийн татваргүй бол хайрцаг тамхи зайрмагаас хямдхан үнэтэй болох юм билээ. Төр нь хүүхдүүддээ хор бэлдэж өгдөг ийм бодлого явуулж болохгүй. Эрүүл мэндийн судалгааг авч үзвэл тамхинаас үүдэлтэй хавдар, нас баралтын тоо жилээс жилд ихсэж байна. Жилд дунджаар 4300 хүн тамхинаас үүдэлтэйгээр нас барж байгаа юм. Хатуу үнэнийг хэлбэл тамхины татварыг 0 болговол оршуулгын газар л нэмэгддэг. Үүнийг бид анхаарах ёстой. Мөн тамхины гаалийн татваргүй болговол улсын төсөвт жилд орж ирдэг 68 тэрбум төгрөгөө авч чадахгүй болно. Энэ мөнгөөр бид хүүхэд, залууст хэрэгтэй сургууль цэцэрлэгийн хүртээмжтэй болгож, хүүхэд хамгаалах үйлчилгээгээ сайжруулах ёстой. Евразийн түр хэлэлцээр одоогийн агуулгаараа батлагдвал хорт хавдрын өмнө Монгол Улс бууж өгөөд цагаан тугаа өргөх түүхэнд үлдэх зүйл болох гэж байна. УИХ бол УИХ шиг ажиллаж Засгийн газарт тамхийг гаалийн татвараас чөлөөлөх асуудалд онцгой анхаарч хасах үүрэг даалгавар өгөх ёстой. Сангийн яамнаас татварын тооцооллыг эцэслээд өгвөл Тамхины хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлаа ирэх долоо хоног олон нийтэд танилцуулна.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Евразийн гэрээ хэлэлцээрийг УИХ-ын гишүүнийхээ хувьд тодорхой түвшинд дэмжиж байгаа. Малын гаралтай түүхий эдийг экспортод гаргах, үүнийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж харж байна. Гэхдээ татвар тэглэх бүтээгдэхүүний жагсаалтад нийгэмд тулгамдаад буй тамхи, тамхины бүтээгдэхүүн орж байна.Тамхины төрөл нэмэгдсэнээр хэрэглэгчийн нас залуужна. Аливаа улс орон иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ёстой. Энэ бол төрийн гол үүрэг.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн