Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Б.Жаргалсайхан: Худалдааны дайн удаан үргэлжилбэл дэлхийн ноолуурын үйлдвэрүүд манай улсыг зорино

Б.Жаргалсайхан: Худалдааны дайн удаан үргэлжилбэл дэлхийн ноолуурын үйлдвэрүүд манай улсыг зорино
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 21
Монгол Улсын Засгийн газар 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс зөвхөн 100 хувь самнасан ноолуурыг экспортод гаргах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрээс болж дотоодод ноолуурын үнэ уналаа гэж малчид нэлээд бухимдалтай байгаа. Гэвч салбарын яам болон зарим мэргэжлийнхэн "ноолуураа боловсруулж гаргах нь хэтдээ ноолуурыг үнэд хүргэх учраас эхний 1-2 жил ноолуурын үнэ 10-20 мянган төгрөгийн бууралттай байна, малчид үүнийг тэсээд гаргах ёстой" зэргээр байр сууриа илэрхийлсэн. Самнасан ноолууртай холбогдох цаг үеийн асуудлын талаар "Буян холдинг" компанийн захирал Б.Жаргалсайханаас тодрууллаа.
Тэрээр “Хэрэв Америк-Хятадын худалдааны дайн удаан үргэлжилж, тарифын хатуу бодлого хэвээр байвал Хятад улсад ноолууран цамц үйлдвэрлэх нь ашиггүй болно. Харин энэ нь Монгол Улсад ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ АНУ болон бусад улс орнуудад экспортлох шинэ боломжийг бий болгоно. Хэрвээ худалдааны нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол дэлхийн ноолуурын чиглэлийн олон үйлдвэр манай улсыг чиглэх юм.
Гэвч нэг асуудал байна. Энэ нь Монголын залуучуудын хүмүүжил, сахилга бат, хариуцлага болон хөдөлмөрийн соёл юм. Аж үйлдвэрийн хөгжилд энэ нь хамгийн том бэрхшээл болж байгаа юм. Өнөөгийн нийгэмд шаардлага тавихад түүнийг хүлээн авч, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй залуус ховордож байна.
Засгийн газар сүүлийн 34 жилийн турш үндэсний аж үйлдвэрийн аяныг хэрэгжүүлсний эцэст нэмүү өртөг шингэсэн, самнасан ноолуур экспортлох бодлогыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл үүнийг зарим хүн санаатайгаар буруугаар ойлгуулж, малчдыг хохироож байна гэх мэт ташаа мэдээлэл тарааж эхэллээ. Үүний цаана Хятадын хэдэн ченжүүд байгааг нуух хэрэггүй. Тэдний зорилго нь ард иргэдийн дунд үл ойлголцол үүсгэж, Засгийн газрыг бодлогоосоо ухрахад хүргэх зорилготой юм. Цээжээ дэлдсэн хэдэн хүн та нар малчдыг ядууруулж байна гэж ярьж байгаа ч үнэн хэрэгтээ жилээс жилд ноолуурын үнийг Хятадууд биш, дотоодын үйлдвэрүүд тогтоодог. 
Үйлдвэрүүд Дорнод, Сүхбаатар, Хэнтий зэрэг зүүн аймгуудын ноолуурыг худалдан аваад дууссан. Энэ үеэр Хятадын ченжүүд ноолуурын зах зээлд оролцоогүй юм. Зүүн аймгуудын ноолуур нарийн, урт ширхэгтэй байдаг учир гарц нь өндөр, дунджаар 60 хувьтай байдаг. Энэ нь тухайн бүс нутгийн дулаан уур амьсгалтай холбоотой. Учир нь дулаан цаг агаарын улмаас малчид ямаагаа эрт самнадаг юм. Харин баруун аймгуудын хувьд цаг агаар сэрүүн тул ямаагаа одоо л самнаж эхэлж байна. Энэ үед самнасан ноолуурын гарц багасаж, ширхэг нь бүдүүн болдог. Уг нь эрт самнаж, нэмнээ хийгээд өгөх боломжтой юм.
Баян-Өлгий, Ховд, Увс зэрэг баруун аймгуудад орос үүлдрийн Донын хар ямааг үржүүлж, нутгийн ямаатай эрлийзжүүлсэн байдаг. Энэ ямаа нь том биетэй бүдүүн ширхгийн ноолууртай. Ийм ноолуурыг олон улсын нэршлээр кашкор гэж нэрлэдэг. Харин монгол ямааны нарийн ширхэгтэй ноолуурыг кашмер гэдэг. Хар ямаанаас нэг килограмм ноолуур авах боломжтой бол монгол ямаанаас дунджаар 250 грамм л гардаг. Хар ямааны ноолуур буюу кашкор нь зах зээл дээр жил бүр 70-80 мянган төгрөгийн л ханштай байдаг. Ер нь ноолуурын үнэ ханш зах зээл дэх эрэлт хэрэгцээнээс шууд хамаардаг.
Ирж буй он жилүүд аж үйлдвэржилтийн он жил байх хэрэгтэй. Бүх улс төрийн хүчин болон бүх хөрөнгө мөнгө гээд бүхнийг дайчлах хэрэгтэй юм. Болж өгвөл экспортын үйлдвэрүүдийг сайн дэмжиж, хүнсний бүхий л бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болох тогтолцоог яаралтай хийх нь зүйтэй” гэлээ.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн