Open iToim app
Эрүүл мэнд | 3 мин уншина

Т.Мөнхсайхан: Солонгосоос импортолж байгаа 18 нэр төрлийн эмийг 50-70 хувийн хөнгөлөлттэй олгож байна

Т.Мөнхсайхан: Солонгосоос импортолж байгаа 18 нэр төрлийн эмийг 50-70 хувийн хөнгөлөлттэй олгож байна
Нийтэлсэн 20 минутын өмнө
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар эмийн үнийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбоотой авах арга хэмжээний тухай УИХ -ын 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар тайланг танилцууллаа. 
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эмийн үнийг бууруулах, чанартай эмээр хангах зорилтын хүрээнд ДЭМБ-ын жагсаалтад орсон, эмийн хатуу зохицуулалт бүхий улс орны эм үйлдвэрлэгчидтэй үнийн хэлцэл хийж, дундын зуучлагчгүйгээр чанартай, хямд эмийг шууд нийлүүлэх үйл ажиллагааг 2024 оны есдүгээр сараас эхлүүлсэн байна.
2024 оны арванхоёрдугаар сараас БНСУ-ын таван үйлдвэрлэгчийн 23 төрлийн эмийг импортолж эхэлсэн. 
Эдгээрээс 18 нэр төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 50-70 хувийн хөнгөлөлттэй олгож байгаа. Эдгээр эм нь зах зээлийн бусад ижил төрлийн эмийн үнээс даруй 30-90 хүртэл хямд үнэтэй байна.
Эмийн импортын хүрээнд Швейцар, Солонгос, Япон зэрэг орнуудын үйлдвэрлэгчидтэй хэлцэл хийж байгаа” гэв.
Энэ үеэр гишүүд үг хэлж, асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Эмийн хяналтын үүрэг чиглэлээ Эрүүл мэндийн яамны харьяаллаас гаргах нь зүйтэй. Эрүүл мэндийн яамнаас ч өндөр статустай хүнс, эмийн агентлаг байгуулах хэрэгцээ шаардлага байна.  Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагад жилд дунджаар 170 мянган осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгддэг. Санамсаргүй спиртэд хордох нас баралт жилд 800 байна. Сард 70, өдөрт 2-3 хүн спиртэд хордож нас барж байна. Муу чанарын дуураймал архи байгаад байна уу гэдэгт хяналт тавьж байгаа байгууллага алга.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Манай улсад эмийн бүртгэл, мэдээлэл, зохицуулалтын асуудал төдийлөн сайн жигдрээгүй байгаа. Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг нь зөвхөн хяналт тавих биш хяналт, зохицуулалт хийнэ. Нэгдүгээрт, чанартай эмийг хямд үнээг авах боломжийг хэрэгжүүлнэ. Манай улсын зохицуулалт нь жигдрээгүй байгаа үед хүнс, эмийн агентлаг бий болгох нь буруу. Цаашдаа ч гэсэн эмийн болон хүнсний агентлаг тусдаа байх нь манай улсын онцлогт таарч буй.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Түр хороог би ахалж ажилласан. Түр хороонд ашиг сонирхлын зөрчилтэй эмийн агентлаг ажиллаж байна. Монгол фарм гэдэг компанийн үүсгэн байгуулагч гээд нэрийг нь дурдаад явуулж байхад буцаагаад Эрүүл мэндийн яамны Эмийн бодлогын асуудал хариуцуулсан хүн болгосон байна. УИХ-аас гаргаж байгаа тогтоол, шийдвэрийг хүндлэхгүй байгаа юм уу. Бид эмийг чанартай боломжийн үнэтэй болгооч гэсэн. Яагаад тендер зарлалгүйгээр нэр цохсон компаниас эм ав гэж тушаал шийдвэр гаргаад байна вэ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Манай эм, эм зүйн салбар тэр чигээрээ хувийн хэвшил гэдгийг та өөрөө мэдэж байгаа. Дийлэнх чадвартай боловсон хүчин нь хувийн хэвшилд ажиллаж байсан. Одоо ч гэсэн үүнд асуудал үүсэж байгаа. Боловсон хүчин тогтворгүй болохоор бодлого, үйл ажиллагаа цалгардаад байна. Тийм учраас бид чадвартай боловсон хүчнээ зохих хууль ёсны байгууллагаас нь аваад явж байгаа. Солонгосын үйлдвэрүүдтэй хэлцэл хийгээд хямд үнэтэйг нь сонгоод явсан. Үүнд ямар нэгэн хуулийн зөрчил үүсээгүй гэж бодож байна. Эм оруулж ирэх сонгон шалгаруулалтыг тендерээр хийсэн. Өнөөдөр үр дүнгээ өгөөд эхэлсэн. Өмнө нь чихрийн шижингийн эмийг авах гэж сардаа 60 мянган төгрөг төлдөг байсан бол өнөөдөр 6600 төгрөг төлж байгаа. Цус шингэлэх эмийг өмнө 60-70 мянган төгрөгөөр авдаг байсан өнөөдөр 6-7 мянган төгрөг төлөөд сарынхаа хэрэглээг авч байна. Бид 2026 оны төгсгөл гэхэд бүх эмдээ энэ бодлогыг хэрэгжүүлнэ.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн