Одоогоос нэг жил гаруйны өмнө Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр газ тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч 7 хүн нас барж, 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 ААН байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон билээ. Уг хэрэгт "Дашваанжил" компанийн компанийн удирдлага Г, жолооч Р нарыг яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Ингэхдээ "Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон", "Хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан" хэрэгт яллагдагчаар татсан. Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2025.04.22/ боллоо.
Саяхан Дүнжингаравын ослын Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33-р зүйлийн 1.2, 1.3 дахь заалтыг үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт руу буцаахаар шийдвэрлэлээ. Ингэхдээ дараах нөхцөл байдлыг шалгах шаардлагатай гэж үзлээ.
Мөрдөн байцаагч шийдвэр гаргаж зарим иргэдийг иргэний хэргийн нэхэмжлэгчээр тогтоосон ч энэ шийдвэр нь хууль зүйн үндэслэл шаардлагад нийцсэн нотлох баримтыг бүрдүүлсэн эсэхийг бүхэлд нь хянаж үздэг. Зарим иргэнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн байна гэж үзэж байна. 207 байрны оршин суугчид буюу хохирогчдыг тогтоохдоо үл хөдлөх хөрөнгө эзэмшигч биш хүмүүсийг хохирогчоор тооцсоныг цэгцлэх, ийм асуудал автомашин дээр бас байгаа.
Зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа учир дахин шинжээч томилохоор шийдвэрлэлээ.
Гал түймрийн аюултай бодисыг тээвэрлэхдээ Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас дүгнэлт авах шаардлагатай байдаг. Энэ дүгнэлтийг авсан эсэх талаар тодруулах ёстой.
207 дугаар байрыг Улсын комисс хүлээж авсан материал дотор тус барилга Галын аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй байсан мэт ойлгомжгүй тусгасан байсныг тодруулах шаардлагатай хэмээлээ.
ХаринШүүх хурлын үеэр хавтаст хэрэгт цугласан шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтад тулгуурлан Патрол маркийн автомашины жолооч Э.Мөнхнаранг буруугүй гэж үзсэн нь учир дутагдалтай гэдгийг өмгөөлөгчид онцолсон юм.
Газ тээвэрлэж явсан Ч.Ренцэндоржийн өмгөөлөгч Х.Даваахүү “Хоёр жолооч шалгагдаж байгаад нөгөө нь яагаад байхгүй болов. Хоёул шалгагдах ёстой. Э.Мөнхнаран хаана байна вэ гэдгийг бүрэн гүйцэт тогтоож шалгах ёстой. Осол гарах үед Э.Мөнхнаран албаны машинаар ямар ажил хийж явсан нь тодорхойгүй. Албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглах бүрэн эрхтэй эсэх, Батлан хамгаалах яамны дотоод журмыг яагаад хавтаст хэрэгт авдаггүй юм. Түүнийг ослын үед ур чадвар дутсан гэж яриад байгаа ч уулзвараар баруун гар тийш эргэх үед замын хөдөлгөөний ямар, дүрэм зөрчсөн талаар ерөөсөө дурдаагүй. Шударга ёсны зарчмын хувьд ч тэр Э.Мөнхнаранг шалгах ёстой" гэсэн юм.
Н.Баатаржав: Хуулийн байгууллага энэхүү хэргийг зөвөөр шийднэ гэж найдаж байна
Энэ талаар “Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав “Дөрвөн асуудлыг тодруулна гээд хэрэг мөрдөн байцаалтад буцлаа. Манай машин зам тээврийн осолд орсон, ганцаараа биш. Буруу зөвийг цагдаа, хуулийн байгууллага олж тогтооно. Хуулийн байгууллага зөвөөр шийднэ гэж найдаж байна. Аваар осол, гал түймэрт өртсөн хүмүүст бид эмгэнээд, санаа зовж байгаа. Манай жолооч бол дүрэм зөрчөөгүй. Иймээс шүүгч зам тээврийн осол болсон уу гэдгийг тодруулахаар боллоо” гэв.