ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хоёр долоо хоногийн өмнө "Төгрөг нуурын орд" нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамааралтай талаар мэдээлсэн. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Төгрөг нуурын орд"-той холбоотой баримтуудаа АТГ-т хүргүүлжээ. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгтээс тодрууллаа.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт: ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Төгрөг нуурын орд"-той холбоотой гэмт хэргийн мэдээлэл өгсөн. Ингээд мэдээллийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс 2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр хүлээж авсан. Ийнхүү хянан үзээд 2025 оны дөрөвдүгээр сарын 17-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-ын нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, 18-ын зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мөнгө угаах гэмт хэргийн зүйл ангиар хэрэг бүртгэл нээсэн. Одоогийн байдлаар мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулагдаад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.