Open iToim app
Тэд бидний тухай | 4 мин уншина

"United Airlines"-ийн Монгол Улс руу хийх тогтмол нислэгийн онцлог ба Улаанбаатараас Сан Франциско орох өртөг багасах нь

"United Airlines"-ийн Монгол Улс руу хийх тогтмол нислэгийн онцлог ба Улаанбаатараас Сан Франциско орох өртөг багасах нь
Нийтэлсэн 9 минутын өмнө
2024 оны аравдугаар сард АНУ-ын тэргүүлэх агаарын тээвэрлэгч “United Airlines” олон улсын нислэгийн сүлжээндээ түүхэн дэх хамгийн том өргөтгөлөө зарласан нь дэлхий даяар аялал жуулчлалын салбарын анхаарлыг татсан үйл явдал байв.
Энэхүү тэлэлтийн хүрээнд Тайвань, Сенегал, Гренланд, Итали, Испани, Португал зэрэг орнуудын нийслэлээс гадна далайд гарцгүй Монгол Улсын нийслэл Улаанбаатар ч багтсан билээ.
Тэгвэл энэ түүхэн үйл явдал 2025 оны тавдугаарр сарын 1-ээс биеллээ олох гэж байна. United Airlines компани Токио Нарита (NRT) болон Улаанбаатар (UBN) хотын хооронд улирлын чанартай шинэ нислэг нээж, АНУ-аас Монгол руу тогтмол нислэг үйлдэх анхны Америкийн агаарын тээвэрлэгч болох гэж байна.
Америкуудад Монголыг нээх гарц
Монгол Улс сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын чиглэлээр эрчимтэй хөгжиж буй бөгөөд 2023 оны эхний арван сарын байдлаар 500,000 орчим жуулчин хүлээн авсан нь өмнөх оныхоос 25 хувиар өссөн үзүүлэлт юм. Жуулчдын гол урсгал нь Европ, Япон, Өмнөд Солонгосоос бүрдэж байгаа нь Токиогоос хийх шинэ нислэгийн хэрэгцээ, ач холбогдлыг илтгэж байна.
Нөгөө талаас, Монгол Улс "Condé Nast Traveller" сэтгүүлийн “Азийн заавал очих газрууд” жагсаалтад багтсан бөгөөд 2023 онд 34 улсад визгүй зорчих эрх нэмж олгосноор визгүй орны тоог 61-д хүргээд байгаа. Говийн элсэн манхан, Алтайн сүрлэг уулс, тал хээрийн онгон байгаль зэрэг нь морин аялал, хээр майханд хоноглох, од ажиглах зэрэг аяллын гол бай болж, сонирхогчдын тоо тасралтгүй өссөөр байна.
Нислэгийн нарийвчилсан мэдээлэл
United Airlines-ийн Улаанбаатар чиглэлийн нислэгийг Boeing 737-800 онгоцоор долоо хоногт гурван удаа үйлдэх ба 166 зорчигчийн суудалтайгаар нислэг үйлдэх юм. Онгоц Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд буух бөгөөд энэхүү шинэ нислэг 2025 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ.
Нислэгийн цагийн хуваарь:
UA007: Токио Наритагаас Лхагва, Баасан, Ням гарагуудад 16:30 цагт хөөрч, Улаанбаатарт 20:55 цагт бууна.
UA006: Улаанбаатараас Даваа, Пүрэв, Бямба гарагуудад 09:55 цагт хөөрч, Токиод 15:45 цагт газардана.
Нислэгийн тасалбарыг United Airlines-ийн албан ёсны вэбсайт, гар утасны апп, эсвэл итгэмжлэгдсэн аяллын агентуудаар дамжуулан худалдан авах боломжтой.
Улаанбаатараас Сан Франциско чиглэлийн нислэг хэр үнэтэй байна вэ?
2025 оны тавдугаар сарын 5-ны өдөр Улаанбаатараас Сан Франциско хүртэл нисэх экономи ангиллын нислэгийн үнийг дараах байдлаар харьцууллаа.
United Airlines - Токиогаар дамжин явах - 2,787,800₮
MIAT + Cathay Pacific - Хонгконгоор дамжин явах - 3,042,300₮
Korean Air - Сөүлээр дамжин явах - 3,276,800₮
Хамгийн хямд үнийг одоогоор United Airlines санал болгож байна. Шинэ нээгдэж буй Токио–Улаанбаатар чиглэлийн нислэгийн ачаар Монголын иргэд АНУ-ын баруун эрэг рүү харьцангуй хямд, цагаа хэмнэсэн сонголттой болж байна.
“Нээлттэй тэнгэрийн гэрээ”-ний үр шим
United Airlines-ийн энэхүү шинэ чиглэл 2023 оны наймдугаар сард Монгол-Америкийн хооронд байгуулсан “Нээлттэй тэнгэрийн гэрээ”-ний үр дүн гэж хэлж болно. Энэхүү гэрээ хоёр орны хооронд шууд нислэгийн эрх зүйн орчинг бүрдүүлж, агаарын тээврийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, аялал жуулчлал болон эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах зорилготой.
MIAT-ийн зорилго: АНУ руу шууд нислэг
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч MIAT компани ч АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэлээ хангаж байна. Тэд Улаанбаатар (UBN)–Сан Франциско (SFO) чиглэлийн урт зайн шууд нислэг эхлүүлэхээр зорьж буй бөгөөд энэхүү зорилгын хүрээнд хоёр Boeing 787-9 Dreamliner онгоцыг шинээр худалдан авсан.
Гэсэн ч энэхүү шууд нислэгийн хэрэгжилтэд шаардлагатай АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-аас олгодог 1-р ангиллын гэрчилгээ хараахан гараагүй байна. Энэхүү гэрчилгээ нь Монголын нисэхийн аюулгүй байдал, стандартын шаардлагыг хангасан эсэхийг үнэлдэг олон улсын шалгуур бөгөөд шууд нислэг үйлдэхийн өмнөх гол босго юм.
Түүнчлэн 2025 оны гуравдугаар сард Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ийн төлөөлөгчид Монголд ажиллан, агаарын тээврийн үйл ажиллагааны дүрэм, хүний нөөц, зохицуулалтын бүтэц зэргийг үнэлжээ. Урьдчилсан байдлаар Монголын иргэний нисэхийн тогтолцоо олон улсын стандартад дөхсөн ч...
  • Аюулгүй ажиллагааны түвшинг нэмэгдүүлэх,
  • Навигацийн үйлчилгээний чадавхыг сайжруулах,
  • Тоног төхөөрөмжийг шинэчлэх,
  • Бүсийн нислэгийн удирдлагын нөөц төв байгуулах зэрэг тодорхой сайжруулалтын шаардлагуудыг дурдсан байна.
United Airlines-ийн Монгол руу хийх шинэ нислэг нь зөвхөн хоёр орныг холбохоос гадна Монгол Улсыг дэлхийн аялал жуулчлалын тавцанд илүү тод харуулах шинэ гүүр болж байна. Энэ чиглэлийн нээлт нь аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ боломжуудыг нээж өгнө. Үүний зэрэгцээ MIAT-ийн шууд нислэгийн төлөвлөгөө биелэлээ олохын хэрээр Монгол Улс АНУ болон дэлхийн бусад бүс нутгуудтай агаарын тээврийн түвшинд илүү өргөн холбогдох ирээдүй улам бүр ойртсоор байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн