Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Ялалтын баярын парадад хэн, хэн оролцох вэ

Ялалтын баярын парадад хэн, хэн оролцох вэ
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 21
Жил бүрийн тавдугаар сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд сүр жавхлантайгаар зохион байгуулагддаг Ялалтын баярын парад нь Зөвлөлт холбоот улсын нацист Германыг ялсан түүхэн ялалтыг алдаршуулдаг билээ.
2025 онд энэхүү парад Ялалтын 80 жилийн ойн хүрээнд уламжлалт ёсоороо зохиогдох бөгөөд дэлхийн улс орнуудын удирдагчид урилгаар оролцож, энэхүү түүхэн өдөрт олон улсын хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар уг парадад оролцохоо батлаад буй төрийн тэргүүн нарыг танилцуулж байна.
Ши Жиньпин – БНХАУ-ын дарга
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Путины урилгыг хүлээн авч, парадад оролцохоо албан ёсоор мэдэгдсэн. Тэрээр ОХУ-ын Ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх баярт оролцохоос гадна тусгай айлчлал хийхээр төлөвлөж байгаа гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн. Энэхүү айлчлал нь Орос–Хятадын стратегийн харилцаа улам гүнзгийрч буйг илтгэж байна.
Ухнаагийн Хүрэлсүх - Монгол Улсын Ерөнхийлөгч
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилж, аугаа их Ялалтын баярт оролцох албан мэдээ бий. Тэрээр Ерөнхийлөгч болсноосоо хойш хоёр дахь удаагаа айлчилж байгаа тохиолдол юм. Тэрээр баярын парадад оролцохоос гадна Орос, Хятадын төрийн тэргүүн нартай ганцаарчилсан болон гурван талт уулзалт хийж магадгүй юм.
Александар Вучич – Сербийн Ерөнхийлөгч
Сербийн популист ерөнхийлөгч Александр Вучич ирэх сард Москва хотод болох Владимир Путины Ялалтын баярын парадад оролцох шийдвэрээ Европын Холбооны дарамт шахалтыг үл харгалзан өөрчлөөгүй гэж мэдэгдсэн байна.
ЕХ-ны төлөөлөгчид түүнийг Москва хотод болох Дэлхийн II дайны ялалтын баярт оролцох нь тус холбооны шинэ гишүүн болох шалгуурыг зөрчинө гэж анхааруулсан. Энэ нь Сербийн ЕХ-д элсэх албан ёсны зорилгод сөргөөр нөлөөлж болзошгүй аж.
Үүнээс гадна Сербийн цэргийн нэгтгэл парадад хамтран оролцож, анх удаа хамтран зохион байгуулагч орон болж байгаа юм.
undefined

Роберт Фицо – Словакийн Ерөнхий сайд
Фицо Путины урилгыг хүлээн авч парадад оролцохоо илэрхийлсэн. Тэрээр үүнийгээ “Улаан армийн Словакийг чөлөөлсөн гавьяаг хүндэтгэнэ” хэмээн мэдэгдэж, Словакийг чөлөөлөхөд Зөвлөлтийн Улаан армийн гүйцэтгэсэн үүргийг хүндэтгэх хувийн үүрэг гэж мэдэгдсэн. Түүнчлэн ЕХ-ны шүүмжлэлийг няцааж, энэ бол тусгаар улсын шийдвэр гаргах бүрэн эрхийн асуудал гэж онцолжээ.
Касым-Жомарт Токаев – Казахстаны Ерөнхийлөгч
Токаевын хувьд парадад оролцох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Казахстаны ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан үеийн түүхэн холбоо, хамтын дайны ялалтыг илэрхийлж байгаа юм.
Луис Инасио Лула да Силва – Бразилийн Ерөнхийлөгч
Бразилийн Ерөнхийлөгч мөн ирэхээ илэрхийлсэн.
Махмуд Аббас – Палестины Ерөнхийлөгч
Аббас Ялалтын баярын парадад оролцохоо баталсан.
Симона Халперин – Израилийн ОХУ дахь Элчин сайд
Элчин сайд Халперин парадад оролцохоо мэдэгдсэн бөгөөд үүнийгээ Израиль улс ЗХУ-ын нацист Германыг ялсан түүхэн гавьяаг хүндэтгэж байгааг харуулж буй үйлдэл гэжээ. Тэрбээр улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж байсан ч түүхэн баримтууд өөрчлөгдөх ёсгүй гэдгийг онцолсон байна.
Николас Мадуро – Венесуэлын Ерөнхийлөгч (Урилгатай)
Мадуро парадад оролцох урилга авсан бөгөөд түүний айлчлалын үеэр ОХУ-тай стратегийн түншлэл байгуулж болзошгүй талаар хэлэлцэж байна. Гэсэн ч одоогоор албан ёсоор оролцоно гэдгээ батлаагүй.
АНУ-аас оролцох магадлалтай “тусгай зочин”
Зарим эх сурвалжийн мэдээлснээр Дональд Трампын багтай холбоотой тусгай зочин парадад оролцож магадгүй гэсэн таамаг байна. Гэхдээ АНУ-ын талаас албан ёсны баталгаа одоогоор гараагүй байгаа юм.
Хойд Солонгосын цэргийн албан хаагчид
Түүхэнд анх удаа Хойд Солонгосын цэргийн албан хаагчид Москвагийн Улаан талбайн парадад жагсаж оролцоно. Ингэснээр ОХУ болон БНАСАУ-ын харилцаанд түүхэн ач холбогдолтой үйл явдал болж байна.
Эдгээр үйл явдлууд нь 2025 оны Ялалтын баярын парад зүгээр нэг түүхэн дурсгалт өдөр биш, мөн өнөөгийн дэлхийн геополитикийн өнгийг тусгаж буй олон улсын индэр болж ч магадгүй.
Зарим судлаач Ялалтын баярт оролцох зочдын жагсаалт нь ОХУ дэлхийн хэмжээнд ямар байр суурь эзэлдэг, баруунаас хараат байдлаас ангижирсан эсэх, дэлхийн өмнөд хэсэгт олон улсын альтернатив хамтын нийгэмлэг байгуулахад хэр хол явж байгааг харуулсан барометр байх болно гэжээ. Парадад оролцсон улс орнуудын удирдагчид  Путины дэглэмийг дэмжиж байгаа эсэх, хориг арга хэмжээ, барууны Оросын эсрэг үзэл бодлыг эсэргүүцэж, геополитикийн зүүн, барууны  аль талд байгаагаа зоригтойгоор илэрхийлж буй нэг хэлбэр юм. 
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн