Open iToim app
Засгийн газар | 3 мин уншина

Н.Учрал: Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу нуураа ч, худгаа ч авна

Н.Учрал: Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу нуураа ч, худгаа ч авна
Нийтэлсэн 0 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, ирэх долоо хоног дахин хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болжээ.
Мөн Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах хуулийн төслийг боловсруулж, удахгүй өргөн барих нь зүйтэй гэж үзжээ. УИХ-д өргөн бариад байсан Уул уурхайн биржийн тухай хуулийн төслийг Засгийн газраас буцаан татахаар болжээ. Түүнчлэн, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт, түүнтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.
Тэрээр “Монголын баялаг аль нэгэн намын өмч, аль нэгэн улстөрчийн хувийн хөрөнгө хэрхэвч биш. Зэс, нүүрс, газрын ховор элемент, жонш, төмөр, алт, мөнгө гээд бүгдээрээ Монголын баялаг. Үүнд, Төгрөг нуур, Ухаа худаг, Овоо толгой, уул, овоолго бүгд Монголын баялаг. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Тиймээс байгалийн баялагтай ард түмэн эзэн байх, Баялгийн сангаар дамжуулсан эрүүл мэнд, орон сууц, боловсролдоо зарцуулах орчныг бүрдүүлсэн. Аль намын, хэн эзэмшсэн байх нь энд огт хамаагүй. Тиймээс хуулийн дагуу авах ёстой нуураа ч, худгаа ч авна.
Нэгд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хувьд, УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд судалгаа, мэдээлэл цуглуулсны үндсэн дээр МТАС түншлэлийн гэрээг хүчингүй болгохоор шийдсэн. Энэ долоо хоногт ТУЗ нь хуралдаад энэ асуудал шийдэгдэнэ.
Хоёрт, Төгрөг нуурын ордтой холбоотой. Намайг ганцхан Төгрөг нууртай зууралдаад байна гэсэн мэдээлэл яваад байгаа. Гэхдээ энэ нь миний эрхлэх асуудалд хамаарч байгаа учраас ярьж байгаа. Өнгөрсөн хугацаанд цугларсан гурван хайрцаг баримтыг хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн. АТГ-аас энэ асуудалтай холбогдуулан хэрэг бүртгэлт нээж ажиллаж эхэлсэн гэдгийг мэдээлсэн. Мөн өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын шийдвэрээр АТГ, цагдаа, прокурорын хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажилдаа орсон гэсэн мэдээллийг өгсөн. Мөнгө угаах, татвараас зайлхийх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зэрэг зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа эхэлж байгаа юм байна.
Монголын баялгаар муур хулгана шиг тоглож байгаа байдал дахин давтагдах юм бол Монголын хууль дуудах ёстой. Үүн дээр ямар нэгэн ялгаварлан гадуурхалт байх ёсгүй. Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжих ёстой.
Гуравт,  MCS группийн Энержи ресурс компанийн Ухаа худагийн ордын асуудал байгаа. Энэ орд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын зүгээс өргөн мэдүүлсэн. Ажлын хэсэг байгуулж, дүгнэлтээ танилцуулсан. Энэ дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа миний бие, Хууль зүйн сайд О.Алтангэрэл, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарын гарын үсэгтэй тогтоолыг УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-аас хууль зүйн хүрээнд тодорхой бичиг баримтын бүрдүүлэлт дутуу гэдэг үндэслэлээр бичиг баримт шаардсан. Нэмэлт материалыг УИХ-д илгээж байгаа учраас цаашдаа хэлэлцээд явах байх.
Дөрөвт, овоолго гэж ярьдаг асуудал. Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн хуульд стратегийн орд, түүний үүсмэл ордын нөөцийг улсын төсвийн хөрөнгөөр тогтоосон бол 34-51 хувь дээр хэлэлцээр хийхийг хуулиар олгосон. Төр эзэмшлээ тогтоож, 34-51 хувийг авсан бол түүнийг нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах уу, эсвэл бүтээгдэхүүн хуваахаар оруулах уу гэдгийг УИХ шийдэх онцгой эрхтэй. Тиймээс Засгийн газар эхлээд төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно, түүний дараа хэрхэн ашгаа хүртээх вэ гэдгийг УИХ шийднэ.
Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэрээс гарсан овоолго нэртэй үүсмэл орд буюу Ачит Ихт, Эрдмин, Зэс Эрдэнийн хувь гэсэн гурван компани ажиллаж, тэрбум тэрбумаар ашиг хийж байгаа гэх мэдээлэл бий. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэртэй 2010 онд байгуулсан гэрээгээр Ачит Ихт компани 34 хувьд ногдох ашгаа өгөх ёстой байсан ч өгөлгүйгээр 15 жил өнгөрсөн. Өгнө гэсэн ч өгөөгүй, авна гэсэн ч аваагүй байгаа юм. Өгөх, авах гэрээ нь байхад ард түмний боломжоор бөмбөг шиг тоглосон. Цаашдаа хувийн хэвшилтэй ширээний ард сууж, төрийн эзэмшлийн хувь хэмжээгээ тогтоох шийдвэрээ гаргах ёстой. Хэдэн хувь дээр нь хэлэлцээр хийж болохоо шийдсэний дараа УИХ-д төрд ногдох хувийг хэрхэн авах тухай шийдвэрийг гаргуулна. Энэ долоо хоног энэ гурван үүсмэл ордын газар дээр нь ажиллаж холбогдох шийдвэрийг шат дараатай гаргаад явна" гэлээ.
 
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн