УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн бөгөөд хэрхэн шийдвэрлэснийг бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцууллаа.
Нэгд, Уул уурхайн биржийн тухай хуулийн төслийг хэлэлцээд, гишүүд олон талаас нь асуудлыг харж санал бодлоо илэрхийлсэн байна. Зохицуулалтын хувьд ялгаатай, шийдвэрлэх, тусгах олон асуудал байгаа учраас Уул уурхайн биржийн тухай хуулийн төслийг Засгийн газар татаж аваад, буцаан оруулж ирэх нь зүйтэй гэж шийджээ.
Хоёрт, Евразийн эдийн засгийн холбооны улс орнуудтай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн байна. Гишүүдэд ойлгомжгүй байгаа асуудлаар нэгдсэн мэдээлэл өгсөн бөгөөд үргэлжлүүлэн асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Энэ долоо хоногт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцсэний дараа УИХ-аар соёрхон батлах дэгтэй байгаа.
Гуравт, Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах асуудлыг хэлэлцлээ. Энэ асуудлаарх холбогдох байнгын хороодоор яригдсан асуудлууд, бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж, нэгдсэн байр сууриа нэгтгэсэн байна. Энэ асуудал дээр гишүүдийн ярьж байгаа, болгоомжилж байгаа асуудлыг сонсоод хэлэлцээрт туссан зарим анхаарал татаж байгаа заалт, нэр томьёог ойлгомжтой болгох, хоёрдмол утгагүй болгох, ОХУ-д харилцан саналаа тавьж, өөрсдийнхөө нөхцөлийг сайжруулах шаардлага байна гэж бүлгийн олонх гишүүн үзсэн. Иймээс уг асуудлаар Гадаад харилцааны яам, Эрдэс баялаг аж үйлдвэрийн яамд ОХУ болон холбогдох байгууллагуудтай өөрсдийнхөө шугамаар санал солилцох нь зүйтэй гэж үзлээ. Үүний дараа уг хэлэлцээрийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг шийдэх нь зүйтэй гэж тус тус шийдвэрлэлээ.
УИХ-ын гишүүн, ГХ-ны сайд Б.Батцэцэг: Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр хийх асуудлыг Эдийн засаг хөгжлийн яам хариуцан ажиллаж байгаа. Энэ яам байгуулагдсан цагаасаа хойш гурван жилийн хугацаад Евразийн эдийн засгийн холбоотой хамтарч ажиллаж байна. Бид 2016-2018 оны хооронд ЕАЭЗХ-той эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай хамтарсан судалгааг хийж байсан. Одоо ярьж байгаа нь чөлөөт худалдааны түр хэлэлцээр юм. Хэвлэлээр явж байгаа шиг ОХУ эвсэл ЕАЭЗХ-ноос энэ хэлэлцээрийг манайд шахаж, тулгаад байгаа юм байхгүй.
Манай улс олон жилийн хугацаанд худалдааны тэнцвэртэй байдлаа хадгалахыг хичээж байгаа. Бид урд хөрштэйгөө ганцхан худалдаа хийж байна. ОХУ-тай өмнөх цаг шинээ худалдаа хийхийг манай аж ахуйн нэгжүүд хүсэж байна. Ингэснээрээ манай үндэсний үйлдвэрлэл сэргэх, үйлдвэрлэл нэмэгдэх, гадагшаа гарах бараа бүтээгдэхүүн нэмэгдэнэ тооцож энэ хэлэлцээрийг байгуулах саналыг Монгол Улсын зүгээс ЕАЭЗХ-нд тавьж байсан. Тус холбооноос манайд Иран улстай хийж байсан эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг санал болгосон. Гурван жилийн хугацаатай энэ хэлэлцээрийг байгуулаад, ямар нэг үүрэг хүлээхгүй байх нөхцөлтэй. Түр хэлэлцээрт нэгдсэнээр дараа нь заавал чөлөөт худалдааны хэлэлцээр рүү орно, эсвэл Евразийн эдийн засгийн комисс гэдэг байгууллагын гишүүн, ажиглагч болно гэсэн үг биш. Тиймээс түр хэлэлцээрийг байгуулах саналыг тавьсан. Энэ дагуу Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр хэд хэдэн уулзалтыг хийж, сүүлд түр хэлэлцээр байгуулах тухай протоколд гарын үсэг зурсан. Гадаад харилцааны яамнаас хэлэлцээрийг цаашид сайжруулах боломжтой.
Хоёрт, Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Орос, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хувьд, Ц.Туваан сайд ОХУ-ын Эрчим хүчний сайдтай холбогдож, хоёр намын бүлэг дээр гишүүдийн тавьсан гол, гол асуудлыг засаж, сайжруулаад энэ хэлэлцээрийг байгуулах боломжтой гэж үзсэн. Жишээ нь, Монголын талаас "хэлэлцээрийн хүрээнд 20 жил түлш нийлүүлнэ", "онгоцны буудлын дэд бүтцийн цогцолборт хамтарсан компани байгуулна", "ОХУ-ын арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ" зэрэг 4 асуудал дээр өөрсдийн хувьд өөрчлөлт оруулах саналаа ОХУ-д тавьж байгаа. Гадаад харилцааны яамнаас албан ёсоор дэмжиж ажиллана.