Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Б.Найдалаа: "Номаранг"-ийн хэрэгт Женко групп холбоотой байж магадгүй

Б.Найдалаа: "Номаранг"-ийн хэрэгт  Женко групп холбоотой байж магадгүй
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 21
Иргэдээс ирсэн мэдээллээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга Төгрөг нуурыг зарсантай холбоотой ноцтой байж болзошгүй тул олон нийтэд болон зохих газарт нь хүргэхээр УИХ дахь ХҮН намын төлөөллөөс мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа: “Женко” группээс 2006 оны гуравдугаар сарын 23-нд  Х.Баттулга гэж хүн гарын үсэг зураад Daewoo интернейшнл гэдэг компаниар явуулсан албан бичиг байгаа юм. Албан бичиг бол яах вэ компаниудын хооронд явдаг зүйл. Ноцтой хэдэн зүйл байна. Товчхон дурдвал:
Нэгд, Монголын банк санхүү, бизнесийн салбарт 20 гаруй жилийн өмнө Номарангийн хэрэг гэж гарч байсан. Олон хүн хэдэн арван сая доллароор хохирсон залилангийн маягтай хэрэг гарч байсан. Женко группээс явсан албан бичигт Номарангтай холбоотой хариуцлагыг Монгол шуудан болон Голомт банк аккредиттэй холбоотой хохирлыг миний бие хүлээнэ гээд хүлээн зөвшөөрсөн. Энэ бол тухайн хэргийг тодруулах, нарийвчлан шалгах, гэм буруутайг нь тогтоох, эргэн сэргээхэд ноцтой баримт учраас дурдаж байна.
Хоёрт, Монголын байгалийн баялаг, нөөц нь тогтоогдсон ордуудыг заръя, зарж байна, Хятад талын худалдан авагч олж өгөөч гэсэн маягтай шууд бичсэн санал хүсэлт байгаа юм. Энэ нь Төгрөг нуурыг зарсантай холбоотой байж болзошгүй учраас ноцтой гэж үзэж байна.
Бид байгалийн баялгийг онцгой гэж боддог. Одоо ч гэсэн зарим улстөрч орон нутаг, дүүргээр яваад байгалийн баялгийг иргэддээ тараая гэж мессеж өгөөд яваад байгаа. Гэхдээ тараая гээд байгаа зүйлээ зараад дууссан, зарагдсан юм биш үү.
Гуравдугаарт, 2006 онд энэ бичгийг үйлдэж байхдаа Х.Баттулга УИХ-ын гишүүн байсан. УИХ-ын гишүүн бол Монгол Улсын Үндсэн хуулиар өөр ажил эрхэлж болдоггүй. Бизнес хийж газар, орд зарах тухай хүсэлт явуулах байтугай ямар ч ажил хийх боломжгүй байдаг. Энэ бол Үндсэн хуулиараа хаалттай зүйл. Эдгээр баримтыг Авлигатай тэмцэх газар хүргэнэ” гэлээ.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн