Open iToim app
Ярилцлага | 11 мин уншина

Г.Тод: Худалдааны дайн эхэлж байгаа энэ үед Монгол Улс хөршүүдтэйгээ чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь зөв

Г.Тод: Худалдааны дайн эхэлж байгаа энэ үед Монгол Улс хөршүүдтэйгээ чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь зөв
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Америк, Хятадын худалдааны дайны нөхцөл байдал дэлхий дахинд болон Монгол Улсад хэрхэн нөлөөлөх талаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын харилцааны тэнхимийн багш Г.Тодтой ярилцлаа.
-АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсад ногдуулсан тарифаа дөрөв дэх удаагаа өсгөж, 145 хувьд хүргэлээ. Бүс нутгуудад энэ шийдвэр хэрхэн нөлөөлж байна вэ?
-Худалдааны дайныг өнөөдөр дэгдэж байгаа асуудал гэж ойлгож болохгүй. АНУ-ын Хятадтай харилцах харилцааг өмнөх үеийн туршлагуудаас харвал их адармаатай байсан. Ер нь АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч болоод Дональд Трамп 2017 онд тангаргаа өргөж гарч ирэхдээ Хятадын эсрэг худалдааны дайныг эхлүүлсэн. Трампыг засаг аваад буусны дараа Жой Байден Америкийн ерөнхийлөгч болоод нэгд, эдийн засгийн чадамжаа сайжруулъя. Хоёрт, ковидыг даван туулъя, гуравт, Хятадын эдийн засгийн өсөлтийг сулруулахын тулд хагас дамжуулах чипийн үйлдвэрийг боох бодлого баримталж эхэлсэн. Ингэхийн тулд CHEAP4 эвслийг байгуулсан. Энэ эвсэл нь олон улсын харилцааны түүхэнд технологийн салбарт хамтарч ажиллаж байгаа нь шинэлэг байж чадсан. АНУ-ын олон судалгааны хүрээлэнгийн гаргасан судалгаануудаас харвал АНУ хэд хэдэн сэдвийн хүрээнд Хятадтай худалдаа хийх хүсэлтэй байгаа нь ил болж эхэлж байна. Тухайлбал:
 Нэгд, Тайванийн асуудалд тохиролцоонд хүрье гэж хүсэж байна.
Хоёрт, Хятадад фентанилийн үйлдвэрлэлийг хязгаарлаач гэсэн шийдлийг Трамп тавих сонирхолтой байгаа юм шиг байна.
Гуравдт, Тик, Ток платформыг АНУ-д ашигтай байхаар Хятадтай тохиролцохоор үзэж байгаа.
Цаашлаад Дональд Трамп Хятадаас АНУ-ын аж үйлдвэр, технологийн дэд бүтцээ нүүлгэе. Стратегийн өрсөлдөгч гэж харж байгаа Хятад улсад Америкийн нэг ч үйлдвэрийг үлдээлгүйгээр Хятадаас эдийн засгийн хамааралгүй болох бодлогыг баримталж байгаа юм байна. Түүнчлэн, дотоодын аж үйлдвэрлэлийн процесст импортын хамаарлаас бүрэн ангижруулъя. Яагаад гэвэл АНУ-д ганцхан Хятад улсаас биш олон орноос их хэмжээний импорт татдаг. Ингэснээр АНУ импортоос бүрэн хамааралтай аж үйлдвэржилтэй болсон байна. Тиймээс Трамп энэ хүрээнд импортыг бууруулах бодлоготой байна. Мөн импортын бүтээгдэхүүн АНУ-д их хэмжээгээр шахагдаж орж ирж байгаа нь дотоодын аж үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байгаа тул хумих зорилгоор их хэмжээний тарифыг ярьж эхэлж байна. Энэ нь дэлхийн эдийн засагт хүндээр тусаж байна. АНУ импортын автомашин, лаазалсан хүнс, ундаа, нарны зай хураагуур, бусад металл агуулсан өргөн хүрээний бараануудад бүгдэд нь өндөр татвар тавьсан. Харин хариуд нь худалдааны түншүүд нь АНУ-д  тариф ногдуулсан. Олон улсын эдийн засгийн судалгааны хүрээлэнгүүд, олон эрдэмтний бүтээлээс дүгнээд үзвэл Трампын тариф аж үйлдвэрлэлийн салбарыг бүхэлд нь савлуулаад эхэллээ. Тодруулбал, импортын тариф тавьж, нөгөө талаас нь харилцан тариф тавих үзэгдэл үргэлжлээд явбал алсдаа тарифын шаталсан мөчлөг үүсээд эхэлнэ. Шаталсан мөчлөг гэдэг гадаадаас буюу тавьж байгаа аль нэг улсад ирсэн тариф нь дотоодын үйлдвэрлэгчид хүнд байдал үүсгэнэ. Ингээд дотоодын үйлдвэрлэгчид нь өөрсдийн орны Засгийн газраас яаралтай хариу арга хэмжээ авахыг шаардана. Үүний хариуд сөргүүлэн тариф тавиад эхэлдэг учраас энэ нь  дуусахгүй гинжин хэлхээг үүсгээд эхэлж байна гэсэн үг. Хэрвээ энэ байдал  үргэлжилсээр байвал дэлхийн улс орнуудад маш хэцүү байдлыг үүсгэнэ.
-100 хувиас дээш татвар гэж бид огт сонсож байгаагүй. Энэ татварын үр нөлөө манай урд хөршид хэрхэн тусах вэ?
-Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа ганцаараа биш холбоотнуудыгаа татаж оруулж худалдааны дайныг даамжруулж байна. Ялангуяа Япон, Солонгос, Европын Холбоо, Энэтхэг зэрэг оронтой хамтарч Хятадын эсрэг тарифын асуудлыг хөндсөн. Хятадын экспорт 2025 оны хоёрдугаар сард 210 тэрбум ам.доллар, импорт нь 183 тэрбум ам.доллар гээд нийт 131.7 тэрбум ам.долларын ашигтай эдийн засгийн өсөлттэй байсан. Хятад улс экспортоороо дэлхийд нэгт орж байсан. Трамп өмнөх бүрэн эрхийн хугацаанд Хятад улсад 25 хувийн тариф тавихад Хятадаас дэлхийн томоохон компаниуд үйлдвэрүүдээ нүүлгэсэн. Түүнчлэн, Хятадын эдийн засгийн хамааралтай улс орнуудын эдийн засаг уналтад орсон. Тэгвэл дөрөвдүгээр сарын 2-нд БНХАУ-д тавьсан тарифын хэмжээ 145 хувьд хүрсэн. Трамп хоёрдугаар сард 10 хувиар тариф тавьж, гуравдугаар сард тарифын хэмжээгээ нэмэгдүүлсэн нь Хятадын экспортод их нөлөө үзүүлээгүй. Харин дөрөвдүгээр сард энэ байдлыг үгүй хийх зорилгоор экспортын хэмжээг огцом нэмэгдүүлж эхэлж байна. Энэ дөрөвдүгээр сард тариф нэмэгдэнэ гэдгийг сонсоод гуравдугаар сард Хятадын боомтууд бараагаар дүүрсэн. Энэ бол гаалийн тарифыг нэмэгдүүлэхээс өмнө бараагаа нөөцөлж эхэлсэн гэсэн үг. Цаашлаад Хятадын худалдааны бүх түншид АНУ 10 хувийн суурь тариф тавьсан. Үүнд, манай Монгол Улс бас орсон. Мөн Хятадад эд анги нийлүүлдэг импортын гол түнш орнуудад 90 хүртэл хувийн тарифыг оногдуулж эхэлж байгаа. Хятад улсад энэ сараас АНУ-ын импортын бараагаар үйлдвэрлэл эрхэлдэг зарим компани хаалгаа бариад эхэлсэн. Хэрвээ энэ тарифын асуудал удаан үргэлжилбэл Хятадад ажилгүйдэл үүсэж эхлэх болов уу гэсэн таамаглал байна. Одоогийн байдлаар Хятадын эрх баригчид импортын барааны хамаарлыг арилгах ёстой юм байна гэдэг дээр санал нэгтэй болсон. Хэрэв ингэж чадвал зөвхөн АНУ гэж үзэлгүйгээр бусад улс орнуудаас импортын урсгалыг бүхэлд нь зогсоож эхэлнэ. Хятад улс анхдагчаас эцсийн бүтээгдэхүүн хүртэлх дотоодын бүх үйлдвэрлэлээ 100 хувь гаргах ёстой. Ингэж чадвал бид гаалийн тариф нэмээд эдийн засгаа буцаагаад сэргээж болох юм байна гэсэн бодлогыг бариад эхэлж байна. Хятадын Засгийн газраас бизнес эрхлэгч болон ард түмэндээ хандаж “Томоохон алхам хийнэ” гэж амласан. Гэхдээ Хятадын үндэсний статистикийн товчооны мэдээлснээр  Хятадын эдийн засгийн өсөлтийг 5,4 хувиар өслөө гэж мэдэгдсэн нь энэ гаалийн тариф үнэхээр нөлөөлж чадаж байна уу гэдэг асуудал. Хоёрдугаарт, Хятадын тоног төхөөрөмжийн салбарын ашиг өнгөрсөн онтой харьцуулбал 9,1 хувиар нэмэгдсэн гэдэг нь эерэг үзүүлэлт. Мөн Хятадын дэд бүтцийн хөрөнгө оруулалт 5,8 хувиар нэмэгдсэн. Харин үл хөдлөх хөрөнгө нь бол 9,9 хувиар уначихлаа. Эдгээр баримтуудаас харахад, Хятад улсад яах аргагүй эдийн засгийн хүндрэл үүсэх юм байна гэдгийг бол дээр, дооргүй бүгд хүлээн зөвшөөрсөн. Мөн зарим шинжээч “Хятадын ард түмэн энэ эдийн засгийн хүндрэлийг даван туулж чадна. Яагаад гэвэл Хятадын ард түмний арвич, хямгач зантай холбоотой. Хятадын ард түмэн өөрөөсөө мөнгө гаргах их дургүй. Тэгэхээр энэ  аж ахуйч байдал нь эдийн засгийн хямралыг даван туулахад эергээр нөлөөлж чадах юм байна” гэдэг сонирхолтой дүгнэлтийг гаргаад буй.
-Эргээд Хятад Улс ч мөн Трампын татварын эсрэг эцсээ хүртэл тэмцэхээ мэдэгдэж 125 хувийн татвартай болсон. Ингэснээр АНУ-д ямар нөлөөтэй вэ?
-АНУ-аас маш их хэмжээний бараа бүтээгдэхүүн нэн ялангуяа шар буурцаг, МАА-н гаралтай бараа бүтээгдэхүүн, эд ангиудыг Хятад улс руу экспортолдог. АНУ-ын хамгийн том худалдааны түнш нь Хятад улс. Иймд Хятад улс өндөр тариф тавих нь АНУ-ын дотоод зах зээл эргээд хүнд байдалд орно гэсэн үг. Учир нь өмнөх үеийн түүхийг харахад МАА-н гаралтай бүтээгдэхүүн, автомашины тоног төхөөрөмжийн салбарын бүтээгдэхүүнүүд Хятад улс руу экспортолдог байсан нь тухайн салбар хөгжихөд том нөлөөлөл үзүүлсэн. Мөн Хятад улсад хямд ажиллах хүч байдаг байсан учраас тэнд үйлдвэрүүдийг их барьдаг байсан. Хятад улс буцаагаад тариф тавих нь АНУ-ын бараа бүтээгдэхүүний урсгалыг ахиад сулруулна гэсэн үг. Энэ тохиолдолд зах зээлд цоорол үүснэ. Үүнийг АНУ-ын Засгийн газраас мөнгө оруулах замаар тухайн салбарыг дэмждэг байсан. Гэхдээ өмнөх худалдааны дайн 1.0-ийн хүрээнд АНУ маш их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн боловч  нөлөө үзүүлж чадаагүй. Тэгэхээр энэ удаа өндөр тариф тавиад бараа бүтээгдэхүүн оруулж чадахгүй бол ахиад эдийн засгийн цоорол үүснэ. Ахиад хөрөнгө оруулаад ч нөлөө үзүүлэхгүй. Тэгэхээр  Хятад улсын зүгээс их хэмжээний тариф тавьж байгаа нь АНУ-ын экспортолдог тухайн салбар хөгжихгүй. Ирээдүйд бол энэ салбарууд нь бол ингээд зогсох болов уу гэсэн хандлага гарч ирж байна гэсэн үг.
-Хоёр том гүрний хооронд үүсээд буй худалдааны дайн олон улсын харилцааны нөхцөл байдалд ямар өөрчлөлт оруулах бол?
-Хоёр их гүрний худалдааны дайны нөлөө олон улсын харилцааны нөхцөл байдлыг бүхэлд нь өөрчилж байна. Энэ нь бидний сүүлийн бараг 40, 50 жилийн олон улсын харилцааны түүхэнд гараагүй үйл явдлуудыг гаргаж эхэлж байгаа юм. Дэлхийн эдийн засгийн тогтолцоо бүхэлдээ олон талт хамтын ажиллагаанд тулгуурласан, даян дэлхийн даяаршлын хүчин дээр нөлөөлж явдаг байсан. Гэвч энэ худалдааны дайнаас болж дэлхийн улс орнууд, нэн ялангуяа чийрэг эдийн засагтай бусад улс орнуудад бол бусадтайгаа хамтын ажиллая биш өөрийнхөө үндэсний эдийн засаг, аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил дэвшлийг бие даан хариуцъя гэдэг зарчим руу аяндаа орж эхэлж байна гэсэн үг. Иймд дэлхийн улс орнууд өөрийн эдийн засгийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавина. Үндсэрхэг үзэл дээрээ тулгуурласан эдийн засгийн бодлого руу аяндаа шилжиж эхлэх болов уу. Тэгэхээр уламжлалт ёсоор худалдааны аливаа маргааныг шийдвэрлэдэг байсан Дэлхийн худалдааны байгууллага хүчин мөхөстөж байна. Трампын сургамж дээр тулгуурлаад харвал үндэсний эрх ашиг, дэлхийн бодлого гэдэг хоёр зүйлийг ухаалгаар зохион байгуулж, тэнцвэржүүлэх нь асар чухал юм байна гэдгийг ойлгож эхэлж байна. Худалдааны урсгал аяндаа тасалдана, үйлдвэрлэлийн зардал өснө. Бизнес, Засгийн газар, олон улсын байгууллага шинэ бодит байдалтайгаа дасан зохицох шаардлага аяндаа үүснэ. Хүн төрөлхтөн худалдааны дайн 1.0, Ковидын үеийн эдийн засгийн давлагаануудыг ямар нэгэн байдлаар даван туулж дасан зохицож ирсэн. Өнөөдөр бид энэ тарифын асуудал худалдааны дайн 2.0 гэдэг зүйлд бас дасан зохицох шаардлагатай боллоо. 
quote photo
Хятадын дотоод түүхий эдийн эргэлт багасах нь манай нүүрсийг худалдан авахгүй байх хандлага руу аяндаа орно. Тэгэхээр бид үнэнтэй нүүр тулна гэдэгтээ бэлтгэлтэй байх шаардлага гарч ирж байгаа. 
-Тэгвэл манайд энэ нөхцөл байдал шууд болон дам байдлаар хэрхэн нөлөөлөх вэ?
-Манай улсын эдийн засгийн нийт экспортын 90 гаруй хувь, импортын 40 гаруй хувийг Хятад улс дангаараа эзэлж байсан. Үүнээс улбаалаад манай улсын эдийн засгийн байдал АНУ, Хятадын худалдааны дайны байдлаас шууд хамаарна. Тухайлбал, Хятадын дотоод түүхий эдийн эргэлт багасах нь манай нүүрсийг худалдан авахгүй байх хандлага руу аяндаа орно. Засгийн газраас 2025 оны улсын төсвийг батлахдаа Монгол улсын нүүрсний экспорт нэмэгдэнэ, тонн нүүрсийг 250 ам.доллар хүрэх юм байна аа гэдэг маш өөдрөг төсөөллөөр эдийн засгийн өсөлтийг тооцоолж байсан. Гэвч  эдийн засгийн өсөлт энэ жил дунджаар 4,9 хувь хүрч улсын хэмжээнд инфляц 9,1 хувь хүрсэн нь гадаад валютыг татан төвлөрүүлэхэд үнэхээр хэцүү байдалд үүсгэж байна гэсэн үг. Тэгэхээр бид үнэнтэй нүүр тулахдаа бэлтгэлтэй байх шаардлага гарч ирж байгаа. 
-Бид юунд анхаарах вэ?
-Монгол Улс олон жилийн турш түүхий эд дээр тулгуурласан эдийн засгийн бодлоготой байсаар ирсэн. Хэрвээ манай улс оновчтой бодлого баримталж чадвал нэг талаараа дэлхийн томоохон түүхий эдийн тоглогч болох боломжтой. Учир нь манай улсын хувьд түүхий эдийн нөөц маш ихтэй.  Тиймээс манай улсын хувьд экспортын түүхий эдийн нэр төрлийг нэмэгдүүлэх нь хамгийн оновчтой шийдэл. Гэхдээ үүнд манай улсын газар нутаг дэндүү том учир тээвэрлэлтийн зардал, далайд гарцгүй байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлөөд өндөр өртөгтэй байна. Иймд нэгдүгээрт, бид дотоодын аж үйлдвэржилтийг хөгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, манай улсын газар нутгаар далайн худалдаа байхгүйгээс хойш нарийн болон өргөн царигийн хос төмөр замтай байх ёстой юм байна. Мөн хөрш орнуудтайгаа түр хугацааны чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж гуравдагч орнуудтай харилцах эдийн засгийн бодлогоо тууштай баримталж чадвал алсдаа эдийн засгийн хамаарлаас аяндаа ангижрах байх. Гэхдээ энэ бол мэдээж маш хэцүү. 
-Хоёр хөршөөрөө дамжуулаад түр хэлэлцээрт хамрагдвал Монгол Улсад хэрэгтэй гэлээ. Одоо Евразийн эдийн засгийн холбооны худалдааны түр хэлэлцээрт нэгдэх эсэх талаар хэлэлцэж байгаа. Энэхүү асуудалд та судлаачийн хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Зөв бодлого гэж харж байгаа. Яагаад гэвэл Евразийн эдийн засгийн холбооноос бусад улс орнуудтай худалдаа хийхдээ маш өндөр тарифаар худалдаа хийдэг. Бараг 50 хувь хүрэх байх.  Манай улс бензин, шатахууны импорт ОХУ-аас өндөр хамааралтай. Бид ОХУ-аас импортолж байгаа гэж ярьж байгаа ч гэсэн нөгөө талаараа Евро Азийн эдийн засгийн холбооноос худалдаж авч байгаа. Хэрвээ бид Евразийн эдийн засгийн холбоотой түр чөлөөт худалдааны хэлэлцээр хийж чадвал тухайн орнуудтай  бага тарифаар худалдаа хийх боломж бүрдэнэ гэсэн үг. Тэгэхээр түр чөлөөт худалдааны хэлэлцээр нь нефтийн үнийг тогтворжуулах оновчтой бодлого гэж харж байгаа юм. Энэхүү хэлэлцээрт нэгдэхдээ бараа бүтээгдэхүүний нэр төрөл дээр тарифыг харилцан тохиролцож болно. Манай улс эдийн засгаа солонгоруулъя, экспортын орлогоо нэмэгдүүлье, олон улстай худалдааны түнш болъё гэдэг хүсэл эрмэлзэлтэй байгаа боловч хоёрхон хөршийн зовлонтой. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр  нэг улсаас экспортын хамаарлаа 30 хувиас илүү гаргаж болохгүй гээд заасан байдаг. Гэтэл аргагүйн эрхэнд БНХАУ руу л хандсаар байгаад экспортын 90 хүртэл хувь хамааралтай болсон. Тийм учраас худалдааны балансыг барихын тулд нөгөө өндөр тариф тавьдаг Орос улстай тарифын түншлэлийг харилцан бууруулж чадвал тухайн улсаар дамжуулж гурав дахь зах зээл рүү гарах боломжууд үүснэ. 
-Трамп АНУ-ын өндөр тарифын нөлөөнд өртсөн орнуудад 90 хоногийн завсарлага өгөхөөр болсноо зарласан. Энэ хугацаанд юу өөрчлөгдөх бол гэж олон улс судлаачийн хувьд та харж байгаа вэ?
-Судлаачийн байр сууринаас АНУ дэлхийн улс орнуудад өгч байгаа 90 хоног нь анхааруулга гэж харж байна. Тодруулбал, 90 хоногийн хугацаа өгч байгаа нь надтай хамтарч Хятадын эсрэг худалдаа хийнэ шүү гэсэн далдуураа мессеж өгөөд байх шиг. Харин Ши Жиньпин өөрөө ирж буулт хийгээч гэж илэрхийлж буй.
-Дэлхийн худалдааны байгууллагын тооцооллоор хоёр гүрний харилцаа муудсаар байвал дэлхийн худалдааны хэмжээ 80 хувиар буурч, 466 тэрбум ам.долларын алдагдал авчирч болзошгүй гэсэн. Их гүрнүүдийн харилцаа сайжрах хандлага ажиглагдав уу?
-Америк, Хятадын харилцан тарифын энэ байдал Дональд Трампыг ерөнхийлөгчөөс буутал дуусахгүй. АНУ-ын хувьд Трампын нэг талаараа зөв байсан. Хэрвээ бид Америкийн өнцгөөс харвал дотоодын аж үйлдвэрлэл эрхлэгчид суларсан, дотоодын бизнесийн байгууллагууд хумигдсан, эдийн засгийн байдлын хувьд гадаад худалдаанаас маш их хамааралтай болсон байсан. Тэгэхээр Америк бол угаасаа аж үйлдвэржсэн улс байсан учраас энэ байдлыг тавьж өгөхийг хүсэхгүй байна. Хоёрдугаарт, Хүйтэн дайны үед Америк стратегийн гол өрсөлдөгчөө Орос гэж ойлгодог байсан. Харин өнөөдөр Трампын хувьд АНУ-ын стратегийн өрсөлдөгч Орос биш Хятад улс болоод байгаа. Учир нь АНУ 1990-ээд оноос хойш дэлхий дээр Америктай дүйцэх хэмжээний өрсөлдөгчийг төрөн гаргаж болохгүй гэдэг улс төрийн бодлого баримталсан. Тэгэхээр Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөс 2029 онд буулаа гэхэд дараагийн ерөнхийлөгч нь ч гэсэн энэ бодлогыг магадгүй үргэлжлүүлнэ. 
-Өмнөх туршлагуудаас үзвэл их гүрнүүдийн дайны нөлөөнд хэн, юу хамгийн их хохирч эсвэл хождог вэ?
-Хүн төрөлхтний худалдааны дайны түүхийг судлаад үзвэл ихэнхдээ том эдийн засагтай орнууд нь ялдаг, хождог байсан. Гэхдээ одоо дэлхий илүү глобалчлагдсан, даяаршсан эрин үед амьдарч байгаа учраас энэ худалдааны дайны савлагаа зөвхөн хоёр улсын хооронд биш дэлхийн худалдааны системийг бүхэлд нь савлуулж байгаа. Тийм учраас энэ дайнд нэг ялагч, нэг ялагдагч гэж байхгүй. Бүгд унана эсвэл мандана гэсэн байр суурь дээр байх шиг байна.
-АНУ болон Хятад улс худалдааны дайн хийх нь ОХУ-д ямар нэгэн байдлаар ашигтай байж болох уу?
-АНУ-ын зүгээс гаалийн тарифын эдийн засгийн хатуу бодлого баримтлах нь Хятад, Оросын харилцааг шинэ шатанд гаргахад нөлөөлж байна гэсэн үг. Хэтдээ ОХУ, Хятад улсын харилцаа шинэ шатанд гарч, ирээдүйд дэлхийн геополитикийн нөхцөл байдал барууны болон Америкийн мөн Орос, Хятадын гэсэн ийм хоёр хуваагдмал байдал руу илүү хэлбийх байх.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн