Хуучин архивын зураг ашиглав.
Хүн ардын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалж, байгаль орчны тэнцвэрт байдлын төлөө хуулийн хүрээнд эрүүл саруул тэмцэл өрнүүлэх нь ичгэвэртэй явдал огт биш. Энэ бол хариуцлагатай иргэдийн нэр төрийн хэрэг болоод зогсохгүй хүн төрөлхтний түүхэнд алдар гавьяа болон мөнхөрдөг билээ. Харин нийтийн эрх ашиг, байгаль орчныг хамгаалах нэрийн дор бусдын эрх чөлөөнд халдах, утга учиргүй орилж чарлах, олон нийтийг худал мэдээллээр төөрөгдүүлж, турхирах нь тэнэглэл төдийгүй гэмт хэрэг гэдгийг ялгаж тунгаах цаг иржээ. Яг энэхүү нэг сэдвийн хоёр туйлт үр нөлөө /үр дагавар/-г тод томруун илэрхийлсэн хоёр үйл явдал өчигдөр /2025.04.21/ зэрэг боллоо.
Дэлхий даяар байгаль хамгаалах үйлсэд манлайлсан идэвхтнүүдийг шалгаруулдаг Голдманы шагналын эзэд тодорчээ. Тэд өнөөдөр /2025.04.22/ шагналаа албан ёсоор гардан авах юм. Тив тус бүрээс зөвхөн нэг улсын нэг хүнийг тодруулдаг энэ том шалгуурт Ази тивээс Монгол Улсын Дорноговь аймгийн Хөвсгөл сумын өндөр настан Лувсандашийн Батмөнх тэнцсэн байна. Насаараа уул уурхайн салбарт ажилласан Л.Батмөнх гуай өдгөө 80 настай ч төрж өссөн нутаг орныхоо онгон дагшин байгаль, уламжлалт мал аж ахуй, зэрлэг ан амьтан, түүхэн дурсгалт газруудыг хамгаалахын төлөө нутгийн иргэдтэйгээ идэвхтэй хамтран ажиллаж, шинжлэх ухааны үндэслэлтэй зөв арга барилаар хуулийн хүрээнд системтэй, уйгагүй зүтгэсний үр дүнд нийтдээ хагас сая га газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авахуулж чадсан байна. Тухайлбал, Хөвсгөл сумын нутаг дэвсгэрт 26 мянга га газрыг тусгай хамгаалалттай бүс болгож чадсанаар тухайн бүс нутгийн аргаль, хулан зэрэг нэн ховор зэрлэг амьтдын 75 хувийг аливаа эрсдэлгүй оршин тогтнох орон зайгаар хангаж чаджээ.
Байгаль орчны Нобель гэгддэг Голдманы шагналыг Монгол Улсаас хүртсэн гурав дахь хүн болж байгаа өвгөн тэмцэгч Л.Батмөнх хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний тэмцлийн утга учир уул уурхайг үзэн ядах бус хариуцлагажуулж, байгаль орчны өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг болгох” гэж товч тодорхой тайлбарласан байна. Уг шагналыг одоогоос 18 жилийн өмнө анх “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр хүртэж байлаа. Тэрээр гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох хуулийг батлуулснаар зөвхөн Онги төдийгүй монгол орны олон зуун гол, нуурыг ширгэж мөхөх аюулаас аварч чадсан гавьяатай.
Мөн 2019 онд Ирвэс хамгаалах сангийн захирал А.Баяржаргал Өмнөговь аймгийн нутаг дахь ирвэсийн гол нутаг Тост, Тосон бумбын нурууг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, зорилгодоо хүрсэн олон чухал төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн учраас дээрх шагналыг хүртэж байв.
Энэ бүхнээс харахад хүний эрх, амьтны эрх, байгаль орчны төлөөх тэмцэл гэдэг нь зөвхөн эсэргүүцлийн жагсаал цуглаанаар хязгаарлагдахгүй. Тодорхой үр дүн, зорилгод чиглэсэн үе шат, нарийн зохион байгуулалт, алсын хараатай урт удаан хугацааны ажил байдаг байх нь ээ. Ийм цар хүрээтэй ажлыг тухайн улсын иргэд нь төдийгүй дэлхийн тавцанд үнэлж урамшуулж, өргөж дэмжиж, алдаршуулдаг аж.
Харин үүний нөгөө талд юу болж байна вэ? Ураны төслийг эсэргүүцэгчид яг байгаль орчны төлөө тэмцэл өрнүүлж чадахгүй байна. Тэд ихэвчлэн улс төржсөн агуулга, үнэн бодитой эсэх нь батлагдаагүй зураг, дүрс бичлэг бүхий олон янзын мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлж, айдас хүйдэст автуулах чиглэлд л идэвхтэй ажиллацгаалаа. Зарим нь бүр зэрлэг амьтдын гэдсийг амьдаар хүү татаж ураны уурхайн кэмпийн үүдэнд хаяж буй бичлэг ч цацагдсан. Энэ мэт олон асуудлыг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн. Гэхдээ тодорхойгүй шалтгааны улмаас шалтгалтын хариуг олон нийтэд мэдээлээгүй байгаа учраас чухам юу болоод байгааг, хэн буруутайг одоогоор хэн ч бүрэн дүүрэн мэдэж чадаагүй байна.
Энэ мэт асуудлыг нэг талд нь гаргаж мухарлах ажил удааширч байгаагаас тэдний үг үйлдэл ч улам даамжирч, сүүлдээ тэмцэл эсэргүүцэл бус тэнэглэл солиорол болон хувирлаа. Ураны төслийг эсэргүүцэгчид Франц, Монгол хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу буюу хууль ёсоор үйл ажиллагаа явуулж буй “Бадрах Энержи” компанийн гадаад захирлын бие махбод, эрх чөлөөнд эрээ цээргүй халдсан явдал нь өнөө цагт яав ч байж болохгүй үзэгдэл. Эрх зүйт нийгэмд шууд гэмт хэрэгт тооцогдох үйлдэл. Энэ асуудал хуулийн хүрээнд шалгагдаад эхэлсэн учраас гэм буруутай этгээд зохих хариуцлага хүлээх нь ойлгомжтой. Ойлгомжтой гэдэг нь камерын дуранд олны нүдэн дээр шууд дамжуулалтаар өрнөсөн явдал учраас цагдаа “Францын хөрөнгө оруулалттай компани ураны төсөл хэрэгжүүлэх нь буруу” гэж шийдэхгүй нь мэдээж гэсэн үг. Уулзалт яриа хийе гэж орчхоод учир зүггүй дайрч давшилж, бусдын эрхэд халдсан нь л буруутна.
Харин уурхайн бүс нутагт үнэхээр хүн, мал, амьтан хордож, байгаа нь баттай юу, эсвэл хэн нэгэн /хүн, байгууллага/ зохион байгуулалттайгаар ийм болгож харагдуулаад байна уу... гэх мэт олон асуултад хариулт нэхэх, хариуг олох нь зөвхөн тэмцэгчдийн төдийгүй хүн бүрийн үүрэг. Үүнээс гадна Монгол Улс цаашид ураны төслийг үргэлжлүүлэх шаардлагатай юу, эсвэл зогсоох уу? Хэрэв энэ хоёр сонголтын аль нэгийг хийвэл ямар давуу тал хийгээд эрсдэлтэйг бүх нийтээр хэлэлцэх нь ажил хэрэгч шийдэл болно. Бусдаар “уран хортой, хоргүй” гэж өдөр шөнөгүй хэрэлдсээр суувал дэндүү харамсалтай, цаг үрсэн хэрэг. Түүнчлэн, тэмцэл эсэргүүцэл нэрээр тэнэг үйлдэл хийж эмх замбараагүй байдал үүсгэж, бусдын эрх чөлөөнд халдсаар байвал, ийм үзэгдлийг үл тоомсорлох юм бол хөрөнгө оруулагчдыг үргээх зэрэг юу ч биш. Монгол төрийн нэр хүнд шороотой хутгалдаж, олон түмний итгэл үнэмшил улам хэврэгшинэ шүү дээ.
Одоо ч тийм бат бөх байгаа юм алга. Асуудлыг эрүүл саруул ухаан, ажил хэрэгч яриа хэлэлцээгээр шийдье гэхээс илүү алъя хядъя, амбаардаж хөөе гэж дайрагчид өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Энэ бол тэмцлийн бус тэнэглэлийн хор нөлөө. Тиймээс Монголын төр стратегийн хөрөнгө оруулагчдад өөрсдийн ашиг сонирхлыг танилцуулж ойлгуулж, хамтын ажиллагаа эхлүүлж чадсан шигээ ард иргэддээ ч улсынхаа хүсэл зориг, хүрэх зорилгоо нэгбүрчлэн тайлбарлаж, нэгдмэл санаа нэгдсэн ойлголттой болцгоох нэн шаардлагатай байна.