Open iToim app
Соёл, урлаг | 4 мин уншина

Циркчид: Улсын циркээ авч чаддаггүй юм бол ядаж бэлтгэл хангах байртай болгохыг хүслээ

Циркчид: Улсын циркээ авч чаддаггүй юм бол ядаж бэлтгэл хангах байртай болгохыг хүслээ
Нийтэлсэн 4 минутын өмнө
Монгол Улсын соёл, урлагийн нэгэн чухал төрөл болох циркийн урлаг нь 1960-1970-аад онд хөгжлийнхөө оргил үед хүрч, дэлхийн урлагийн тавцанд өөрийн байр суурийг эзэлж байв. Монголын циркийн барилга нь гадаад, дотоод орон зай, тоглолтын талбайн хэмжээ, диаметрийн хувьд олон улсын стандартад нийцсэн бөгөөд тоглолтын талбай нь хамгийн багадаа 13 метрийн диаметртэй, үзвэрийн танхимын өндөр нь 21 метр байхаар баригдаж байжээ. 
Харин 2008 онд "Улсын цирк"-ийг хувьчилж, Асашёорюү Д.Дагвадоржоор ахлуулсан баг менежментийн шинэчлэл хийх тендерт ялсан юм. Тухайн үед үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй гэсэн заалт бүхий гэрээ байгуулсан байдаг. Харин 16 жилийн дараа 2023 оны намар “Аса Арена” нэртэйгээр шинэчлэгдэн нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч Монголын циркчид уг байгууламжид тоглох эрхгүй байгаа нь харамсалтай. Сая долоо хоногийн турш циркчид Төв талбайд тоглолтоо хийж, уран бүтээлээ хүүхэд багачуудад хүргэлээ. Бүтэн долоо хоног цирк үзэх гэж багачуудын хөлд дарагдаж, зарим нь үзэж амжилгүй буулаа. Циркчид нь сар бүр тоглох боломжтой ч бэлтгэл хийх, цаашлаад тоглолтоо үзүүлэх байргүй болоод удаж байна. Сүхбаатарын талбайд байрлуулсан асарт 7 хоног тоглохдоо циркчид ядаж бэлтгэлээ хангах байртай болмоор байгаагаа учирлалаа.
undefined
Циркийн алиалагч Н.Баянбилэг: Циркийн урлагт 25 жилийн турш хүчин зүтгэж байна. Манай урлагт ус, агаар мэт хэрэгтэй зүйл бол бэлтгэлийн байр юм. Бид өнөөдөр маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Хамтлаг, продакшнууд, уран бүтээлчид нь сургууль, спортын залаар хэсэж, түрээсийн төлбөрөө хувьдаа гарган, богино хугацаанд бэлтгэлээ хийж байна. Дөрөвдүгээр дэлгүүрийн хажууд байрлах, бараг нурахад ойртсон хуучны циркийн нэрэмжит төв нь өнөөдөр уран бүтээлчдийн гал голомт болоод байна. Тэнд нөхцөл байдал үнэхээр хэцүү. Нурах дөхсөн, гэрэлтүүлэггүй, дулаалгагүй. Гэсэн ч хүйтэн нөхцөлд хүүхдүүд маань бэлтгэлээ хийдэг. Бидний сэтгэлд циркийн урлаг мөхөөгүй, мөхөх ч учиргүй.
Улаанбаатарт Циркийн өдрүүд амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд иргэдийн сэтгэгдэл өндөр байгаа. Монголчууд циркийн урлагаа их санасан нь мэдрэгдэж байна. Бидэнд зөвхөн зориулалтын бэлтгэлийн байр, сургуулийн орчин л хэрэгтэй байна. Энэ асуудалд төр, засаг анхаарч бодитой дэмжлэг үзүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
undefined
Монгол Улсын Консерваторын циркийн тэнхимийн багш Б.Батбаяр: Циркийн урлаг бол орон зайн урлаг юм. Тиймээс тусгай зориулалтын, стандарт хангасан байр, орчин зайлшгүй хэрэгтэй. Гэвч өнөөдөр Монголын циркийн сургууль, уран бүтээлчид зориулалтын байргүй, түрээсийн газруудад, биеийн тамирын залнуудад бэлтгэлээ хийж байгаа нь урлагийн хөгжилд саад болж байгаа юм. Циркийн сургалт, бэлтгэлүүд нь стандарт бус орчинд явагдаж байна. Энэ нь хүүхдүүдийн аюулгүй байдал, ур чадварын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа юм.
Гэхдээ сүүлийн үед эерэг мэдээ гарч эхэлсэн. Соёлын сайдын зүгээс циркийн зориулалтын барилгын газрыг шийдвэрлэх талаар яригдаж байгаа. Хэрвээ энэ асуудал шийдэгдэж, шинэ стандартын барилга баригдвал 85 жилийн түүхтэй Монголын циркийн сургуулийн хүүхдүүд мэргэжлийн түвшинд, аюулгүй орчинд бэлтгэгдэх нөхцөл бүрдэнэ. Үүнд бид итгэж байгаа.
undefined
Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийн багш О.Шинэцэцэг: Манай Монголын циркчид ур чадварын хувьд дэлхийд эхний тавд багтдаг. Олимп шиг маш том цар хүрээтэй олон улсын тэмцээнүүдэд оролцож, алтан болон хүрэл цомыг эх орондоо авчирч байсан бахархам түүхтэй. Гэвч одоо бидний бэлтгэл сургуулилт хийж буй орчин үнэхээр хүнд нөхцөлтэй байна.
Аса циркээс гарсны дараа Чингэлтэй дүүргийн 17-р хорооны 7 буудалд байрлах сургалтын заланд нүүж ирсэн. Бид хотын төвөөс нэлээд алслагдсан газарт хичээллэж байна. Энэ нь сурагч хүүхдүүдэд хүндрэлтэй бөгөөд өглөө 08:00 цагаас бэлтгэлдээ амжиж ирэхэд тун хэцүү байдаг. Тээврийн асуудал, замын түгжрэл, хол зай гээд олон бэрхшээл байна.
Чингэлтэй дүүргийн уг заал нь Монгол Улсад Аса циркээс гадна цорын ганц стандарт шаардлага хангасан байр боловч дулаан хангамж муу, хүйтэн, тухгүй орчинтой юм. Манай циркчид дэлхийн хэмжээнд гарах үзүүлбэрүүдийг өдөр бүр бэлтгэж байдаг. Гэтэл тэр хэмжээний ур чадварыг гаргах орчин нөхцөл маань ийм байгаад үнэхээр харамсаж байна.
Циркийн сургуулийн багш нарын хамгийн том хүсэл бол стандарт шаардлага хангасан, дулаан, орчин сайтай сургалтын байртай болох нь юм. Хүүхдүүдээ аюулгүй, тухтай орчинд сургаж, тэдний уран бүтээлч ур чадварыг улам бүр хөгжүүлэх нь бидний гол зорилго. Үнэхээр бэлтгэлийн орчин сайжирвал хүүхдүүдийн гаргах үр дүн, амжилт ч дагаад өсөх юм.
Манайх жил бүр нэг элсэлтэд 35-45 орчим хүүхэд авдаг. Одоогийн байдлаар 12-р ангийн 25 гаруй, 9-р ангийн 30 гаруй хүүхэд хамрагдсан. Мөн 2025 оны гуравдугаар сард циркийн сургуулийн 27 дахь удаагийн төгсөлт зохион байгуулагдаж, нэмэлт элсэлтээр 40 гаруй хүүхдийг шалгаруулж авсан юм. Энэ нь Монголын циркийн ирээдүй гэрэлтэй бөгөөд залуу үеийнхэндээ хариуцлагатайгаар урлагийн их өвийг өвлүүлэн үлдээж буй хэрэг.
undefined
Циркийн уран бүтээлч Т.Түмэнбаатар: Манай баг 2014 оноос хойш тасралтгүй уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд одоогийн бүрэлдэхүүн нь шинэ үеийн залуу уран бүтээлчдээс бүрдсэн. Харин өмнөх үеийн туршлагатай уран бүтээлчид нь 10 гаруй жилийн турш ажиллаад тэтгэвэртээ гарсан.
11 жилийн хугацаанд бид нэг Гран-При, нэг мөнгөн медаль, найман алтан медаль хүртсэн. Миний хувьд шидэх банзны төрлөөр дэлхийд хоёрхон хүн хийдэг агаарт зургаан эргэлт үзүүлбэрийг гүйцэтгэдэг. Мөн нүдээ боож тав эргэх үзүүлбэрийг үзүүлсэн дэлхий дээрх цорын ганц хүн юм. Энэхүү үзүүлбэрээр Гиннесийн номд албан ёсоор бичигдсэн.
Бид нар бэлтгэл хийх газар олохоор байр хайгаад л явдаг болсон. Манай шидэх банзны төрлийн үзүүлбэр гэхэд заавал өндөр орон зай шаарддаг. Доод тал нь 10 метрээс дээш өндөртэй, аюулгүй байдлын стандарт хангасан заал хэрэгтэй бөгөөд стандартны дагуух залны үнэ маш өндөр байдаг. Тиймээс бидэнд зориулалтын бэлтгэлийн байр хамгийн чухал юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн