Open iToim app
Засгийн газар | 3 мин уншина

Б.Дэлгэрсайхан: Хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг 1 жил 9 сард багтаан дуусгана

Нийтэлсэн 7 минутын өмнө
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар БНХАУ болон Монгол Улсын хооронд тавигдах Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын талаар хэлэлцсэн байна. Түүнчлэн, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын нөхцөл байдлын талаар сайд нар мэдээлэл өглөө.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Долоо хоног болгон өгдөг экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийн мэдээллийг танилцуулъя. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ өссөн дүнгээрээ дөрөвдүгээр сарын 22-ны байдлаар өмнөх оны мөнх үеийнхээс давсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл хугацаанд 22.9 сая тонн нүүрс экспортод гарсан. Үүн дотроос Бичиг боомтоор экспортод гаргаж байгаа эрчим хүчний нүүрсний экспорт 2.9 дахин нэмэгдэж 2.1 сая тонныг экспортод гаргаад байна. БНХАУ-ын зах зээл рүү нийлүүлэгдэж байгаа эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа нь 2025 оны үлдэх хугацаанд 3 сая тонн нүүрс нэмж экспортолж, 100 сая долларын нэмэлтээр орлого олох боломжийг нээж өгч байгаа. Түүнчлэн, бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор Монгол Улсын импортын хэмжээ өмнөх долоо хоногоос өссөн дүнтэй байна. Мөн 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Монгол Улсын валютын нөөц 5.2 тэрбум ам.доллар хэвээрээ хадгалагдаж байгаа. Валютын үнийн өсөлттэй холбоотойгоор Монголбанкнаас тодорхой интервенц, валют орлуулах арга хэмжээг бодлогын дагуу шат дараатай авч хэрэгжүүлж байгаа гэдгийг хэлье.
Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн компани хоорондын гэрээний хоёр нь манай салбартай холбоотой байна. Энэ нь нүүрс худалдах, худалдан авах гэрээ юм. Тус гэрээнд бүх зүйлээ тохиролцоод тавдугаар сарын 1 гэхэд гэрээг эцэслээд нүүрсний худалдааг эхэлнэ.  Мөн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хэсэг ажиллаж байна. Энэ ажлын хэсэг эдгээр өдрүүдэд БНХАУ-д очиж хэлэлцээрээ үргэлжлүүлж буй. Гэрээг тавдугаар сарын эхний хагаст багтаж байгуулна гэж үзэж байгаа. Төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлууд тавдугаар сарын 14-нд эхэлнэ. Мөн сүүлийн үед УИХ-аар хэлэлцэх эсэх нь яригдаж байсан Уул уурхайн биржийн тухай хуулийг Засгийн газраас татан авч байна. Дахин ирэх долоо хоног хүртэл хэлэлцээд өргөн барих эсэх асуудлыг шийднэ.  
undefined

Б.Дэлгэрсайхан: Хил холболтын төмөр замын ажил ирэх 14-нд нээлтээ хийнэ

ЗТЯ-ны сайд Б.Дэлгэрсайхан: Хил дамнасан төмөр замын холболтын ажлын гэрээ тавдугаар сарын эхээр бүрэн зурагдана. Энэ гэрээ зурагдсаны дараа тавдугаар сарын 14-нд "Чайна Энежри" болон "ЗТЯ", "Тавантолгой" хэсгийн барилгын ажлын нээлтийг хийхээр урьдчилсан байдлаар төлөвлөж байгаа.
Төлөвлөгөөний дагуу "Чайна Энержи" болон БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Хөгжил шимтгэлийн хороо хамтран нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангаж байна. Энэхүү нээлтийн дараа бүтээн байгуулалтын үйл ажиллагаа шууд эхэлнэ. Хоёр талын улс өөр өөрийн газар нутаг дээрх бүтээн байгуулалтаа хийж эхэлнэ гэсэн үг.
Монгол Улсын хувьд өөрийн нутаг дэвсгэр дээр хийгдэх бүтээн байгуулалтдаа энэ сарын 1-ний өдрөөс олон улсын тендер зарласан байна. Тус тендерт хоёр компани оролцохоор саналаа ирүүлсэн. Хятадын төмөр замын инженерийн корпорац "CREC" болон "CRCC" компаниуд мэдээллээ илгээсэн байна. Сонгон шалгаруулалтын эцсийн дүн дөрөвдүгээр сарын 30-нд гарна.
Засгийн газрын тогтоолын дагуу барилгын материал явуулах, төмөр замын хаалттай бүс нээх, явуулын гааль ажиллуулах гэх мэт хэрэгтэй бүх зүйлсийг бэлтгэж байна. Бид богино хугацаанд нээлтийг хийж байгаа  нь бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлүүлж, эрт дуусгах төлөвлөгөөтэй байна. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу нэг жил есөн сарын хугацаанд хийгдэнэ гэж тендерийн материалууд ирсэн ч бид үүнээс богино хугацаанд хийхээр ярилцаж байгаа.
Энэ төмөр замыг холбох явцдаа Чайна Энержи таван сая тонн нүүрсийг тээвэрлэнэ. Мөн дараагийн жил таван сая тонныг зөвхөн төмөр замаар нийлүүлнэ. Хятадын Чайна Энержи худалдаж авах нүүрсийг Цогтцэцийгээс Гашуунсухайт хүртэлх замаар тээвэрлэхээр ажиллаж байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн