Open iToim app
Эдийн засаг | 9 мин уншина

Х.Цэвэлмаа: Инфляц өдөөхгүй гэж иргэн, ААН зардлаа бууруулж байхад Засгийн газар нь эсрэгээрээ төсвөө тэлж байна

Х.Цэвэлмаа: Инфляц өдөөхгүй гэж иргэн, ААН зардлаа бууруулж байхад Засгийн газар нь эсрэгээрээ төсвөө тэлж байна
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 23
Монголын эдийн засгийн нөхцөл байдлын талаар МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор, Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Х.Цэвэлмаатай ярилцлаа. 
-Таны хувьд өнөөгийн Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж, харж байна вэ гэдгээс ярицлагаа эхлүүлье?
-Ямар ч эдийн засагт хоёр л зүйлийг чухал гэж үздэг. Тэр нь хөдөлмөр эрхлэлт, бүтээгдэхүүн хоёр юм. Бүтээгдэхүүн нэмэгдэхийн хэрээр ажил эрхлэлт нэмэгдэнэ. Энэ хоёр хоёулаа зэрэг сайжирч байж валютын ханш, хүмүүсийн худалдан авах чадвар, орлого, нийгмийн даатгал, татвар зэрэг нь дагаад явах асуудал юм. Суурь хоёр асуудал нь өнөөдөр аймгууд, сумдад ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байна, тэр нь тухайн аймаг хийгээд сумандаа байгаа хүн амын амьжиргааны түвшнийг хангаж чадах хэмжээний үйлдвэрлэл мөн үү гэх асуудлыг анхаарах нь зүйтэй. Хөдөлмөр эрхлэлтийн хувьд шинэ шинэ ажлын байр хэрэгтэй. Монголд ажил мэргэжлээс хасагдсан мэргэжил юу байна, шинээр орж ирэх шаардлагатай мэргэжил юу байгаа талаар нарийн судалгаанууд хэрэгтэй. Тодорхой бус байдал ихсэхийн хэрээр дэлхийн олон орны Засгийн газар бодлогоос илүү асуудал руу нь чиглэх болсон. Тэрхүү асуудал нь ногоон шилжилт, цахим шилжилт болон уур амьсгалын өөрчлөлт юм. Ногоон шилжилт, цахим шилжилт хоёрыг зэрэг анхаарахад улс орнууд энэ хоёр зүйлийг яаж дархлаатай болгох вэ хэмээн гурав дахь чиглэлийг гаргаж ирсэн. Эдгээр асуудлыг уялдуулж, илүү үр ашигтай болговол олон ажлын байр, олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Манай улсын чиглүүлэх гол асуудал нь дээрх асуудалтай холбоотойгоор технологи, инновац гэж харж байна. Гэтэл зөвхөн алдаатай, оноотой бодлогоо л сайжруулах гээд яваад байдаг. Тиймээс асуудлыг эрэмбэ дараатай шийдвэрлэж явах нь чухал.
-Америк, Хятадын харилцааны асуудал нилээд шуугиан дэгдээж, дэлхийн санхүүгийн зах зээлийг өөрчилж байна. Ер нь худалдааны дайн Монгол Улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?
-Сүүлийн үед эдийн засагчид энэ талаар байр сууриа илэрхийлсээр л байна. Өмнө нь бид том гүрнүүдийн нөлөөлөл гэж харж байсан бол дэлхийн улс орнууд хөгжлөөрөө бие биеэсээ их хамааралтай болсон. Энэ нөхцөл байдлыг харахад Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ хурдан өөрчилж байдаг шиг том орнуудын шийдвэр ч мөн хурдан өөрчлөгдөж байна. Худалдаа гэдэг нь улс орнуудын зах зээлийн нээлттэй байдал, өрсөлдөөнийг дараагийн ямар шат руу ахиулах вэ гэдгийг харуулж байдаг. Хэдийгээр бие биетэйгээ харилцаа холбоотой байгаа ч тухайн улсын хөгжилд нөлөө үзүүлэх дотоод болон гадаад хүчин зүйлс аль аль нь улам л нарийссаар байна. Гадаад талаас харвал Ковид-19 цар тахлаас хойш дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг дахин инженерчлэх гэсэн асуудал гарсан. Мөн улс орнуудын геополитикийн асуудал их хурцадмал болж эхэлсэн. Интернэт, хиймэл оюун ухаан, харилцаа холбооны салбар нь иргэний болон цэрэг, зэвсэгт хүчний нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татах болсон. XXI зуунд дайн болохгүй болов уу гэж төсөөлж байсан бол Европын нутаг дэвсгэр дээр гурав дахь удаагийн дайн гэж хэзээ зогсох нь тодорхойгүй үзэгдэл явагдаж байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт гэх асуудал байна. Иймд, худалдааг хэр зэрэг өөрчлөлттэй байгааг харвал, нэг талаас, аж үйлдвэржилт ба хүрээлэн буй орчин гэсэн эсрэг тэсрэг харилцааг улам тод харуулж байгаа бол, нөгөө талаас, төсвийн зарлага ба засгийн газрын үйл ажиллагааны цар хүрээг илэрхийлж байна. Аж үйлдвэрийг мэдэгдэхүйц хөгжүүлэхэд хүрээлэн буй орчин болон эдийн засгийн нөөцөд төсөөлшгүй өөрчлөлтийг авчирсан. Нөөцийг ашиглаад ирэхээр уур амьсгал болон бусад олон нөлөөллийн асуудал дагаад гардаг.
Нөөц ашиглалтын асуудал хаашаа шилжих вэ гэх асуудал худалдааны дайны хамгийн том асуудал болов уу гэж харж байна. Өнгөн дээрээ илэрч байгаа нь тариф гэж харагдаж байгаа ч цаанаа бол аж үйлдвэржилт, хүрээлэн буй орчны эсрэг тэсрэг байдал хэрхэн өөрчлөгдөх нь олон судлаачдын анхаарлыг татаж байгаа.
-Монголбанкнаас валютын нөөц хангалттай гэж мэдээлсэн ч долларын ханш өдрөөс өдөрт чангарсаар байгааг юу гэж тайлбарлах вэ?
-Нэмэгдэж буй асуудлыг угаас нь уль суурьтай хараад үзвэл олон шалтгаантай харагдах болно. Сүүлийн үед Монгол Улсын импорт үнэхээр их нэмэгдэж байгаа. Импорт нэмэгдэхийн хэрээр валютын гадагшлах урсгал ихэснэ. Импорт бол зөвхөн гаалиар орж ирж байгаа хэрэг биш. Өнөөдөр онлайн худалдаа импортыг ихээр өдөөж, валют их хэмжээгээр зарцуулж буй нэг шалтгаан юм. Хүмүүсийн эрэлт хэрэгцээ, худалдан авах чадвар нь буурч байгаа бол тэд өөрсдийнхөө хэрэглээг танах асуудал гарч ирнэ. Гэсэн ч хүмүүст шинэ хэрэглээ рүү шилжсээр л байна. Валютын эрэлтийг өдөөж байгаа дараагийн шалтгаан Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого болоод байна. Энэ олон стратегийн орд газрыг ашиглаад мега төслүүдийг хэрэгжүүлнэ гээд зарлах нэг хэрэг. Үүний ард зохион байгуулах, уялдуулах, зангидах гээд өчнөөн асуудал байна. Гэтэл өнөөдөр нэг мэдээлэл өгөөд л хөрөнгийн бирж дээр хэр их өөрчлөлт гарч байгааг бид харсаар, сонссоор байна. Жишээлбэл, нэг хөрөнгийн бирж дээр нэг өдөр л бодлогын шийдвэрээс хамааран өчнөөн тэрбумаар компаниуд алдагдалд орох нь энгийн жишээ болоод байгаа биш үү. Энэ талаас харвал валютын ханш бидний хэрэглээнд олон талаар холбоотой. Наад зах нь, Засгийн газраас явуулж буй бодлоготой холбоотой бөгөөд гадаад улсаас ирж буй дарамт шахалттай ч холбогдох болов уу.
Импортын талаас авч үзвэл Монгол Улсын валютын нөөц хэр зэрэг импортоо даах бол? Монголбанкны мэдээлж байгаагаар 4.5-5 тэрбум долларын нөөцтэй гэх боловч импортоо бүтэн жилээр нь ч хангаж чадахгүй байна. Улирлын хэмжээнд хангаж чадаж байна уу, үгүй юү гэх хэмжээний нөөцтэй байж хангалттай нөөцтэй гэж ярьж болох уу. Нөгөө талаас компаниудыг авч үзвэл, ханш нь тухайн валютыг худалдаж авах, худалдах харилцаан дээр тогтдог. Гэтэл долларын ханшаа бариад байхад бусад валют нь өсөөд байна. Хамгийн гол асуудал нь төгрөгийнхөө худалдан авах чадварыг манай улс тогтвортой барьж чадахгүй байна уу гэх асуудал. Энэ талаас нь харвал төгрөгийн уналтад нөлөөлж байгаа зүйл олон байна. Бүр сууриар нь харвал манай улс төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулъя гэвэл үйлдвэрлэх бараа, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийн хэм хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай.
Ажил эрхэлж байгаа хүмүүсийн худалдан авах чадвар дээшлэхгүй байна. Хэдийгээр инфляцын хэм хэмжээгээр бодит цалинг өсгөж байгаа боловч цаанаа баталгаатай ажлын байр, өрхийн амьжиргааг найдвартай дээшлүүлэх асуудал шийдэгдэхгүй хэвээр байгаа. Үүнээс гадна төгрөгийн худалдан авах чадвар болон бараа бүтээгдэхүүний худалдан авах чадвар хоёрын хооронд тодорхой хамаарал бий. Онолын үүднээс төгрөгийн ханш унана гэдэг нь манай экспортыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх юм. Гэтэл экспорт ярих гэхээр зөвхөн нүүрсний экспортын талаар л ярьдаг болсон. Засгийн газрын хийх ажил нь компаниудыг гадагшаа экспорт гаргахад нь институцийн дэмжлэг үзүүлэх юм. Олон улсын худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүрэг нь “эрүүл ахуйн шаардлага хангах” дээр очоод л зогсчихдог.  Гэтэл тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техникийн нөхцөл байдлыг хангах олон стандартыг хангах, тэдгээрийг тасралтгүй үргэлжлүүлэх хэрэгтэй болно. Үүнд нь тэр институцийн дэмжлэгийг тасралтгүй олон жилээр үзүүлж байна уу? Зөвхөн төгрөгийн ханшны сулрал, чангарлаар эдийн засгийг ярих боломжгүй юм. Өнөөдрийн хувьд бодлогоос хамааралтай төгрөгийн ханшны сулрал явагдаж байна.
Хувийн хэвшлийн байгууллагууд чадахаараа л хөрөнгө оруулалтаа хийж төгрөгийн ханшийг чанга байлгах гэж хичээж байгаа боловч нөгөө талд нь Засгийн газар өөрөө ханшаа сулруулах зүйлийг хийж байна.
undefined
-Долларын ханш манай улсад Цагаан сараас хойш эрчимтэй өссөн. Гэхдээ бусад улсад ам.долларын ханш зургаан орчим хувиар буурсан байна. Уг нь буурах ёстой зүйл яагаад манай улсад өссөөр байгаа юм бол. Энэ асуудалд хэн ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Энэ бол үндсэндээ цэвэр Засгийн газар бодлогоо уялдаатай авч үзэх тухай асуудал юм. Засгийн газрын бодлогын алдааг төсвийн тэлэлтээс харж болно. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд Засгийн газрын төсвийн урсгал зарлага асар хурдтай нэмэгдсэн. Энэ нэмэгдэж байгаа хэмжээгээрээ хөрөнгө оруулалтаа дэмжээд явах сан байхгүй байна. Стандарт итгэмжлэлд асар их хэмжээний зардал гарна. Энэ талаа харалгүй төрийн байгууллагуудын төсвийн зардлыг хэт данхайлгаж Засгийн газар, яамдын дэргэд төрийн өмчит үйлдвэрийн газар, судалгааны төв байгуулж, уг газарт үр ашиг багатай мөнгө эргэлдэж байгаа. Энэ ардчилсан тогтолцоонд Засгийн газрын байгууллагуудыг биш, харин хувийн хэвшлийн байгууллагуудын нөлөөг аль болох дэмжих ёстой юм.
Хувийн хэвшлийн байгууллагууд чадахаараа л хөрөнгө оруулалтаа хийж төгрөгийн ханшийг чанга байлгах гэж хичээж байгаа боловч нөгөө талд нь Засгийн газар өөрөө ханшаа сулруулах зүйлийг хийж байна. Нэг ёсондоо асуудлын зөрүү үүсэж байгаа юм. Засгийн газрын хийж буй хөрөнгө оруулалт нь экспортлогддог хөрөнгө оруулалт биш харин хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийгдсэнээр бүтээгдэхүүн нь экспортлогддог. Уг нь хувийн хэвшлийнхээ дэд бүтцийг дэмждэг хөрөнгө оруулалт байдаг бол төгрөгийн худалдан авах чадвар, ханшны чангаралт нь эдийн засагт илүү эерэг нөлөөтэй. Гэтэл манай улс юу экспортолж байгаа вэ гэвэл нүүрс. Тиймээс л нүүрснийхээ хэмжээг нэмэгдүүлнэ гэж ярьж байгаа. Үнэ нь буурч байгаа үед нүүрсний хэмжээг нэмэгдүүлэхэд орж ирэх орлого нь нэмэгдэхгүй юм. Иймд, гол тоглолт хаана илүү харагдах хэрэгтэй гэвэл бид нар гаргаж байгаа бүтээгдэхүүн, тухайлбал, нүүрсний үнийг хэрхэн яаж тогтвортой барих уу, яаж илүү өндөр үнэтэй байлгах вэ гэдэг нь чухал. Түүнээс биш гаргах хэмжээгээ өсгөнө гэдэг тийм зөв шийдвэр биш.
Төгрөгийн ханшийг хүчтэй байлгах өөр нэг асуудал бол уул уурхайн бус бүтээгдэхүүн болох хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн, аялал жуулчлалын үйлчилгээ, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний экспорт, түүнийг нэмэгдүүлэх арга замыг зөв сонгох тухай боломж юм. Цөөн тооны өвөрмөц бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд таниулахын тулд хамгийн эхлээд магадгүй, олон улсын оюуны өмчийн бүртгэлд оруулахыг зорих, мөн бүтээгдэхүүний газарзүйн заалт авах хэрэгтэй болов уу. Ийм үйл явцад олон улсын чанарын удирдлагын тогтолцоо чухал бөгөөд Засгийн газар өөрөө хувийн хэвшлүүдэд ийм таатай орчныг бүрдүүлэхэд туслах үүрэгтэй. Эх сурвалжаас нь харвал, ханш сулраад байгаагийн гол асуудал Засгийн газар бизнесийн орчноо дэмжих зүйлийг сул явуулж байгаад байна.
-2025 онд инфляц хоёр оронтой тоонд хүрэх төсөөлөлтэй байна гэж Монголбанкны ерөнхийлөгч хэлж байсан. Инфляц хоёр оронтой тоонд хүрвэл нийгэмд ямар өөрчлөлтүүд илрэх вэ?
-Инфляцын түвшин өсвөл хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурна. Өрхийн амьжиргааны түвшин ядуурах эмзэг байдал руу дөхнө гэсэн хамгийн эхний зураглал харагдах юм. Ядуурах эмзэг байдал гэдэг нь хүмүүсийн хэрэглээ буурах магадлалыг хэлж байгаа. Хүнсний зүйл болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авах хэмжээгээ багасгана гэсэн үг. Өрх бол ийм зүйлийг хийж чаддаг. ААН ч ялгаагүй, зардал нь өсөөд ирвэл бууруулах гарцыг хайна. Гэтэл Засгийн газрын хийхгүй байгаа зүйл бол төсвийн таналт юм. Төсвийн таналтаа юун дээр хийж байна гэвэл боловсрол болон эрүүл мэнд гэх зэрэг нийгмийн хамгийн эмзэг салбарын төсвийг хэмнэж байна. Инфляц ийнхүү нэмэгдэх гэж байгаа бол төсвөө танахын тулд төрийн захиргааны байгууллагууд өөрсдийнхөө үйл ажиллагааны зардлыг танах хэрэгтэй юм.
quote photo
Өрхүүд хэрэглээгээ танаж, бизнес зардлаа хянаж байгаа бол төрийн байгууллагууд ч гэсэн үйл ажиллагааныхаа зардлыг танах хэрэгтэй.
Х.Цэвэлмаа
Мөн инфляцыг хөөрөгдөж байгаа нэг шалтгаан бол төрийн байгууллагуудын худалдан авах үйл ажиллагаа юм. Худалдан авах үйл ажиллагаанд дийлэнх нь импортын бараа байх юм бол инфляцыг хөөрөгдөх нэг шалтгаан болно. Импорт өөрөө өндөр үнэтэй байна. Дотоодод юм үйлдвэрлэхэд ч өндөр үнэтэй байна. Засгийн газрын худалдан авалт нь нийцтэй зохистой түвшинд байхгүй байгаа нь асуудал юм. Засгийн газрын зардлыг танадаг хяналтын системийг сайжруулахад анхаарахгүй бол систем улам бүр доголдсоор байх болно. Засгийн газрын гишүүдийг эгүүлэн татах асуудлыг олон нийт тавьж эхэлсэн. Гол нь энэ системд ажиллах зохицуулалт, дүрэм журам нь сул хэвээр байна. Засгийн газар төрийн өмчит бус хувийн үйлдвэрлэгчдээ хамгаалах болон дэмжихээр хөгжлийн бодлогынхоо чиглэлийг өөрчлөх хэрэгтэй. Инфляц хөөрөгдөж байгаа өөр нэг шалтгаан бол шинээр асар их зүйл хэрэглээнд орж байна. Шинэ зүйлсийг худалдан авах мөнгө тэр бүр хэрэглэгчдэд байна уу гэх асуудал бий. Монголбанкны зүгээс хэрэглэгчдийн хадгаламжийн өөрчлөлт, чанаргүй зээлийн үлдэгдэл гээд олон мэдээллийг харуулж байгаа. Цаашид бид бодит нөхцөл байдлыг нухацтай харж, боломжоо зөв үнэлэн шийдвэр гаргадаг бол энэ нь л бодитой зүйл болно.
-Ярилцсанд баярлалаа.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн