Хуулиараа бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахин нэр дэвших эрхгүй. Өөрөө ч дэвшинэ гэж ам нээгээгүй. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарыг “Биеэ бэлд” гэсэн аман зааварчилгаа өгсөн гэх яриа бий. Гэхдээ Монголын хууль бол гууль. Хуулийг хууль санаачлаад өөрчилж болно. Ийм санаачилга явж байгаа нь ч нууц биш. АН-ын гишүүн О.Амгаланбаатараар туг тахиад эхний түншилтээ ч хийгээд амжсан. УИХ-ын гишүүд ямар хариу үйлдэл үзүүлэх нь үү, ард түмэн хэрхэн хүлээж авах нь уу ажиглаж байгаа хэрэг. УИХ-ын гишүүд сүйдтэй хариу үйлдэл үзүүлсэнгүй. Ойрмогхон Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарыг улираасан нь зүрхийг нь үхүүлсэн бололтой. Нөгөө талаас Ерөнхийлөгчтэй адил зургаан жилээр бүрэн эрх нь хэрэгждэг эрхмүүдийг улираасан нь “Ерөнхийлөгч ч бас улирч болно” гэдэг мессежийг өгч байгаа мэт. Ард түмэн өдөр өдрийн сенсаацидаа түүртээд энэ талаар бодох ч сөхөө алга. Энэ зуур Ерөнхийлөгч дахин сонгодох замынхаа даланг нямбай гэгч нь засаж харагдана.
Хуулиар У.Хүрэлсүх Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхээ авбал Женко Баттулга ч дэвших эрхтэй болно. Өнөөдрийг хүртэл түүнтэй өрсөлдөх бус болж өгвөл хоршиж, болохгүй бол мурьж зайлсхийсээр ирсэн өрсөлдөгчтэйгээ нүүр тулна гэдэг түүний хувьд сүйрэл. Тиймээс сурсан зангаараа өрсөлдөөнөөс гаргах хувилбар бодож олсон нь Төгрөг нуурын ордын хэрэг. Женког шонд өлгөж, шоронд хатаахдаа бус “Ялтай” гэдэг пайз зүүж, Ерөнхийлөгчийн өрсөлдөөнөөс хасах зорилготой зодоон ид үргэлжилж байна. Ерөнхийлөгч галын бэлтгэлээ дотооддоо базаахын зэрэгцээ гадаад харилцаан дээрээ ч зүгээр суугаагүй бололтой.
Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны хэлэлцээр гээчид нэгдэх амлалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд өгсөн хүн нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар гэх бор шувуу саарал ордоноор нисч явна. Энэ нь В.Путины дэмжлэгтэй хэмээн яригддаг Женко Баттулгын гадаад дэмжлэгийг тасдах зорилготой бололтой. Юмыг яаж мэдэхэв хойд хилээр дахиад хэн хаанаас илгээсэн нь мэдэгдэхгүй 20 сая доллар ороод ирэхээс сэргийлж байгаа ч юм билүү. Хариуд нь Женко Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар хойд хилээр зөвхөн доллар орж ирдэггүй “Укратнд байлдаж байгаад ирсэн жолооч ч орж ирж болно” гэх утга бүхий заналхийлэл дайсан байна лээ.
Эндээс Ерөнхийлөгч хуулийн аргаар, Женко хулгаруудын аргаар үзэлцэж байгаа нь харагдана. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч “Би дэвшинэ” гэж ам нээгээгүй ч гараа зангидсан байгаа нь тодорхой байна. Эр хүнийхээ хувьд зангидсан гараа буцаадаггүйг нь гишүүн асан Г.Баярсайхан хамгийн сайн мэднэ. Харин Ерөнхийлөгчийн хувиар хэрхэхийг харах л үлдлээ.