УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2025.04.21/ ээлжит хуралдаанаараа Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцээд дэмжсэнгүй.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн байсан энэхүү хэлэлцээрийг нухацтай хэлэлцэх ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзээд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос завсарлага авсан байсан юм. Тус хэлэлцээрт тусгаснаар Монгол, Оросын хамтарсан компани байгуулж, 20 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлш нийлүүлэх бөгөөд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглах үйл ажиллагаа явуулах тухай заажээ. Энэ ажлыг Монголын талаас “Эрчис Ойл” ХХК ба түүний хамаарал бүхий байгууллагууд, Оросын талаас НК Роснефть НХН ба түүний хамаарал бүхий байгууллага хариуцахаар заагаад байгаа юм.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Зарим нь орчуулгын алдаа гэж тайлбарлаж буй. Чингис хаан Олон улсын нисэх буудлыг бүхэлд нь ашиглах гэж байгаа ийм агуулга харагдаж байгаа. Тодруулбал, нефть нийлүүлэх байгууллага нь нисэх буудлыг бүхэлд нь ашиглах гэж буй том агуулга харагдаж байна.
Хэрвээ энэ агуулгыг буруу, зөрүү ойлгогдсон гэдэг асуудал үүсвэл ОХУ-ын арбитрын шүүхээр шийдвэрлэнэ. Ийм асуудлыг Олон улсын хэлэлцээрийн түвшинд байхад нь УИХ-аар шийдвэрлэн, цааш нь явуулж болохгүй байх. Засварлах ёстой, буцаах ёстой гэсэн байр сууриуд байгаа. Нээлттэй эдийн засагтай Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа бодсон ч нефть хангамжийнхаа системийг олон эх үүсвэртэй болгох нь бидний зорилго. Бидэнд зөв бодлоготой байвал ойрын хугацаанд гурван эх үүсвэртэй болох боломж байна. Тодруулбал, ОХУ, БНХАУ, дотоодын үйлдвэрээс авах гарцуудыг бид нээх ёстой. Гэтэл Үндсэн хуулиар гарцаа хаагаад 20 жилд нэг л сонголттой байна гэдэг яах аргагүй бидний үндэсний аюулгүй байдлын бодлого биш. БНХАУ-аас одоо ОХУ-аас авч байгаагаас илүү чанартай онгоцны түлш авах боломж байгааг бид ашиглахгүй, тэнд шилжүүлэн ашиглах байгууламж барихгүй байна. Мөн нарийн царигаар нефтийн бүтээгдэхүүнээ авдаг болбол зөвхөн онгоц гэлтгүй нефтийн түлшний асуудлыг шийдэх боломжтой байгаа юм. Гэвч бид хэдхэн жилийн өмнө гэрээ хэлэлцээрээр хаасан гэх мэт төрийн алдаатай бодлоготой холбоотой олон зүйл байна.
Монгол Улсын эрх ашгийг уландаа гишгэсэн агаарын түлш нийлүүлэхтэй холбоотой гэрээг ОХУ-ын хууль тогтоомжоор шийдэх мэтийн зүйл заалтуудыг оруулж ирж тулгаж байгаа нь байж боломжгүй асуудал
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Энэ хэлэлцээр дотор үл ойлгогдох ямар ч утгаараа Монгол Улсад ашиггүй зүйл, заалтууд орж ирсэн. Монгол Улсын эрх ашгийг хамгаалахын тулд Эдийн засгийн болон Аюулгүй байдлын байнгын хороод орж ирэхээр эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлэх шаардлагатай байгаа юм. УИХ-ын гишүүн бол Монгол Улсын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл энэ мэт Монгол Улсын эрх ашгийг уландаа гишгэсэн агаарын түлш нийлүүлэхтэй холбоотой гэрээг ОХУ-ын хууль тогтоомжоор шийдэх мэтийн зүйл заалтуудыг оруулж ирж тулгаж байгаа нь байж боломжгүй асуудал. Энэ асуудлыг яриад эхлэхээр зарим УИХ-ын гишүүн “Бид ОХУ-тай мөнхийн хөрш. Энэ асуудалд эсрэг байр суурьтай харагдаж болохгүй. Цаашлаад ОХУ нь Монгол Улсын сонгуульд хүртэл нөлөөлдөг учраас манай АН-ын гишүүд яривал эрсдэлтэй, байж боломгүй зүйл” гэж хэлж байгаа. Гэтэл 35 жилийн өмнө 1990 онд АН-ын залуус, холбоод ЗХУ-аас тусгаар, хараат бус, бие даасан, эрх чөлөөт Монгол Улс байхын тулд тэмцэж ирсэн. Тийм учраас АН энэ байр суурин дээр ч гэсэн байх ёстой. Монгол Улсын төлөө үеийн үед шийдвэр гаргаж байсан хүмүүсийг бид Хятад, эрлийзээр нь дуудаад хувь хүн рүү дайрч, улс төрөөс шахан гаргаж явдаг байсан. Шууд нэр заагаад хэлбэл Х.Баттулга гэдэг хүн яагаад бүлэг ОХУ-тай хийх хэлэлцээрүүд дээр байр сууриа хэлэхгүй байгаа вэ.